Автобус, таксины зогсоол барина

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Автобус, таксины зогсоол барина

Нийслэлийн Засаг даргын  155 дугаар захирамжын дагуу Улаанбаатар хотын автобусны эцсийн зарим зогсоолыг энэ онд иж бүрэн тохижуулахаар болсон билээ. Үүнд нийт 800 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 84 эцсийн буудал байдгаас эхний ээлжинд Улиастай, Ботаник, Шар хад, Халдвартын эмнэлэг, Зайсан, Баянхошууны эцсийн 10 буудлыг энэ онд багтааж тохижуулах юм байна. Уг ажлыг Нийслэлийн ЗДТГ-аас Нийтийн тээврийн газарт хариуцуулан өгсөн. Улмаар нэг буудлыг стандартын дагуу тохижуулж, жолооч, кон­дукторуудын ажиллах нөхцөлийг хангахад 80 сая төгрөг шаардлагатай гэх тооцоог  тус газраас гаргажээ. Энэхүү тооцоог автобусны эцсийн буудалд байх ёстой байгууламж болох эргэх талбай, мэдээллийн самбар, буудлын саравч, сандал, хогийн савнаас авахуулаад цагдаа, диспетчерийн байр, цайны газар, бие засах газар зэргийг иж бүрнээр нь шийдэхээр төлөвлөж гаргасан байна.

Нийслэлд энэ онд найман газарт таксины буудал барих шийдвэрийг ч нийслэлийн Засаг дарга гаргасан. Эдгээрээс зургааг нь түр зогсоолын зориулалтаар барих бөгөөд жолооч зорчигч авах, буулгах зэрэг үйлдлийг уг зогсоолууд дээр хийж болох юм байна. Холбогдох албаныхны хэлснээр 32-ын тойрог, арванзургадугаар хороолол, Сонсголон зэрэг газарт түр зогсоол барина. Харин Долоон буудал, Барилгачдын талбайд байгуулах байнгын зогсоолуудыг автобусны эцсийн зогсоолтой адил жолооч нарын амрах нөхцөлийг иж бүрэн хангахуйц барина хэмээн Нийтийн тээврийн газрынхан хэлэв. Таксины түр болон байнгын зогсоол барихад нийт 200 сая төгрөг зарцуулах юм байна.

Дээрх ажлуудыг  нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх  юм. Нийслэлийн ЗДТГ-аас энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгаагүй гэж үзэж байгаа. Улмаар хөрөнгийн эх үүсвэрийг ямар нэгэн аргаар олно гэдгээ ч хэлсэн.  Ямартай ч нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр автобусны эцсийн зогсоол, буудлуудтай  биеч¬лэн танилцсаны эцэст уг шийд¬вэрийг гаргасан болохоор нийслэлд автобусны зогсоолыг шинэчлэх, таксины зогсоол шинээр барих явдал зайлшгүй шаардлагатай байгаа бололтой. Харин нийт нэг тэрбум төгрөг зарцуулах уг бүтээн байгуулалтад иргэд олон талын байр сууринаас хандаж байгаа аж. Тэд “Автобусны эцсийн зогсоолыг шинэчилж болох юм. Харин хаана байгаа газраасаа такси барьчихдаг нийслэлчүүдэд зориулалтын  зогсоол хэрэг байна уу. Таксинд суух гээд зогсоол руу явж байдаг хүн төдийлөн гарахгүй болов уу” гэх хариултыг өгч байлаа.

Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд автобусны эцсийн зогсоол тохижуулах, таксины зогсоол байгуулах ажлыг хийхээр болсон. Санхүүжилтийг нь бүрэн шийдсэн үү? 
-Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр буюу нийт нэг тэрбум төг­рөгийг төсөвт суулгасан.

-Барилгын ажил нь хэзээ эхлэх вэ. Нийтийн тээврийн газраас үүнтэй холбоотой ямар ажил хийж байна?
-Автобусны эцсийн буудал, таксины зогсоол барих барилгын ажил удахгүй эхлэх байх. Энэ онд багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Зураг, төслийг холбогдох байгууллагууд нь хийж байгаа. Мөн зогсоол, буудал барих газарт хөрсний шинжилгээ хийх, геологийн дүгнэлт гаргах ажлуудыг зохих журмын дагуу хийж эхэллээ. Дүн нь удахгүй гарна. Эдгээрийг бэлэн болсны дараа барилгын ажлыг гүйцэтгэх компаниудыг сонгон шалгаруулах тендер зарлах юм. Нээлттэй тендер зарлах учир тавьж буй нөхцөлийг хангах компаниуд оролцож болно.

-Зарим хүн таксины зогсоол барих ажилд 200 сая төгрөг төсөвлөж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Иргэд “Таксинд суухын тулд буудал руу явах хүн цөөн” гэж үзэж байгаа юм билээ?
-Уг шийдвэрийг нийслэлийн Засаг дарга зэрэг холбогдох албаны хүмүүс шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр гаргасан. Нийслэлд сүүлийн жилүүдэд автомашины тоо нэмэгдэж байгаа. Мөн нийтийн тээвэрт үйлчилдэг таксины тоо ч нэмэгдэх хандлагатай. Тиймээс байнгын болон түр зогсоол барих зайлшгүй шаардлага бий.

Сэтгүүлч Т.Урангэрэл           Зохиогчийн эрх: Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж