Усаин Болт Монакод уралдана

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Усаин Болт Монакод уралдана

Олимп, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн, Ямайкийн домогт спринтер Усаин Болт 2011 оны тэмцээн, уралдааны хуваарьтаа Монаког багтаажээ. Өнгөрсөн оны сүүлээр хөлөндөө гэмтэл авч, уралдааны талбараас хол байсан тэрбээр 2011 оны эхний уралдаанаа тавдугаар сарын 26-нд Ром хотноо болох Даймонд лигийн цувралаар эхлүүлэх бөгөөд дараа нь долдугаар сарын 8-нд Парист болох Даймонд лигийн ээлжит цувралд мөн уралдах юм. Харин Монакогийн уралдаан долдугаар сарын 22-нд болно. Усаин Болтын тухайд анх удаа Монакогийн талбарт уралдах гэж байгаа нь энэ бөгөөд тэрбээр өөрөө ч “дулаан цаг агаар, хурдан замд дуртай” нэгэн. Монакогийн уулзалт тэмцээний дараа буюу наймдугаар сарын 27-нд Өмнөд Солонгосын Дэгү хотноо хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх учир ганц Усаин Болт гэлтгүй хөнгөн атлетикийн тамирчдын хувьд Монакогийн Даймонд лиг том сорил болох юм.

Өнгөрсөн жилээс эхлэн Даймонд лиг нэрээр зохиогдох болсон IAAF-ын цуврал тэмцээний хүрээнд энэ жил нийт 14 уулзалт тэмцээн болох бөгөөд эхнийх нь тавдугаар сарын 6-нд Катарын Доха хотод болох учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж