Хятад сэтгүүлчдийг гомдоож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.04-нд нийтлэгдсэн

Хятад сэтгүүлчдийг гомдоож байна

Хятадын эрх баригчид араб ертөнцийн үймээнээс сургамж авч тийм зүйлийг нутаг орондоо гаргуулахгүйн тулд авч байгаа арга хэмжээнийхээ хүрээнд гадаадын сурвалжлагчдын ажиллах журмыг чангатгажээ.

Энэ тухай The Wall Street Journal сонин гадаадын сурвалжлагч нарын ажиллах нөхцөл 2008 оны олимпиадын өмнөх төвшинд хүрлээ гэсэн байв. Сонины мэдээл­лийн дагуу хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд цагдаагийн газраас заавар гаргасан. Уг заа­варт олон нийтийн эсэргүүцэл гарч байгаа Бээжин, Шанхайн  үйл явдлын талаар мэдээлэхийг сурвалжлагчдад хориглосон бай­лаа. Эсвэл тэд цагдаагийн газраас тусгай зөвшөөрөл авахаар болжээ.

БНХАУ-ын Гадаад яам хориг тогтоосон ийм үйлдлийг няцааж байгаа юм. Тус яамны төлөөлөгч Зен Юй мэдэгдэхдээ төв төвшинд сэтгүүлчдийн ажиллах заавар хэвээр үлдсэн гэв. Ярилцлага авлаа гэхэд тэр хүнээс нь буюу байгууллагаас нь зөвшөөрөл авсан байх ёстойг тэрбээр тодотгоод муж, аймгийн засаг захиргаа нь гадаадын сурвалжлагчидтай ажиллах өөрсдийн журмыг гаргаж болно гэв.

Журмыг мөрдүүлэх орон нутгийн цагдаагийнхан тэр болгон эелдэг байдаггүй гэнэ. Зарим сэтгүүлчид нь азтай. Тухайлбал,  The Wall Street Journal сонины сурвалжлагчийг Шанхайн цагдаа­гийн газар дуудан Хуанпу дүүргийн захиргааны шийдвэр байгаа гээд Ард түмний талбай ба Peace Cinema кинотеатрын хажууд болж байгаа жагсаал цуглааны талаар мэдээлэхгүй байхыг хичээнгүйлэн гуйжээ. Цагдаагийнхан түүнд одоо энэ дүүрэг сэтгүүлчдэд хаалттай гэж тайлбарласан гэнэ.
Уг сонины Бээжин дэх сурвалжлагч ийм хориг, хязгаар­лалтай бас тулгарсан байна. Тэд­ний зарим “үзэг нэгтнүүд” нь “хориотой газар орох гэж яваад өнгөрсөн бүтэн сайн өдөр баригдан саатуулагдан зарим нь зодуулсан байлаа. Тэдний тоонд Bloomberg-ийн сурвалжлагч оржээ. “2008 оны олимпиадаас хойш гадаадын сэтгүүлчдэд гаргасан хамгийн ноцтой түрэмгийлэл нь энэ боллоо”  хэмээн The Wall Street Journal сонинд Сэтгүүлчдийг хамгаалах Америкийн товчооны (CPJ) Азийн зохицуулагч Боб Дитц мэдэгдэв. Эдгээр үйлдэл нь Хятадын коммунист намын нэр хүндэд харшилснаас гадна намын удирдлага нь сөрөг хүчнээс айж буйг гэрчилсэн хэрэг хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

Хэвлэлийнхний ажилд хяз­гаар­лалт хийсэн нь гадаад орнуудын албаны хүмүүсийн ан­хаар­лыг татлаа. БНХАУ-д суугаа Америкийн элчин бөгөөд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай Жон Хантсмен эрх нь зөрчигдсөн хэд хэдэн сэтгүүлчтэй уулзсан гэж мэдэгдэв. Хятадын хууль хяналтын байгууллагынхан байж боломгүй түгшүүртэй араншин харууллаа гэж Элчин сайд онцолжээ. “Хятадын эрх баригчид ажлаа хийж байгаа гадаадын сэтгүүлчдийн эд хөрөнгийг хам­гаалж, аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй байгаад миний сэтгэл дундуур байна” хэмээн Хантсмен мэдэгдлээ. Хятадад суугаа Европын холбооны төлөөлөгчид ч иймэрхүү мэдэгдэл  хийжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж