Улстөрчдөд чөлөөт хэвлэлийн амыг барих сонирхол л бий

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Улстөрчдөд чөлөөт хэвлэлийн амыг барих сонирхол л бий

“Глоб интернэшнл”  Тө­рийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргалыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Та Мэдээллийн эрх чө­лөөний тухай хуультай болох асуудалд анхаарлаа хандуулдаг хүний нэг. Уг хуулийн төсөл одоо хаана явна вэ?

-Иргэд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу бүх төр­лийн мэдээллийг авах, түгээх, хүлээн авах эрхтэй. Ма­найхан өмнө нь хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө хоёрыг нэг зүйл гэж ойлгодог байсан. Гэвч эдгээр нь тусдаа ойлголт. Бид анх мэдээллийн эрх чөлөөний талаар ярьж эхлэхэд ч энэ асуудалтай тулгарч байсан.  Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь   зөвхөн сэтгүүлчийн эр­хийн тухай асуудал биш юм. Бид анх 2002 оноос Мэ­дээллийн эрх чөлөөний тухай хуулийн төс­лийг боловсруулсан. Ту­хайн үед УИХ-д сууж бай­сан хүмүүс уг хуулийг сэт­гүүл­чийн мэдээлэл олж авах эрхтэй холбоотой хэмээн ойлгож байсан. Харин одоо иргэн бүр төрийн бай­гууллагуудаас мэдээлэл олж авах эрхтэй гэдгээ мэддэг болсон. Уг хуулийн анхны төслийг Хууль зүй, дотоод хэр­гийн яам, төрийн бус бай­гууллагуудын төлөөлөл боловсруулсан. Анхны ху­вилбарыг 2005 онд Засгийн газарт оруулсан боловч буцаасан.

-Ямар шалтгаанаар?

-Бас л зөрүү ойл­голт гар­сан хэрэг. Засгийн газраас “Хэвлэлийн эрх чө­лөөний тухай хуульд өөрч­лөлт оруу­лаад давхар оруулж ир” гэсэн. Дараа нь 2007 онд одоогийн Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн С.Оюун, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил нар өөрсдийн хувилбарыг бо­ловс­руулаад УИХ-д өргөн барьсан. Гэсэн ч одоог хүртэл батлаагүй л байна. Үйл явц удаашраад байхаар нь бид хууль санаачлагчидтай уулз­сан. “Төслөө сайжруулъя” гэ­сэн. Ингээд 2009 онд ажлын хэсэг байгуулсан. Гэвч одоо болтол таг чиг л байна. Явц нь маш удаан байгаа. Гэхдээ хэлэлцэх үйл явц үргэлжилж байгаа л даа.

-Батлахгүй байгаагийн цаана өөр шалтгаан байна уу?

-Би үүнд тийм “мундаг” тайлбар өгч чадахгүй байна. Ерөнхийдөө манай улстөрчдийн хүсэл, эрмэлзэл дутаад байна. Тэдэнд төрийн бай­гууллагын мэдээллийг ил тод болгох сонирхол байхгүй. Магадгүй ашиг сонирхолтой нь зөрчилдөж бай­гаа. Гэтэл зарим хуулийг улс­төрчид хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лийнхэн болон ард иргэдийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн бай­хад амжуулаад баталчихдаг. Улстөрч­дийн гаргадаг нэг ийм жишиг сүү­лийн үед их анзаарагдах болсон. Цагаан сар, наадам, шинэ жил гээд ямар нэгэн баяр ёслолын өмнөх өд­рүүдэд амжуулаад хууль баталдаг зан үйл шүү дээ. Зарим хуулийг 2-3 долоо хоногийн дотор л гэрлийн хурдаар баталдаг. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуулийг яг энэ зарчмаар ба­тал­сан. Уг хуульд “18-аас доош метилийн спирттэй дарс, пиво гээд сог­тууруулах ундааны төрлийн бүтээг­дэхүүнийг хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр сурталчилж болно” гэж заасан байдаг шүү дээ. Энэ нь зарим гишүүний ашиг сонирхолд нийцэж байгаа хэрэг. Харин Мэдээллийн эрх чө­лөөний хуулийг батлах гэхээр зориг нь нэг л хүрэхгүй байна. Тэд ямар нэг шалтгаан хэлдэг. Зарим хуулиуд­тай хамт хэлэлцэнэ гэж хойшлуулдаг.

-Эсвэл хуулийн төсөл нь төрийн бай­гууллагуудын мэдээллийн нууц­тай зөрчилдөөд байгаа юм болов уу?

-Мэдээллийг  хариуцлагатай, нээлт­­тэй болгох хэрэгтэй. Бас зарим мэ­дээллийг хязгаарлах нь ч зөв. Гэхдээ үндсэн хуульд заасан мэдээлэл авах эрхийг хэтрүүлж хязгаарлаж байгаад их учир байна. Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хуулийн заалтын дагуу бүх мэдээлэл хаалттай байгаа. Төрийн нууцын тухай хуулийн жагсаалтад ороогүй мэдээллийг “байгууллагын нууц” гэх шалтгаанаар өгдөггүй байх жишээтэй. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлахгүй байгаагийн бас нэг шалтгаан нь энэ. Ажлын хэсгийн хуралдаанаар “Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа уг хуулийн төслийг хэлэлцье” гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Гэхдээ өнгөрсөн онд эхлээд Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг баталъя гэсэн шийдвэрт хүрсэн.

-Таныхаар одоо иргэд төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ авч чадаж байна уу?

-Төрийн байгууллагууд иргэдэд хамгийн энгийн мэдээллийг ч өгдөг­гүй. Үүнийгээ олон шалтгаанаар тайл­барладаг гэж дээр хэлсэн шүү дээ.  Мэдээллийг хэн нэг даргын ту­­шаа­лаар өгнө гэдэг. Эсвэл маш өндөр үнээр мэдээлэл өгдөг. Олон улсын байгууллагуудын зарчмаар бол “Төрийн байгууллагын мэдээлэл нь ард түмний татварын хөрөнгөөр бий болсон зүйл” юм. Гэтэл татвар төлөгчид эргээд өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй байгаа нь буруу тогтолцоо шүү дээ.

-Төрийн байгууллагуудын мэ­дээл­лийн хэдэн хувь нь нууцын зэрэглэлд багтдаг юм бол. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Судалгаа хийж байсан. Жишээл­бэл, манай улсад одоо мөрдөж байгаа хуулиудын 30 гаруй хувь нь нууцын тухай заалттай байдаг юм. Та бүхэнд ч гэсэн төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг биз дээ.

-Тэгвэл Мэдээллийн эрх чөлөө­ний хуулийг баталснаар ямар үр дүн гарах бол?

-Мэдээлэл ил тод болсноор төрийн албанд байгаа хүнд суртал, зохисгүй үйлдэл, авлига тодорхой хэмжээгээр буурна. Иргэний хүссэн мэдээллийг өгөхгүй байгаа төрийн ажилтанд хариуцлага тооцдог байх ёстой. Одоо бол иргэд зайлшгүй ил тод байх ёстой мэдээллийг ч тэр бүр авч чадахгүй байгаа. Mэдээлэл нууц байгаа болохоор төрийн албанд лобби явагдаад байгаа юм.

-Та мэдээллийн, хэвлэлийн эрх чөлөөний талаар олон жил ярьж байна. Анх Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байх үеийнхээс ахиц дэвшил гарсан зүйл ажиглагдаж байна уу?

-Анх 2001 онд энэ ажлыг эхлүүлж байсан үеийг бодвол тодорхой ахиц гарсан. Гэхдээ бага зэрэг. Бидний хүссэн хэмжээнд биш. Бас түүнийг иргэд хэрхэн ашиглаж байгааг сайн мэдэхгүй байна.

-Яаж ашиглах ёстой юм бэ?

-Авлигатай тэмцэх газар бай­гуулагдсан нь их том дэвшил. Бас авлигын эсрэг хуультай болсон. Тө­рийн албан тушаалтнуудын хө­рөнгө, орлогын мэдүүлгийг нээлт­тэй болгосон. Иргэд төрийн албан тушаалтнуудын өнгөрсөн онд өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ оных­той харьцуулж болно. Ингэс­нээр тухайн албан тушаалтны мэ­дээлэл дээр үндэслэн дүгнэлт хийх боломжтой болно. Төрийн бай­гууллагуудын мэдээлэл ч гэсэн нээлт­тэй болж байгаа. Өөрсдөө ч мэдээллээ ил тод болгохын сайн талыг эхнээсээ мэдэрч эхэлсэн гэж би хувьдаа үзэж байгаа. Хамгийн наад зах нь хардалт, сэрдэлтээс хол байна. Байгууллагынхаа тухай мэ­дээл­лийг ил тод болгосноор олон нийтээс дэмжлэг авч болох юм байна гэдгийг ухамсарлаж эхэлсэн. Ер нь мэдээллийг хав дараад сууж байдаг цаг өнгөрсөн шүү дээ. Энэ хууль гарснаар сэтгүүлчдэд маш их боломжийг нээж өгнө.

-Тухайлбал, ямар ахиц гарах бол?

-Сэтгүүлчдэд ямар нэгэн ноцтой мэдээллийг илрүүлэх боломж ховор байна. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлзүй хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан. Эх сурвалжаас ямар нэг мэдээлэл авсан ч түүнийгээ нотлох боломж нь хомс байгаа. Харин мэдээлэл авах эрхийг нь хуульчилбал ту­хайн мэдээллийн үнэн зөвийг бай­гууллага дээр нь очоод үзчихнэ. Зөв, бурууг нь мэдчихнэ.

-Мэдээлэл олж авах эрх тодор­хой хэмжээгээр дутмаг байгаа  нь үнэн. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөө Монголд яг ямар байна вэ?

-Манай улс Хэвлэлийн эрх чө­лөө­ний тухай хуультай. Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар байна гэдэг дээр олон байгууллага судалгаа хийсэн байдаг. Улстөрчид “Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө байна. Сэтгүүлчид юу дуртайгаа ярьж, бичиж, хийж байна” гэдэг. Гэтэл олон улсын байгууллагын судалгааны дүн үүний эсрэг гардаг. Үнэн хэрэгтээ сэтгүүлчдийн эрх олон хэлбэрээр зөрчигддөг. “Freedom house” олон улсын байгууллагаас жил бүр хэвлэ­лийн эрх чөлөөний индексийг гарга­даг. Тус байгууллагаас гаргасан судал­гаагаар бол манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон. Гэтэл 2000 онд Монгол Улс хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй улсын тоонд ордог бай­сан шүү дээ. Одоо урагшлах биш ухар­чихсан байна гэсэн үг.

-Үүнд юу нөлөөлсөн хэрэг вэ?

-Хууль, эрх зүйн гээд олон шалт­гаан байна. Манай улс 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний ту­хай хуулийг баталж байсан. Мөн 2005 онд Олон нийтийн радио, теле­визийн тухай хуулийг баталсан. Эдгээр хуулиудад мэдээлэл олох, мэ­дээллийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй холбоотой зүйл, заалтууд байдаг. Гэхдээ дийлэн­хийг нь хязгаарласан байдаг юм. Бас төрийн бус байгууллагуудаас мэ­дээ­лэл олж авах боломж нь хязгаар­лагдмал байна.  НҮБ-аас 2000 онд гишүүн орнууддаа гүтгэлэг, доромж­лолтой холбоотой хуулийн зүйл, заалтыг Эрүүгийн тухай хуулиас хасч Иргэний тухай хууль руу шил­жүүлэхийг  уриалсан байдаг. Гэх­дээ одоо сэтгүүлчдэд “Гүтгэлэг, до­ромжлол” гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүрүүлэх гэдэг байдал хэвээр байна. Энэ нь эргээд маш том цензур бий болгодог. Сэтгүүлчид үзэл бод­лоо чөлөөтэй илэрхийлэхээс, Эрүү­гийн хуулиар гэмт хэрэгтэн боло­хоос айдаг. Гэтэл үүнийг нь эрх баригчид ашиглаж байна. Тэгэх тусам цензур бий болдог. Манай улсад сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэдэг албан тушаалтан олон болсон.

-Гэхдээ хэн нэгнийг гүтгэж, до­ром­жилсон тохиолдолд ч сэтгүүлч­дийн буруу биш гэж үү?

-Зөв гэж хэлэхгүй. Тухайн сэт­гүүлч хэн нэгнийг  “Хүн алсан. Энэ хүн их хэмжээний авлига авсан” гэх мэтээр онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн бол өөр хэрэг.

-Хуульд өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй юм уу?
 
-Огт оролдож байгаагүй гэж хэлж болохгүй байна. Нэг оролдлого хийсэн. Хэдэн жилийн өмнө Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байсан. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж, доромжилсон бол” гэдэг заалтын “хэвлэл мэдээлэл” гэдгийг “олон нийтийн өмнө” гэж өөрчилсөн. Тэр үгийг авч хаяснаараа хуулийн заалт огт сайжраагүй. Олны өмнө гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэдгээс огт ялгаагүй.

-Танай байгууллагаас эрүүгийн хэрэгт татагдсан сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа юм бэ?

-Яг одоо манай байгууллага хоёр эмэгтэй сэтгүүлчид холбогдолтой эрүү­гийн хэрэг дээр ажиллаж бай­на. Дорлигжав, Наранхүү нарын нэ­хэмжлэлтэй хэргүүд юм. Бас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Ган­сүхийн нэхэмжлэлтэй сэтгүүлч А.Баа­тархүүгийн хэрэг байна. Өөр нэг хэрэг ч байгаа. Гэхдээ бид түүн дээр ажиллаагүй байгаа. Сүүлийн үед иймэрхүү хандлага их нэмэгдсэн. Энэ нь эргээд бусад сэтгүүлчдэд их халгаатай.

-Дээр дурьдсан сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь буруу хэмээн үзэж байгаа юм уу?

-Өөрийн үзэл, бодлоо чө­лөөтэй     илэрхийлэх нь яавч эрүү­гийн гэмт хэрэг биш. Сэтгүүлчид шүүхэд нэхэмжлэл гаргасан хү­мүүсийн эл­дэв янзын фактыг дэлгэсэн. Гэхдээ нийтлэлдээ “цус сорогч” ч гэх юмуу “увайгүй” гэх үгсийг ашигласан. Сэтгүүлч бүхэн үнэн хэлдэг гэж би хэлэхгүй. Алдаа гаргадаг. Баримтаа шалгахгүй нийтэлдэг. Сэтгэлийн хөдлөлөөр асуудалд ханддаг. Гэхдээ энэ нь ёс зүйн бөгөөд мэргэжлийн алдаанд орно. Сэтгүүлчид алдаа гаргах нь эргээд ноцтой үр дагавар авчирдаг. Хамгийн гол нь улстөрчид иймэрхүү алдаан дээр нь дөрөөлж чөлөөт хэвлэлийн дуу хоолойг  боохыг эрмэлзэж байгаа. Тиймээс ч эдгээр хатуу заалттай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах сонирхол тэдэнд байхгүй байна.

-Уг  хуулиудад өөрчлөлт оруулах асуудалд хэвлэл, мэдээллийн салбараас УИХ-д суусан гишүүн ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Ямар ч дэмжлэг үзүүлдэггүй. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг цөөн тооны гишүүн л дэмжиж, энэ хуулийн ач холбогдлыг ярьж байгаа.

-Таныхаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэн нэгнээс хараат бус байж чадаж байна уу?

-Чадахгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмчлөгчид нь ил тод бус байна. Нэр нөлөө бүхий хүн болгон өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон байна. Нэг ёсондоо хэн нэгний хараат байна гэсэн үг. Сонгууль дөхөж байгаа энэ үед энэ байдал улам идэвхжих нь тодорхой.  Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүндийг өргөх нь сэтгүүлчдээс хамаарна. Үүнийгээ өөрсдөө өөрчлөх хэрэгтэй.

-Та нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Одоогийн байдлаар сэтгүүлчид өөрийн эрх ашигтай холбоотой асуудлаар манай байгууллагад хандаагүй байна” гэсэн байсан.  Одоо байдал ямар байна вэ?

-Нэг үеэ бодвол хандаж байна. Гэхдээ цөөн тооны сэтгүүлч эрх ашиг нь зөрчигдсөнтэй холбоотой асуудлаар ма­найд ханддаг. Албан байгууллага, хэвлэлийн хурлаас хөөгдөөд гарсан сэтгүүлч олон бий. Зарим нь өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг ч мэдэхгүй, тоохгүй байгаа. Сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах талаар ямар нэ­гэн хууль, журам байдаггүйтэй холбоотой.

-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ асуудалд арга хэмжээ авах ёстой юу?

-Сэтгүүлчид уг эвлэлд гишүү­нээр элсч, эрхээ хамгаалуулах эрхтэй байдаг. Гэхдээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэ чиглэлийн ажлыг хэр хийж байгааг би сайн мэдэхгүй байна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж