
-Юуны өмнө Монголд тавтай морил.
– Баярлалаа. /монголоор хэлэв/
-Та хэдийн монгол хэл сураад амжсан бололтой?
-Жаахан жаахан мэднэ.
-Монгол орны тухай анх яаж мэдэх болсон бэ?
-Би олон жилийн өмнө Монголын ардын урлагийн уран бүтээлчидтэй Францад танилцсан юм. Монгол ардын уламжлалт хөгжмийг анх сонсоод л дурласан хэрэг л дээ. Магадгүй энэ дэлхий дээрх хамгийн сайхан аялгуутай хөгжим.
-Монголын ардын урлаг юугаараа таны сонирхлыг татсан бэ?
-Би монгол ардын дуу хөгжмийн төрлүүдийг сонсч үзсэн. Тэр дундаа уртын дуу, морин хуур үнэхээр гайхалтай. Би морин хуураар хуурдаж сурч байгаа. Нүүдэлчин ард түмний хөгжим өөр ямар ч хөгжимтэй адилгүй байдаг. Гэхдээ төстэй зүйлүүд бас бий. Францын уламжлалт хөгжимд ч нүүдэлчдийн хөгжмимтэй адил зүйлүүд байдаг.
-Таны морин хуурын багш хэн бэ?
-Леон хотод амьдардаг монгол хүн бий.
-Таныг Монголд Кармен дуурийг удирдахаар ирсэн гэж сонслоо?
-Би Монголд дөрөв дэх удаагаа “Кармен” дуурийг удирдахаар ирж байна. Гэхдээ хүүхдүүдэд зориулж тавьж байгаа нь хоёр дах удаа. Бид үүнийг “жижиг Кармен” гэж нэрлэдэг. Утга санаа нь өөрчлөгдөөгүй ч хүүхдүүдэд зориулж хөгжмийн найруулгыг нь бага зэрэг хасч өөрчилсөн. Дуурийн тоглолтын үеэр оркестр яаманд байрладаг бол энэ удаа оркестр тайзан дээр байрлах болохоор хүүхдүүдэд илүү таалагдана гэж бодож байна.
-Та Карменыг дөрөв дэх удаагаа ирж удирдах гэж байна гэлээ. Таны хамгийн дуртай дуурь бололтой?
-Би бүх дууриудад дуртай ч “Кармен”-д илүү дуртай. Дуурь том жижиг гэдэгтээ биш, гайхамшигтай хөгжимдөө байдаг.
-“Кармен” дуурийн хөгжмийг сонсоход нэг тийм халуун цустай хүний эрч хүч мэдрэгддэг?
-Зөвхөн “Кармен”-д ч биш бүх л дуурьд эрч хүчтэй, бас намуухан зөөлөн хөгжимтэй хэсэг байдаг. Намуухан хэсэг нь аз жаргал баяр хөөрийг илэрхийлдэг. Дуурь үхэл амьдралыг зөв ухаарахад тусалдаг.
-Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллах танд ямар санагдаж байна?
-Монгол хөгжимчид уран бүтээлчид дэлхийн аль ч орны уран бүтээлчдээс ур чадвараар дутахгүй. Би монголд найм дах удаагаа ирж байна. Би монголд ирэхдээ үргэлж баяртай байдаг.
-Та голдуу хүүхдэд зориулж дуурийн тоглолт тавьдаг. Цаашид хүүхдэд зориулсан ямар уран бүтээл хийх бодолтой байгаа вэ?
-Олон зүйл төлөвлөж байгаа. Хүүхдүүд театрын ирээдүйн үзэгчид шүү дээ. “Увидаст лимбэ”, “Сивилийн үсчин” хоёр дуурийг хүүхдэд зориулж тавих бодолтой. Монголын хүүхдүүдэд зориулж дэлхийн өөр аль ч тайзан дээр тавьж байгаагүй дуурийн театрын тухай тоглолт тавихыг би маш их хүсч байна. Би Монголд байн байн ирдэг нь үүнтэй холбоотой. Гурван жилийн өмнөөс би “Улаан хөшиг” нэртэй тоглолт тавихаар төлөвлөсөн. Энэ бол монгол хүүхдүүдийн тухай дуурь. Харин хоёр гурван жилийн дараа “Үзэсгэлэнт Эллен” гэдэг зохиолоос сэдэвлэсэн хөгжилтэй дуурийг хүүхэд, насанд хүрэгчдэд зориулан хоёр янзаар найруулан тавих юм.
-“Улаан хөшиг” бүтээл дуурь уу, эсвэл балет байх уу? Монгол хүүхдүүд анхны үзэгчид болох уу?
-Хамгийн анхны үзэгчид байх болно.
-Дөрвөн жилийн хугацаанд манай уран бүтээлчдийн ур чадвар хэр их өөрчлөгдөж байгаа вэ?
-Монголын уран бүтээлчид маш чадварлаг. Өмнө нь ч ийм байсан. Миний Монголд ирсэн шалтгаан бол тэдний ур чадварыг сайжруулах гэж биш Европоос шинэ санаа авчирах, найзалж нөхөрлөхийн тулд ирсэн. Миний энд ирсэн гол зорилго бол хүүхдүүдэд зориулсан дуурь тавих.
-Та Монголд өөрийнхөө зардлаар ирдэг. Ямар нэгэн бэрхшээл гардаг уу?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ би энд бэрхшээл яримааргүй байна. Тэр асуудлаа би Элчин сайдын яамныхантай л ярина. /инээв/
-Монгол үзэгчид хэр соёлтой вэ? Бусад орныхонтой харьцуулаад хэлэхэд?
-Би 32 орноор очиж тоглож байсан. Зөвхөн Монголд ч биш, бүх газарт соёлгүй үзэгчид байдаг. Бичигдээгүй хууль гэмээр л байдаг. Европ, Америкад тоглолтын үеэр нэг л хүн чимээ гаргавал хөөгөөд гаргадаг. Утасны чимээ ч гаргаж болохгүй. Ялангуяа Францад бол нэг л удаа чимээ гаргасан хүн дахин орох боломжгүй болдог. Энд нэг зүйл заавал байх ёстой. Энэ бол хүндлэл. Хөгжимчид уран бүтээлчдийг хүндлэх. Удирдаач дохиураа дохиод хөгжим эхэлсэн л бол хэн ч орох эрхгүй. Энэ байдлыг ор үндэсгүй арилгахгүй л бол уран бүтээлчдийг мохоож орхидог. Түүнээс гадна монгол үзэгчид удирдаач гарч ирэхэд алга ташдаггүй нь ажиглагдсан. Надад бол хамаагүй л дээ. Заримдаа удирдаач өөрөө алга ташилтыг эхлүүлэх тохиолдол байдаг.
-Хүүхдүүд ганц хором зүгээр суух нь ховор шүү дээ. Харин Францад яадаг вэ? Адилхан уу?
-Францад хүүхэд томчуудад зориулсан тоглолт тус тусдаа байдаг. Хүүхдүүдэд зориулсан богино хэмжээний дуурь ердөө нэг цаг хорин минут байдаг тул хүүхэд анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Хэрэв хүүхдэд гурван цагийн дуурь үзүүлвэл зүгээр суухгүй нь мэдээж. Ингэж томчууд хүүхдүүдийг холихоор хоёр том бэрхшээл гарна. Томчууд дахин тоглолт үзэхгүй, харин хүүхдүүд залхана. Тиймээс л би энэ байдлыг арилгах гэж Монголд ирсэн.
-Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн тоглолт чинь юу вэ ?
-“Кармен” дуурийн үеэр “Миний Кармен” гэж дуулахад би нэг удаа уйлж байсан. Хөгжимчид намайг яагаад уйлаад байгаан гэж асууж байсан. Харин орчуулагч маань “Манай удирдаач маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн” гэж тайлбарлаж байсан юм. /инээв/
-Хөгжимчид бас ингэж сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаг гэж үү?
Дуучид уйлах тохиолдол байдаг. Дуурийн тоглолтын үеэр ийм зүйл байнга гардаг. Равеллийн дуурийг тоглох үед хөгжимчдийн сэтгэл маш их хөдөлсөн байсан.
-Баярлалаа. Монгол хүүхдүүдэд зориулж тоглолт тавих гэж байгаад талархаж байна. “Кармен” тоглолтын үеэр уулзацгаая. Бид хамгийн түрүүнд алга ташна аа.