Жүдочид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Жүдочид эх орондоо ирлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны Европын цуврал тэмцээнүүдэд оролцсон Монголын жүдочид өнөөдөр өглөө нутагтаа хөл тавилаа. Нэгдүгээр сарын дундуур болсон жин, жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан Азербайжаны Бакуд болж, “World Masters”-аас шинэ оны гараагаа эхлүүлсэн жүдочид залгуулаад Парисын “Их дуулга”, Будапешт болон Обервартад болсон “Дэлхийн цом”, Дюссельдорфын гран-при, эцэст нь Варшав болон Прагт “Дэлхийн цом”-д зодоглож, хоёр сар орчим үргэлжилсэн Европын “тулаан”-аа тун амжилттай өндөрлүүлээд эх орондоо ирж байгаа нь энэ юм.

Шинэ оны анхны тулаан болох Бакугийн “World Masters”-т дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар аваргын алтан медаль хүртсэн бол дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Бундмаа эмэгтэйчүүдийн 52 кг-д, Б.Тэмүүлэн -100 кг-д хүрэл медалийн эзэн болсон билээ. Бакугийн татамид аваргатай болсон жүдочид тэндээсээ шууд Францыг зорьж, бага дэлхийн аварга гэгддэг Парисын “Их дуулга”-д зодоглосон. Орон орны 500 гаруй шилдэг жүдочид өрсөлдсөн тус тэмцээнд М.Бундмаа аваргын алтан медалийн тавцанд гарч, олимпийн аварга Н.Түвшинбаяр мөнгөн медаль зүүснээр монголчууд багаараа 79 орноос дөрөвдүгээр байрт шалгарав. Жүдочдын буурал тив дэх дараагийн тулаан нь Унгар болон Австрид болж, эрэгтэйчүүд Будапештэд, харин эмэгтэйчүүдийн Оберварт хотноо “Дэлхийн цом”-д зодоглосон. Энэ удаад Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар Будапештийн татамид аваргын төлөө хүч үзэж, олимпийн аварга илүүрхсэнээр -100 кг-д алт, мөнгөн медаль монголчуудынх болсон. Харин эмэгтэйчүүдээс -48 кг-д М.Уранцэцэг мөнгөн медалийн эзэн болсон юм. “Дэлхийн цом”-ыг дуусгаад жүдочид Германд очиж, Дюссельдорфын гран-прид барилдсан бөгөөд ОУХМ П.Лхамдэгд аваргын алтан медаль хүртэж, улмаар ирэх долоо хоногт нь Прагт болсон “Дэлхийн цом”-оос дахин алтан медаль зүүсэн билээ. 2009 оны Универсиад наадамд аваргалснаас хойш олон улсын тавцанд төдий л амжилт гаргаагүй П.Лхамдэгдийн хувьд Европын цуврал тэмцээнээс аваргын алтан медаль ихэрлүүлсэн нь бахдам амжилт юм. Өнөөдөр түүнийг угтаж авахаар П.Лхамдэгдийн гэр бүлийнхэн “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байлаа. Жүдочдын онгоц 06.55 цагт газардсан бөгөөд П.Лхамдэгдийн ээж “Үүрээр таван цагаас хойш охиноо хүлээгээд сууж байна” гэсээр хадаг, сүү барин угтаж авсан юм.


Энэ үеэр ОУХМ П.Лхамдэгдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Баяр хүргэе. Универсиад наадмаас хойш медалийн тавцанд гараагүй байсан та Европын цувралаас алтан медаль ихэрлүүлэн хүртээд ирлээ. Сэтгэгдлээ хуваалцаач.

-Баярлалаа. Амжилттай барилдсандаа үнэхээр их баяртай байна.

-Олон тэмцээнд залгуулаад тасралтгүй барилдахад хэр байна? Их ядарсан байх?

-Мэдээж ядралгүй яахав. Ядарснаа одоо л мэдэрч байна. Гэхдээ бас гайгүй ээ, хамгийн гол нь амжилт гаргасандаа баяртай байгаа.

-Өрсөлдөгчид хэр байв? Тив, дэлхийн медальтай шилдэг бөхчүүдийг яллаа шүү дээ?

-Ер нь бүгд л хүчтэй өрсөлдөгчид байсан. Өөртөө итгэлтэй, ялна гэсэн итгэл дүүрэн барилдсан.

-Дараагийн зорилго?

-Долоо хоногийн дараа улсын аварга эхлэх гэж байна. Мэдээж улсынхаа аваргад амжилттай оролцохыг хичээнэ. Дараа нь гуравдугаар сарын 18-нд Франц руу явж, тэндхийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Тэгээд Азийн аваргад барилдана даа.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж