Нөхөр маань хуримандаа урилгын цагийн дагуу миний бэлдсэн хувцасыг өмсөөд л хүрэлцэн ирсэн
Сангийн сайд Ч.Ганхуягийн гэргий Г.Уянга:
-Юуны өмнө манай сонины хүсэлтийг хүлээн авч цаг гаргасанд уншигчдийнхаа өмнөөс талархал илэрхийлье. Монголын улс төр бизнесийн залуухан, халуухан хос болох танай гэр бүлийн Валентины баярын сониноос яриагаа эхлэхэд таатай байна?
-Баярлалаа.
Хайрын баярын тухайд бид хоёр тэр орой хамтдаа хоол идэж, найз
нартайгаа цагийг өнгөрөөсөн. Ер нь ажаад байхад манайхан сүүлийн үед
ямар нэгэн баяруудыг илүү өргөн цар хүрээтэй их цаг, хөрөнгө зарж
тэмдэглэдэг болоо юу даа. Лалынхны тэмдэглэдэг баяраас бусдыг нь бараг
хөл хөөртэй онцлодог болжээ. Миний хувьд ийм хэв маягт бага зэрэг
шүүмжлэлтэй ханддаг. Залуухан, халуухан хос гэдэг тодорхойлолтын хувьд
бид өөрсдөө залуу, хүүхдүүд маань бага байна. Ажил төрлийн завсараар
олдож байгаа чөлөө заваа аль болох гэр бүл үр хүүхэддээ илүү
өгөөжтэйгээр зарцуулахыг хичээдэг болохоор хүмүүс залуу, халуун гэр бүл
гэж хардаг байж болох юм.
–Өө тань шиг эрх танхил хатагтайн амнаас баяр ёслолыг шүүмжлэх үг гарна гэж огт төсөөлсөнгүй?
-/инээв/.
Би ер нь эрх танхил биш. Намайг айлын ганц охин гэдэг утгаар нь их эрх
дураараа гэж миний найз нөхөд анх хүлээж авах тохиолдол байдаг. Ээжийн
охин, хүний гэргий аль аль талаасаа би тийм дур зоргоороо хүн биш л дээ.
-Валентины өдөр дэд сайдаас таныг сураглахад “Өнөөдөр чинь Валентины өдөр” гээд их харамлангуй байсан л даа. Тэгээд л сүр дуулиантай тэмдэглэх нь гэж бодоод?
-Үгүй
дээ. Үнэхээр тийм сүр дуулиан болоогүй. Тэгсгээд өнгөрсөн. Ер нь заавал
баяр гээд нэг нэгэндээ бэлэг өгөөд байхаасаа илүү амьдралынхаа өдөр бүр
гэр бүлдээ баяр баясгалан инээд хөөр бэлэглэж халуун дулаан уур
амьсгалыг бүрдүүлэх нь илүү гэж нөхөр бид хоёр үздэг.
-Айлын гэргий эр нөхрөө амжилтанд хөтлөгч, ирлэгч, хурцлагч, хамтран зүтгэгч эсвэл халамжлуулагч, хайр хүсэгч гээд олон л янз шинж байдаг. Харин таны хувьд?
-Миний
бодлоор би нөхрийнхөө хамгийн сайн найз нь байж чаддаг. Найз гэдэг утга
нь ямар өргөн цар хүрээтэй, ид шидтэй билээ. Нөхөр маань ч миний
хамгийн дотны найз минь байж чаддаг. Энэ хүрээнд ямар ч эхнэр нөхөр
гэсэн хана хэрэмгүйгээр бүгдийг ойлголцож бие биенээ дэмжиж түшиж
амьдардаг.
–Өнөөдрийг хүртэл ихэнх нь таныг Ганхуягийн модель эхнэр гэж тодотгосоор ирсэн. Харин та бол амьдралдаа загвар үзүүлж байгаагүй гээд байдаг нь хэн нэгэнтэй андуурсных юм болов уу ямар учиртай юм бэ?
-Намайг
яагаад хүмүүс модель гээд байдгийг гайхдаг л даа. Хэвлэлүүдэд бүр топ
модель гээд биччихсэн байхыг нь уншаад нилээн ичсэн л дээ. Би амьдралдаа
тайзан дээр загвар өмсөж үзээгүй. Харин тухайн үеийнхээ загварын тайзны
гоё сайхан эгч нар олны танил бүсгүйчүүдийг хараад “Ямар гоё юм бэ.
