Авлигын эсрэг
хуульд зааснаар төрийн албан хаагчид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 15-ны өдөр мэдүүлэх ёстой билээ. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийн нэгдсэн дүн гуравдугаар сарын 1-ний өдөр гарчээ. Өнгөрсөн жил Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн арав гаруй хүнд хариуцлага тооцжээ. Тухайлбал нийслэлийн
Баянгол дүүргийн татварын байцаагч Ж.Туяацэцэг, Дорнод аймаг дахь гаалийн газрын
байцаагч Г.Болортуяа нар мэдүүлгээ гаргаагүй бол Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Баянгол дүүргийн Засаг
дарга Л.Амгалан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, НМХГ-ын улсын байцаагч Ц.Нямдорж, улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар,
МХЕГ-ын улсын байцаагч Ц.Бор нарын 10 гаруй хүн худал мэдүүлснийг АТГ
илрүүлсэн байна. Энэ
жилийн хувьд улсын хэмжээнд энэ жил нийт 56 мянга 832 албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлэхээс 56 мянга 763 хүн хуульд заасан хугацаандаа
ХОМ мэдүүлгээ гаргасан байна.
Харин 69 албан хаагч санаатай
болон хүндэтгэх шалтгааны улмаас мэдүүлгээ өгөөгүй. Дээрх 69 хүний найм нь төрийн албан тушаалтан, 61
нь аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгч байна. Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгийн нэгтгэсэн дүнгийн талаар тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн
ахлах ажилтан М.Энх-Амараас тодрууллаа.
-Төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас
хөрөнгө орлогоо мэдүүлээгүй хүн бий юу, огт мэдүүлэг гаргахгүй гэсэн албан хаагч байна уу?
– Хөрөнгө орлогоо мэдүүлэхээс татгалсан хоёр төрийн албан хаагч бий.
Тухайлбал, Булган аймгийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч н.Хишигбаяр хөрөнгө орлогоо мэдүүлэхээс санаатай татгалзсан. Харин төрийн өндөр дээд албан тушаалтан 269 хүн бүгд хуулийн хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгсөн .
-Энэ жил хөрөнгө орлогоо мэдүүлээгүй 69 албан хаагчид ямар
хариуцлага оногдуулах вэ?
-Хуульд зааснаар
санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох ёстой юм. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн
арвангуравдугаар зүйлийн13.5-д зааснаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй эсхүл санаатай худал мэдүүлсэн тохиодолд түүнийг албан тушаалаас нь огцоруулах, түтгэлзүүлэх, халан үндэслэл
болно” гэсэн заалт бий. Эл
хуулийн дагуу хариуцлага тооцно. Гэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас цаг тухайд нь хөрөнгө орлогоо мэдүүлээгүй албан хаагчдын талаар
судалгаа хийж байна. Шалтгааныг нь тогтооно. Хэрэв хууль зөрчин хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн эсхүл шалтгаангүй орлогоо мэдүүлэхээс татгалзсан бол ажлаас халах, түтгэлзүүлэх хүртэл хариуцлага тооцно.
Н.Түвшин