
Чингис хаан зочид буудалд ноолуурын боловсруулах үйлдвэр эрхлэгчид цуглан хятадаас ноолуураа хамгаалах төрийн бодлогын шийдэлд саналаа өгөхөөр чууллаа. Хурлын шийд ямар гарсныг мэдэхгүй ч засгийн газарт самнасан ноолуур экспортлохыг хориглох, эсвэл дааж давашгүй татвар ноогдуулахыг зөвлөсөн протокол бичих нь ойлгомжтой юм. Хятадаас ноолуураа хамгаалах нь зөв л байх л даа, хэрэвээ тэд ноолуурын дайсан бол шүү дээ. Харин өрсөлдөөний өнцгөөс асуудлыг тавьж байгаа бол арай өөр гаргалгаа гарч ирнэ.
За яахав цуглагсдын хүсэлтээр шийдвэр гараад хориг тавигдлаа гэж төсөөлье. Үр дүнд нь ноолуур боловсруулан цамц үйлдвэрлэгчид хямд түүхий эдтэй болно, үгүй ядахдаа түүхий эдийн үнийг удирдахад оролцоод, ноолуур авсан хятадуудыг телевизүүдээр гаргаж Монголын дайсан болгох юм биз. Хямд түүхий эдтэй болоод авна гэдэг наад зах нь энэ жилдээ л боловсруулах дамжлага нь муусайн хятадуудаас илүү ашигтай ажиллана гэсэн үг. Гэхдээ энэ ашиг нь хувцаснаас олдог ашиг биш шүү, энэ бол дундын дамжлагын л ашиг. Үнэндээ Европчууд Монголын ноолууран цамцыг өмсдөг ч Монгол шошго өмсдөггүй юм. Тэд дэлгүүрийн лангуунаас өөрсдийн таньдаг шошготой, шилдэг загвартай хувцасыг л авдаг. Манай үйлдвэрлэгчид дангаараа тэдний үнээр, тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй юм. Өндөр зэрэглэлийн олонд танигдсан брэндүүд өөрсдөө загвараа зохиогоод Монголд захиалж үйлдвэрлүүлээд самнасан ноолууртай яг ижил зарчмаар буюу граммаар үнэлэн авдаг. Энэ нь Монголын ноолуурын үйлдвэрлэл гэдэг нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч биш гэдгийг нотолдог.
Тэгвэл энд чуулаад байгаа хэд маань ямаа өсгөж байгаа малчидаас юугаараа илүү юм, түүхий ноолуурыг самнах боловсруулалт хийгээд гаргаж байгаа компаниудаас юугаараа ялгаатай юм. Өрсөлдөх чадварын үүднээс хандвал тэд бол ноолуурын кластерийн нэг л оролцогчид, сонирхлын нэг л бүлгийн төлөөлөл билээ.
Өөрийн биеийг дөвийлгөн хэлэхэд сүүлийн зургаан жил эдийн засгийн судалгааны ажил хийхдээ Хятадын засгийн газрын бүтцэд Монголын ноолуурын салбарыг унагах зорилготой бүтэц олж үзээгүй, ер нь дэлхийн хаана ч ийм бүтэцтэй засгийн газартай улс орон байхгүй. Үүгээр түүхий ноолуурын зах зээлд оролцож байгаа гадны, магадгүй хятадын бизнесүүдийн оролцоо, нөлөөлөл их байгааг үгүйсгэх гээгүй. Энэ нь салбарын бизнес эрхлэгчдэд төдийгүй, сонирхогчийн түвшинд харсан хэний ч нүдэнд ил байгаа зүйл.
Гэвч эдийн засгийн бодлогыг тодорхойлохдоо хөнгөн хуумгай хандвал муу үр нь хожим гарах бөгөөд, эдийн засгийн харицлаан дахь олон хүчин зүйлсийн улмаас ялган харах боломж олгодоггүй тул асуудал хүндэрсэн хойно нь олж илрүүлэх нь элбэг. Иймийн тул урьдчилан анхааруулах үүднээс энэхүү ерөнхий таамаглалыг дэвшүүлж байгаа юм.
Ноолуур бол манай эдийн засгийн гол салбаруудын нэг гэдэгтэй маргашгүй. Тэр ч бүү хэл дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох боломж бидэнд бий. Өнөөдөр Монголын ноолуур боловсруулах зах зээлийн томоохон оролцогчид болох Говь, Гоёо, Буян, Алтай зэрэг компаниудын гол стратеги түүхий эдээ хамгаалах бодлогод чиглэгдэж байна. Энэ бодлого нь хятадын түүхий эдийн бизнес эрхлэгчид ноолуурын үнийг өсгөх замаар тэдний өрсөлдөх чадварыг сулруулж байна гэсэн таамгаас үүдэлтэй.
Эндээс яагаад Хятад компаниуд өндөр үнээр аваад ашигтай ажиллаж байхад Монгол компаниуд өрсөлдөж чадахгүй байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Монгол компаниуд хавар ноолуур нөөцлөхөд зориулсан бага хүүтэй зээл олгох талаар асуудал дэвшүүлж байсныг санаж байна. Гэвч энэ нь асуудлын үр дүнтэй тэмцэх гэж оролдож байгаа хэрэг юм. Учир нь өрсөлдөөний нөгөө талд нь бүтэн кластер байгаа хэрэг. Хятадын ноолуурын кластер Монголын нэг компани даахааргүй эрсдлийг зах зээл дээр зохиомлоор бий болгох боломж бүрдүүлжээ. Тэд бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажилласаны ачаар үйлдвэрлэлийн зардал буурч, хамтын хариуцлагаа өндөржүүлсэний үр дүнд эрсдлийг салбар дундаа хуваарилах механизм бий болгосон. Тэр ч бүү хэл эцсийн бүтээгдэхүүний зах зээл дээрх үнийн өрсөлдөөн үгүй болж, дэлхийн зах зээл дээрх ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гол тоглогчийн байрыг эзэллээ.
Хятадын ноолуурын кластерийн түүхий эдийн чанарт онцгой анхаарсаар ирсэн. Даймонд нэртэй цагаан ямаа үржүүлэн онцлог бүхий түүхий эдтэй болох оролдлого хийж байна. Мөн гол өрсөлдөгч болох Монголын түүхий ноолуурын зах зээлд нөлөөлж, боловсруулах салбарын өсөлтийг хязгаарлах оролдлого хийж байна. Тэд дундын сангаас их хэмжээний мөнгө гарган түүхий ноолуур худалдан авах, хадгалах ажлыг зохион байгуулж үйлдвэрлэлийн хэвийн ажиллах нөхцлийг хангахын зэрэгцээ өрсөлдөгчдөө түүхий эдийн дутагдалтай байдалд оруулж байна. Өнгөрсөн жил Хятадын ноолуурын кластерийн олон улсын зах зээлд гаргасан хамгийн содон дуу хоолой бол Монголын бэлчээрийн мал аж ахуйн сүргийн бүтэц алдагдсанаас ноолуурын чанар муудаж байгаа мэдээлэл байлаа.
Гэхдээ энэ бүхэн нь хятадын засгийн газрын хийж байгаа үйлдэл биш, энэ бол хятадын ноолуурын кластерийн хийж байгаа стратегийн үйлдэл. Харин бид үүнийг Хятад цустай хутган ойлгоод үзэн ядах хандлагаар хандаж, Засгийн газрын хориглох бодлогыг хүсэмжилж байна. Бид өрсөлдөгчид байж чадна, бидэнд харьцангуй давуу тал байна. Гэхдээ хязгаарлах бодлогоор биш, жинхэнэ өрсөлдөгчийн сэтгэл зүйтэйгээр асуудалд хандаж байж өрсөлдөж чадна. Бид эцэг эхийн хайр халамж хүссэн өнчин хүүхдийн сэтгэлгээгээр биш дэлхийн зах зээлийг удирдаж чадна гэсэн амбицтай байж л өрсөлдөж чадах билээ.
Монгол ноолуурын чанарыг сайжруулахын тулд ямааны үүлдэр,угшлыг судалж шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого гарган эрүүл сүргийг бий болгох хэрэгтэй. Энэ нь салбарын хэмжээнд түүхий эдийн нөөц чанарыг сайжруулах боломж олгоно. Мэдээж ийм бодлогыг хэрэгжүүлэхийн тулд малчдын орлого нь түүхий эдийн чанараар хэмжигддэг, өрсөлдөхүйц үнийн түвшинд байх шаардлага гарна.
Мөн үндэсний хэмжээнд суурилагдсан боловсруулах хүчин чадал түүхийн ноолуурын гарцад уялдан илүү зардалгүй болохыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь компаниуд түүхий эдээ цуглуулахаас эхлээд цамц, ороолт хийх хүртэлх бүх дамжлагыг хийх гэж оролдох биш харин тодорхой түвшний боловсруулалт хийх чиглэлээр төрөлжсөн тохиолдолд биелэлээ олно.
Эцэст нь өртгийн сүлжээний хамгийн сүүлчийн хэсэг болох маркетинг, брэндчилэлээр өрсөлдөх чадвартай болох ёстой. Үнэндээ бид ноолууран бүтээгдэхүүний өртгийн сүлжээний хамгийн их ашиг бий болдог эцсийн дамжлагыг бий болгоогүй л байгаа. Одоо хятадын компаниуд барууны нэр хүнд бүхий хувцасны салонуудыг худалдан авах, шууд хөрөнгө оруулалт хийхэд онцгой анхаарч байгааг хэлэхэд илүүдэхгүй биз.
Эдгээр алхамыг хийхэд хамгийн чухал хүчин зүйл бол өртгийн сүлжээнд оролцож байгаа бүх сонирхлын бүлгүүдийн эрх ашгийн тэнцвэртэй байдлыг бий болгон явдал юм. Энд судалгаа шинжилгээний болон бизнесийн үйл ажиллагааг дэмждэг, зөвлөх салбарын байгууллагуудыг ч оруулж ойлгох хэрэгтэй.
Харин шууд хориглох, татвар нэмэхийг шаардсан хандлага чинь асуудлын үр дүнтэй нь тэмцэж байгаа хүүхдийн гэмээр гэнэн сэтгэлгээ шүү гэдгийг сануулмаар байна. Өрсөлдөөнд давуу тал олж авахын тулд Монголын ноолуурын кластерийн зураглал гарган, нарийвчлан судлахын зэрэгцээ, урт хугацааны өрсөлдөх давуу тал олж авах, бэхжүүлэхэд чиглэгдсэн стратеги гарган, кластерийн бүх оролцогчдод нээлттэй ижил нөхцөл олгосон тогтолцоог бий болгох хэрэгтэй. Товчхондоо бол ноолуурын кластерийг бий болгох шаардлагатай. Тэр үед л бид дэлхийг Монгол ноолуураар гоёх болно.