
Грекийн Засгийн газраас улсынхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Шигшээ тоглолтод мөнхийн өрсөлдөгчид болох “Олимпиакос” болон “Панатинайкос” багууд шалгараад байгаа аж. Тиймээс хоёр багийн хөгжөөн дэмжигчдийн мөргөлдөөнөөс сэргийлж, ийм шийдвэр гаргасан гэнэ. Уг шийдвэр өнөөдөр гарсан ч шинэ өдрийг зарлаагүй. Тус шийдвэрт хоёрдугаар сарын 19-нд хөлбөмбөгийн тоглолтын үеэр болсон эмх замбараагүй байдал шууд нөлөөлсөн аж. Мөргөлдөөн гаргасан хөгжөөн дэмжигчдийнхээ улмаас “Олимпиакос” баг 192 мянган ам.доллараар торгуулсан бөгөөд нэг тоглолтыг хөгжөөн дэмжигчгүй хийх шийтгэл хүлээсэн байна. Засгийн газрын спортын яамны ерөнхий нарийн бичгийн дарга Панос Битсаксис энэ байдлын талаар “Цомын шигшээ тоглолтыг цуцалж байгаа нь иргэдийнхээ аюулгүй байдал, цаашлаад нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилготой” гэжээ. Харин Грекийн сагсан бөмбөгийн холбоо уг шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа гэнэ. Холбооны тэргүүн Жиоржиос Вассилакопоулус “Харамсалтай нь, хориглох тусам эмх замбарагүй байдал их гарна. Тэгэхээр арай өөр байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй байх” гэсэн мэдэгдэл хийжээ.
Грекийн хамгийн алдартай хоёр клуб олон төрлийн спортоор ширүүн өрсөлддөг бөгөөд олон ч удаа иймэрхүү мөргөөлдөөн гарч байсан билээ. Хоёр клубын эмэгтэй воллейболлчдын 2007 онд болсон тоглолтын дараа хэдэн зуун хүнийг хамарсан мөргөлдөөн үүсч, улмаар 25 настай нэгэн залуу толгой тус газраа цохиулсны улмаас нас барж байжээ.
Score Studio