2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн байна. Тэдэнд өнгөрсөн онд Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар “Төрийн албан хаагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч хяналтын шатандаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан юм. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын тушаалаар уг хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж хэргийн зүйлчлэлийг нь өөрчилсан билээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294-ийн 2- буюу “Эрх мэдлээ урвуулан ашиглах, хэтрүүлэх, хэрэгжүүлэхгүй байх” гэсэн зүйлчлэлээр хэрэгт татсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Албаны эх сурвалжийн мэдээллээр уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч сэжигтэн, яллагдагчид хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлсэн байна. Сануулахад уг хэрэгт нэмж 2008 онд Эргүүл хамгаалалтын газар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболд, хурандаа н.Мягмаржав, тусгай үүрэг гүйцэтгэгч н.Мандах, хошууч н.Мөнхбат, их эмч н.Тунгалаг нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэдний зарим нь хүнийг санаатай алсан гэмт хэрэгт буруутгаж байгаа. Тухайлбал одоогоос гурван жилийн өмнө Эргүүл хамгаалалтын газар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболдод хүнийг санаатай алсан гэх зүйлчлэлээр хэрэгт татжээ.
Н.Түвшин