Ямар хүмүүс нь ийм гоё загвар өмсөгч байдаг байна аа” гээд бодоод өнгөрч
байснаас загвар өмсөөд алхаж байсан үе байхгүй.
-Энэ тодорхойлолтонд таны нөхөр яаж ханддаг вэ?
-Мэдэхгүй.
Чамайг хүмүүс ингэж байна гэж хэлээд энэ сэдвээр ярилцаж огт үзээгүй юм
байна. Яагаад гэвэл тэр хүн эхнэрээ хэн гэдгийг мэднэ шүү дээ. Гэхдээ
би 2001 онд “Улаанбаатарын мисс” тэмцээнд орж байсан. Энэ нь зөвхөн найз
нарын маань шахалтаар нэг хоногийн өмнө бүртгүүлээд оролцож байсан
санаандгүй шахуу үйл явдал болсон. Би гэрийнхэндээ хэлэлгүй зурагтаар
гарна гэдгийг ч тооцоолоогүй хам хум хувцас бэлдээд оролцож байсан. Маш
олон гоё охидууд өрсөлдөж бараг сарын өмнөөс бэлтгэсэн байсан. Одоо
бараг хэддүгээр байранд орсноо ч санахгүй байна. “Баясгалант сайхан
мисс” гэдэг өргөмжлөлтэй тав зургадугаар байрт шалгарч байсан байхаа.
Магадгүй үүнээс улбаалаад загвар өмсөгч гэж хүмүүс төсөөлдөг болсон
байх. Одоо эргээд бодоход их хөгжилтэй санагддаг.
-Та их европжуу төрхтэй, гадаад төрхөөрөө ч модель гэж хэлэхэд андуурагдахааргүй л дээ?
-Би
цэвэр Монгол. Ээж маань намайг төрүүлэхдээ Германд оюутан байсан.
Үүнийг нь мэддэг хүмүүс нь намайг Герман аавтай гэж ярьдаг. Аав ээж хоёр
маань Монгол. Харамсалтай нь намайг бага байхад тэд маань тусдаа
амьдрах болсон. Би бол эмээгийнхээ гар дээр өссөн эмээгийн охин.
Аавтайгаа төдийлөн ойр өсөөгүй. Европ төрхтэй гэдгийг тухайд аав ээж
хоёрынхоо аль сайныг нь аваад дундаас нь гарсан их азтай хувилбар.
/инээв/.
–Та хотын унаган охин уу? Түрүүн эмээ маань миний амьдралыг үзэх үзлийг суурийг нь их зөв тавьж өгсөн гэж та ярьснаа үргэлжлүүлж болох уу?
-Тиймээ
хотын унаган охин. Эмээтэйгээ хоёулхнаа хамт амьдардаг байсан. Ээж
маань их ажилтай. Надад тэр бүр олдоод бусад хүүхдүүдийн ээжүүд шиг цаг
зараад байж чаддаггүй байсан. Тиймээс би яг эмээгийнхээ хүмүүжлээр
монгол ахуйд их ойр өссөн. Магадгүй цайсаг гээд эмээгээс үлдсэн тэр зан
чанарууд маань одоо ч арилаагүй. Би одоо хүртэл хааяа эмээтэйгээ амьдарч
байсан гэрийнхээ хаалга руу очиж явна гэж зүүдлэдэг. Энэ тухай цааш нь
үргэлжлүүлбэл сэтгэлд их эмзэг байна. Эмээгээсээ хойш ганцаардаж их л
үгүйлдэг байсан.
-Хүний ганц охин ч гэлээ эрх биш гэж та ярьсан. Гэхдээ л ясны, цусны өөрийн гэх зан чанар өдий насалтал таньд мэдрэгддэг л биз дээ?
-Айлын
ганц охин байх хувь тавилангаас надад хамгийн сайн шингэж өгсөн чанар
бол хэнээс ч хараат бус, бие даасан чанар. Ямарваа сонголт шийдвэрийн
өмнө хэн нэгнээс зөвлөгөө тусламж гэж хүлээхээс илүү өөрийнхөөрөө байж
чаддаг. Ээж маань байнгын завгүй амьдралын төлөө тэмцэлтэй их дайчин хүн
учраас над руу хошуу цорвойхоосоо илүү хичээл сурлага юу болж байна
гэхчилэн насанд хүрсэн хүний хэмжээнд хариуцлагатайгаар ханддаг байсан.
Тухайн үед би хүүхдийн гэнэн сэтгэхүйгээр гомдох үе байсан л даа. Одоо
бол ээж минь намайг хат суулгаж хамгийн зөв хүмүүжүүлжээ гэж боддог. “Чи
яаж байна. Яахав ийхэв” гэхээсээ илүү “Чи ингэх ёстой” гэж чиглүүлж
зөвлөдөг байсан нь Уянга гэх хувь хүнийг илүү төлөвшүүлсэн. Хүмүүс
намайг гаднаас маань яаж дүгнэдэгийг мэдэхгүй. Би хувьдаа их энгийн
нээлттэй гэж өөрийгөө боддог. Хүн надад яаж хандана тэр хэмжээнд нь
элэгсэг харилцаж сайхан инээгээд өнгөрөхийг хүсдэг. Хүний амьдрал
богинохон. Аль болох тайван байхыг хичээдэг. Хэн нэгэн намайг
бухимдуулсан ч гэсэн инээмсэглээд л өнгөрдөг. Хүлээцтэй өнгөрүүлсний
дараа зарим нь уучлалт гуйх, болж өнгөрсөнийг тайлбарлах гэж оролддог нь
энэ зангийн маань олзуурхууштай тал юм болов уу.
-Банкир, одоогийн дэд сайд Ч.Ганхуяг таны амьдралд анх ямар тохиолдлоор орж ирж нүдэнд чинь тусч сэтгэлд чинь бууж байсныг дурсаач?
-Хамгийн
анх уу? Миний нүдэнд маш эрч хүчтэй, хөгжилтэй, нилээн шударга залуу
гэсэн сэтгэгдэл төрүүлсэн нь надад их таалагдсан. Хамгийн түрүүнд хүний
их сайн найз байж чадах хүн байна гэж бодсон л доо. Бид хоёр анх
ойлголцож чаддаг сайхан найзууд байсан л даа. Надад бол Ганхуяг хувь хүн
нь их сонирхолтой эр хүн санагддаг байлаа. Дараа нь хувийн амьдралд нь
асуудал гарч найз бүсгүй, найз залуугийн хэмжээнд харилцаа үүссэн.
-Сонирхолтой түүх байна? Тэр таниас бэргэж байсан болов уу?
-Үгүй байх аа. Үгүй гэж бодож байна. Миний тод санаж байгаагаар намайг их шулуухан охин байсан гэж одоо дурсдаг.
-Хувийн амьдралд нь асуудал гарсан, дараа нь таньд хувь заяагаа холбох товчхондоо гэрлэх санал тавихад та цочир хүлээж авсан уу?
-Хариулмааргүй байна. Яагаад гэвэл өмнөх амьдралд нь эмзэг тусч магадгүй.
-Ойлгож байнаа. Тэгвэл хурим ярьвал татгалзахгүй биз дээ?
-Бид хоёр хамт амьдраад 5 жилийн дараа хуримаа хийсэн. Нэг хүү маань гарчихсан. Дараагийнх нь гэдсэнд байсан.
-Дөрвүүлээ хуримласан гэсэн үг үү?
-Тийм
ээ. Бүгд зургуулаа хуримаа хийсэн. Ерөөсөө сарын өмнө хуримын тов
гаргаад маш хурдан хугацаанд бүгдийг хийсэн ч хуримын өдөр бол миний
амьдралд тохиолдсон хамгийн сайхан өдрүүдийн нэг. Тэр өдрийг нөхөр маань
надад бэлэглэсэн гэж боддог.
-Хэвлэлд гарсан зургаас харахад хувцасны сонголтууд нь мэдрэмж илтгэж байсан. Тэр нь таных уу?
-Бүгдийг
би өөрөө сонгосон. Яг үнэнийг хэлэхэд нөхөр маань хуримандаа урилгын
цагийн дагуу миний бэлдсэн хувцаснуудыг зөв зохистойгоор нь өмсөөд зочин
шиг ирсэн./инээв/. Хуримын бэлтгэлд миний найзууд, зохион байгуулах
компани гээд маш сайн баг найдвартай ар тал ажилласан. Урлах эрдэм,
Торго салон, мөн гадаадаас гээд уламжлалт гурван төрлийн гоёл сонгож
өмссөн.
-Хуримандаа зочилдог эр хүн гэхээр та ч нөхрөө их тааваар нь байлгаж эрхлүүлдэг эхнэр байна даа?
-Нэг
их эрхлүүлдэг нь ч юу юм бэ. Яг тэр үеэр Монголд гадны 500-гаад зочид
чуулсан олон улсын маш том хурал болоод нөхөр маань голлох үүрэгтэй
ажилласан. Энэ хурлын яг маргааш нь хурим маань болж таараад хойш тавьж
болохгүй ажилтай байсан. Тиймээс би ганцхан нөхрөө эрхлүүлээд байдаг юм
биш л дээ. Бид хоёр энэ талдаа ер нь тэгш эрхийн зарчимтай гэх үү дээ.
-Хэдэн жилийн өмнө дэд сайд надад “Би эхнэрээ орой болгон баярлуулдаг” гэж ярилцлага өгч байсан. Та уншаад инээсэн үү, ичсэн үү?
-/инээв/.
Яг энэ үгийг нь уншаад инээд хүрсэн л дээ. Гэхдээ агуулга нь бол ямар
нэгэн тэмдэглэлт баяраар эхнэрээ баярлуулахаас илүү амьдралынхаа хором
бүхэнд баярлуулдаг гэсэн утга санаа байсан. Энэ нь үнэн л дээ. Би нөхрөө
амьдралынхаа төлөө ямар хэмжээнд зүтгэж ямар завгүй ажилладгийг мэднэ.
Ойлгодог. Гэхдээ энэ бүх ажлын ачаалал проблемыг орой гэрийнхээ хаалганы
ард үлдээж нүүр дүүрэн инээмсэглэлээр тэвэрч үнсээд гэртээ орж ирж
чаддаг нь маш том бэлэг. Бид хоёр тэр ярилцлагаас өмнө энэ сэдвээр яг
ярилцаж байсан. Чи бол бидний бэлэг. Эрт ирвэл бүгд аз жаргалтай байдаг
гэж би тоглоом шоглоомоор хэлж байсныг нөхөр маань ярьсан байсан.
-Банкираас одоо төрийн сайд болоод танай амьдралд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Надад
бол ямар ч ялгаа мэдэгдэхгүй. Нөхөр маань нөгөө л цагийн хуваариараа
эртлэн гарч орой ирээд л. Гаднаас нь хөндлөнгийн нүдээр харахад илүү их
уншиж байгаа юм болов уу. Түүнээс өөрөөр хувийн амьдрал, нөхрийн маань
зан чанарт өөрчлөлт гарсангүй.
-Гэр бүлийг амжилттай бүрэн бүтэн авч явахад эхнэр хүнээс их ухаан, тэвчээр, зүтгэл шаарддаг гэж олон эмэгтэйчүүд ярьдаг л даа?
-Тийм
ээ. Санал нэг байна. Хорвоогийн айлын эхнэрүүдийн жаргал зовлон адилхан
шүү дээ. Даргын эхнэр, жолоочийн эхнэр өөр гэж би боддоггүй. Ямар ч гэр
бүлийн амгалан амьдрал үр хүүхдийн инээд, эр нөхрийн амжилт бүгд л ээж
хүнээс, эхнэр хүнээс тодорхой хэмжээнд шалтгаалдаг. Энэ бүхний үнэ цэнэ
эмэгтэй хүний ухаалаг, хүлээцтэй амьдралыг бодитоор харах чадвараар
хэмжигдэнэ. Ямар ч тохиолдолд түрүүлж дуугарахаасаа өмнө хэдхэн секунд
тунгааж бодоод ярьж байвал тайвнаар асуудлыг шийдэж өөртөө ч өрөөлд ч
илүү амар аргаар ойлголцоно. Уурлаж уцаарлах, уйлж гоморхохоосоо илүү
эмэгтэй хүн маш тайван байж гэр бүлээ амар амгалан амьдрах нөхцөлийг
бүрдүүлж өгөх ёстой.
–Таны нөхөр таниар бахархаж, таниар гоёх дуртай. Томоохон хүлээн авалт, олныг хамарсан арга хэмжээнүүдэд дэд сайд ингэж харагддаг?
-Эхнэрээрээ
гоёх дуртай гэж бодогддоггүй юмаа. Зарим нэг арга хэмжээнд нь би хамт
явмааргүй байсан ч гэсэн бидний хамтдаа байх хугацаа их богино гэдгийг
бодохоор аргагүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ордог. Манай нөхөр
гадагшаа томилолтоор явахад сардаа дөрөвхөн хоногийг гэртээ өнгөрүүлсэн
үе ч бий. Тиймээс хамт байх хугацаагаа аль болох аз жаргалтай, халуун
дулаанаар өнгөрүүлэх боломж бололцоог алдмааргүй байдаг. Биднийг хамтдаа
явж байхад хэн яаж харж байна гэдгийг нэг их асуудал болгоод байдаггүй.
Хүн миний тухай юу гэж бодож байгаад би огтхон ч санаа зовдоггүй.
Яагаад гэвэл би хэнд ч муу юм хийдэггүй. Аль болох бусдын төлөө бага
боловч тустай зүйл хийхийг санаж сэдэхийг хичээдэг.
-Хосуудыг илүү ойртуулж байдаг зүйл бол хол ойр байх гэж найруулагч И.Нямгаваа гуай ярьсан байдаг л даа. Яагаад гэвэл нууц амраг гээчийг амьдралдаа гаргаж ирэхгүй байх арга байна уу гэсэн асуултын хариуд. Үүнтэй та санал нийлэх үү?
-/инээв/. Магадгүй. Сайхан хариулт байна.
-Таныг өнгөлөг бас дэгжин харагдуулахын тулд дэд сайдыг гар татдаггүй мэднэ. Та үгүйсгэхгүй биз дээ?
-Намайг
гоёоход гэдэг утгаараа биш л дээ. Ямар ч эр хүн үр хүүхэд хань
ижлийнхээ амьдралын хэрэгцээг хангаад хүн шиг авч явахыг хичээдэг байх.
Манай нөхөр ч гэсэн бусдын адил гэр бүлээ сайн сайхан амьдруулжь улс
орондоо ихийг бүтээх гэж ажиллаж хөдөлмөрлөж яваа. Манай нөхөр надад
ямар ч баяр ёслол болоогүй байхад сайхан цэцэг аваад ороод ирэх
жишээтэй. Аз жаргалтай байлгах гэж хичээдэг оролдлого зүтгэл нь намайг
чимж, инээд хөөртэй сэтгэл хангалуун харагдуулдаг байх. Түүнээс өөрөөр
тийм эд материалаар хангадаг ийм юм авахуулдаг хэрэглээгээр миний аз
жаргал хэмжигдэхгүй. Би өөрөө ч энгийн зантай, хувцаслалтандаа ч тийм
зарчим баримтладаг. Зарим тохиолдолд гял цал бэлэг сэлтээс илүү нөхрийн
маань өгч байгаа хайр халамж, сэтгэлийн нөмөр нөөлөг намайг их чимж
гэрэлтүүлдэг жаргалтай байлгадаг болов уу.
-Нью-Иоркт Swarovski-ийн дуудлага худалдаанаас үнэ цохиж таньд гоёлын даашинз авч байхыг нь нүдээр харсны хувьд асууж байна л даа?
-Энэ
асуултанд хариулахгүй. Дэмий байхаа. Хүн ер нь үнэ цэнэтэй бэлэгнээс
илүү хэн ч анзаарамгүй аахар шаахар юманд их баярладаг шүү дээ. Бид хоёр
бие биендээ баярлах нь их амархандаа.
-“Мак”-ын Нямтайширын охин, Гацууртын О.Чинбатын охин гээд таны найз нөхдийн хүрээлэлийг захаас нь би гадарлах юм. Хүнийг найз нөхдөөр нь шинж гэдэгчилэн та нөхөрлөлийг ямраар зүйрлэх вэ?
-Эрэгтэй,
эмэгтэй олон сайхан найз нөхөд бий. Гэхдээ би тэр бүр найз нартаа цаг
гаргаад байдаг хүн биш л дээ. Зүрх сэтгэл санаа оноо нийлж бие биеэсээ
хэрэгтэй мэдээлэл авч чаддаг. Энергиэ солилцдог хүрээлэл гэж би
ойлгодог. Зорилгоор бий болгосон нөхөрлөлийн харилцаа байхгүй. Би найз
нөхдөө ямар компанитай, хэдий хэрийн өв залгамжилдагаар нь дүгнэдэггүй.
Санаа сэтгэл холбодог найзууд л гэж би тодорхойлно.
-Гэр бүлийг дандаа л нэгт тавиад байна гэж юу байхав. Таны энэ гоолиг бие, гоо сайхандаа тавих анхаарал өөртөө бол цаг завыг хангалттай зардагыг илтгэж байна?
-Эмэгтэй
хүн гоё сайхан, эрүүл энх байхын тулд ингэж амьдрах ёстой гэж
мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгч чадахгүй л дээ. Эрүүл амьдралын тухай
номнуудыг сонирхож уншиж байсан л даа. Би бол ямар ч байсан хөдөлгөөнтэй
спортын аль нэг төрлөөр долоо хоногт 2 удаа хичээллэх сонирхолтой
байдаг. Эмэгтэй хүн аз жаргалтай сайхан харагдах тал дээр сэтгэл санаа
өөдрөг амьдралдаа сэтгэл хангалуун байгаа тохиолдолд үзэсгэлэнтэй
харагддаг. Тиймээс дуртай зүйлдээ цаг гаргаж чаддаг тайван амьдрал илүү
чухал.
-Дөрвөн хүүтэй дэд сайдынх шингэн дуутай охинтой болох төлөвлөгөө мэдээж байгаа байх?
-Яг одоогоор төлөвлөсөн юм алга. Юу болохыг хэн мэдэхэв. Харж л байя. Бурхан хэзээ бэлгээ илгээх нь үү?/инээв/.
-Хөл бөмбөгийн багтай хүн тэдэнтэйгээ бужигнаж өгдөг биз дээ?
-Хэдий
их ажилтай байсан ч гэсэн тэдэндээ цаг заваа зарж чаддаг хамгийн сайн
аав гэж би хэлнэ. Миний нөхрөөс илүү үр хүүхэддээ халамжтай аав энэ
хорвоо дээр байхгүй гэж хааяа бодогддог. Дөрвийн дөрвөн хүүдээ аав нь
хүн байхыг л сургадаг. Чи өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх ёстой гэж
боловсролд нь илүү хөрөнгө оруулалт хийхийг бид хоёр хичээдэг. Өөрсдийнх
нь хүсэл сонирхол бас чухал л даа. Одоо ч бас балчир байгаа ч бага
гэлтгүй хүүхдүүдтэйгээ ярилцаж чаддаг нээлттэй аав учраас ойлголцож
чаддаг. Ер нь аав гэхээсээ илүү сайн найз шиг нь байдаг юм.
-Сангийн дэд сайдын өрхийн төсөв мэдээж таны гарт байх. Ер нь мөнгөнд хандах таны үнэлэмжийг сонсмоор байна?
-Өрхийн
төсөв мэдээж надад байх нь ойлгомжтой. Миний бодлоор мөнгө бол хүний
өөрийн хөдөлмөрийн үр шим, хэрэглээ болохоос амьдралын утга учир биш.
Хичнээн ч их мөнгөтэй байсан нэг өдрийн дотор хийсээд явчихыг хэн байг
гэхэв. Хүн мөнгийг амьдралынхаа зорилго болгох хэрэггүй. Ямар нэгэн
хүсэл мөрөөдөлтэй байгаад түүгээрээ хөглөгдөж амьдарвал ямар ч амжилтанд
хүрч чадна. Үүнийг нь дагаад мөнгө өөрөө аяндаа ирдэг юм болов уу гэж
боддог.
-Проблем гарвал эвлэрлийн хонхыг хэн жингэнүүлдэг вэ?
-Би
л юм болов уу даа. Ямарваа нэг асуудал гарвал хоёулаа чимээгүй л
болчихдог. Хэдэн минутын дараа эргээд ярилцахад бүх юмны учир олддог.
Эмэгтэй эрэгтэй хүний үүрэг роль энэ тэнцүү байдаг байх. Миний
баримтладаг зарчим бол хүн юу тарина түүнийгээ хурааж авдаг. Би хариу
нэхэхгүйгээр зүгээр л хүмүүст өгөх дуртай. Нөхрөө би хайрлаж байж хайрыг
нь хүртэнэ үү гэхээс чи намайг хайрлах ёстой гэж хүсээд тулгаад
шаардаад байх хамгийн утгагүй зүйл.
-Дэд сайд сүрчиг үнэртүүлсэн дэгжин залуу. Түүний цамцны цардсан зах, гоёмсог зангиа бүгд л таны халамж биз дээ?
-Миний
хувьд таны тодорхойлолт эсрэгээрээ. Би нөхрийнхөө хувцасны сонголт,
загварт оролцдоггүй. Ер нь манай хүн биеэндээ эвтэйхэн хувцаслах
зарчимыг илүүд үздэг. Маш нямбай, хувийн зохион байгуулалт сайтай хүн
учраас миний гарыг хараад байдаггүй. Сүрчигний хувьд ч гэсэн би өөрт
таалагдсанаа авч бэлэглэнэ үү гэхээс өөрөө хувьдаа нилээд хэмжээний усны
цуглуулгатай. Тэрэндээ дуртай. Ерөнхийдөө гадаад төрх, хувцаслалт
зэргийг надаар заалгаад байхгүй өөрөө зохицуулдаг.