Монголд Матрёшка ”амилсан” нь

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Монголд Матрёшка ”амилсан” нь

Модон матрёшка амилж, бүр зүүдлэв гэнэ. Тэгмэгцээ хэн хэзээ хийж өгсөн юм бүү мэд, хоёр хөл дээрээ хээв­нэгхэн алхдаг болжээ. Мань матрёшкатай хамгийн түрүүнд тааралдсан эрхэм нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болж таарав. Модон хүүхэлдэй гэ­нэт сахилгагүйтэж, аваргыг “онгойлгож” үзсэн гэж байгаа юм. Аймшигтай! Гэтэл яасан гээч. Эрхэм гишүүний дотроос Д.Одхүү, Р.Раш, З.Энхболд нар өндөр, намаараа, эрэмбэ, эрэмбээрээ гарч ирцгээжээ… Энэ бол онигоо. УИХ-ын гишүүн Д.Очирбат нэ­гэн нэвтрүүлгийн үеэр сонир­хуул­сан хөгжилтэй жишээ.

Монголд “матрёшка” олон бий. МАХН хэмээх товч­лолоос үүдэж, манай, танай­даа тултлаа хагаралдсан Ар­дын нам болон МАХН-д “матрёшка” бүр ч их. А даргын дотроос Б дарга, Б даргын дотроос В дарга гэхмэтчилэн явж өгнө. МАХН хэмээх туг барьсан хэсэг нөхөд Ардын намаас салан тусгаарласныг эс тооцвол нам, намаас мэндэлсэн “матрёшка” намууд ч энд, тэнд эрээвэр, хураавар хэлбэрээр оршин тогтнож байна. Харин 90 жилийн түүхт эрх баригч хүчнээс хэдэн “матрёшка” бий болж, Н.Багабанди, Н.Энх­баяр, С.Баяр тэргүүтэн хэч­нээн “матрёшка” төрүүлснийг тоолж баршгүй. Хамгийн сонирхолтой нь улс төрийн тавцнаа үг, үйлдлээр сөргөл­дөж буй тэд бүгд нэг нэгнийхээ дотроос гарч ирсэн биелсэн дүрт “матрёшканууд”. Тэр ч атугай “Хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ” гэж ам тангараг тавьж байсан Ардчилсан намынхныг ч аргандаа оруулж, том “матрёшка” дотор хав дар­сан шидтэй эрхмүүд тэдний дунд бий.

Харамсалтай нь Ардчилсан намынхан wikileaks шиг байж амжсангүй. Товчхондоо, ов­жин байж чадсангүй. Том “матрёшканууд” Ардын нам ба МАХН болон хуваагдчихаад байхад дотроос нь сэргэлэнтэж гарч ирж зүрхлээгүй учраас тэр. Тэгсэн бол Ассанж шиг Ар­дын нам, МАХН-ынхны до­тоод нууцыг нийтэд дэлгэж, сөрөг хүчний суудлаа эргэж эзлэн ард түмнээс ихээхэн оноо авах байсан ч юм билүү. Тэгэлгүй хоорондоо тэрсэлдэж байх зуур Ардчилсан намаас мэндэлсэн элдэв төрхт “матрёшканууд” гуравдагч хүчний тугаа захиалчихаад хүлээж сууна. Хэдэн жилийн дараа тэд хэдэн “матрёшка” төрүүлчихсэн байхыг хэн ч таашгүй. Харин Ардчилсан намынхныг айж, шийрэгнэсээр байтал Ассанж алдаршиж, wikileaks-ийг Нобелийн шаг­налд санал болгочихож. Гэвч Ассанж хэний дотроос гарч ирсэн “матрёшка” юм бол доо.

Тоймч С.Баттулга           Зохиогчийн эрх: Улс төрийн тойм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж