Монголын ногоон намд юу болоод байнаа ? Танай намын зарим хуучин
нөхдүүд, та нар албан тушаалаа булаацалдаад байгаа юмаа даа гэж сүүлийн
өдрүүдэд хүмүүс надаас их асууж байна.
Мэдээж бидний хооронд олон асуудал байгаа. Гэхдээ ТВ-ээр гарч буй
хэвлэлийн хурлууд, даргаа огцрууллаа гэх мэдэгдлүүд, “Онц их хурал”,
сонин дээрх дайралтууд бол үйл явцын өнгөн талын дүр зураг бөгөөд бидний
далд зөрчлийн хаялга нь л юм болов уу гэж би бодож байна.
Бидний хооронд үндсэндээ 2 суурь зөрчил байх шиг.
Эхнийх нь бидний амьдрах аргын ялгаанаас үүдсэн зөрчил. Өнөөдөр МНН-д
үе солигдох үйл явц өрнөж байна. Улс төрийн ямар ч идэвхигүй, унтаа
байдалд намаа 17 жил байлгаж, зөвхөн “сонгуулийн ченж” хэлбэрээр
амьдралаа залгуулж байсан намын хуучин дарга нарт бүрэлдэж буй шинэ улс
төрийн хүчинд орох газар улам хомс болж байгаагаас тэд давчдаж байна.
Огт идэвхгүй боловч намуудын сонгуулийн жагсаалтад 3-т бичигддэг
намын том дарга нар сонгуулийн үеээр нэлээд мөнгө хийж чаддаг. Тэд нэр
дэвшүүлэхээс гадна Монгол улсын сонгуулийн тойргуудад гишүүн,
ажиглагчаар өөрийн “амьгүй албат” нарын нэрийг олноор бичүүлж,
сонгуулийн үед уг суудлаа бусад намын нэр дэвшигч нарт зарж чаддаг.
Миний ажигласнаар нэг тийм суудал 1-5 сая төгрөгийн үнэ хүрдэг бөгөөд
Монгол улсын хэмжээнд сонгуулийн 1500 гаруй тойрог байдгийг тооцвол энэ
нь тэдний багагүй орлогын эх үүсвэр болно. Үүнийг улс төрчид сайн мэднэ.
Энэ бол манай өнөөгийн мөнгөний сонгуулийн тогтолцооны ердийн нэг хэсэг
билээ.
Мөн Ногоон намд том дарга байх бас нэг чухал зүйл бол дэлхийн байгаль
хамгаалах олон зуун жижиг төслүүд, хурал цуглааны цөөнд ч хамаагүй
оролцож, дэлхийн ногоон нам, хөдөлгөөнүүдээс хандив авч, зардал мөнгөө
даалгаж, түүнийхээ хүрээнд өөрийн жижиг бизнесийг эрхлэх боломж нэлээд
байдагтай холбоотой. Зарим нэг хуучин дарга нар намынхаа олон улсын
хамтын ажиллагааг “хувийн” эзэмшлийн бүсээ болгож, намын гишүүддээ ч
хэлдэггүй орлогын нууц сувгаа болгон хадгалсаар ирсэн гэж хэлэхэд
үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.
Бид тэдний энэ замаар явахыг хүсэхгүй байна. Бид өөр замаар явж,
зарчимтай, эрүүл улс төрийн хүчийг байгуулахыг хүсч байна. Тиймд бид
тэдэнтэй зөрчилдөх л болно.
Дараагийн, магадгүй бидний хоорондын хамгийн том зөрчил бол бидний үзэл бодлын ялгаанаас үүдэн гарч байгаа бололтой.
Хэдэн жилийн өмнө, манай нэг нэртэй хуульч намайг Монголын ногоон
намыг сонгож гишүүнээр элсэхээр шийдсэнийг минь сонсоод “Танайхан чинь
уулын мод, улс төр хоёроо ялгадаггүй нөхдүүд шүү дээ. Хэцүү л юмтай тулж
дээ” гэж хэлж билээ. Одоо эргээд санахад, тэр бол Ногоон намын өнөөгийн
зөрчлийн мөн чанарыг тун эртнээс харж хэлсэн үг байжээ.
Манай ногоон намын хуучин гишүүдийн олонх нь байгаль дэлхийдээ тун
хайртай, итгэл үнэмшлийнхээ төлөө хэцүү бэрхийг ч туулахад бэлэн улсууд.
Гэхдээ бидний дунд улам л олон мод тариад байвал, уул усандаа хүн
оруулахгүй байвал, уул уурхайг бүрэн хорьчихвол, ан огт хийлгэхгүй
байвал байгаль маань онгон дагшнаараа үлдэж ногоон намын зорилго бүрэн
биелнэ гэж үзэх хүн цөөнгүй. Байгальдаа зөв амьдарч, түүнийхээ үр шимийг
зохистойгоор хүртэж буй хүн л нутаг усаа хамгаалж, түүнийхээ сайн эзэн
байж чаддаг өнөөгийн нийгмийн тогтолцоог хүн бүр тэр бүр олж хардаггүй.
Өнөөдөр Монголд байгаль хамгаалах чиглэлээр 500 гаруй ТББ ажиллаж
байна. Ердөө сүүлийн хэдхэн жилийн дотор хэдэн зуун иргэний
байгууллагууд, олон арван эсэргүүцлийн хөдөлгөөнүүд үүсч, нийгмийн
амьдралд улам нөлөөтэй болж байна. Байгаль хамгаалах иргэний
байгууллагуудын тоо цаашид ч улам олширох болно. Харин яагаад ийм
олноороо ?
Мэдээж дэлхий даяар тэлж буй ногоон үзэл санаа, үйл явцын тусгал,
нөлөө энд их бий байх. Гэхдээ, миний бодлоор, дээрх өсөлтөд сүүлийн
жилүүдэд явуулсан Монголын төрийн алдаатай бодлого, түүнээс үүдсэн
байгаль орчин, нутаг усны их бохирдол, эвдэн сүйтгэл илүү их холбоотой
болов уу. Үүнийг монголын иргэд бид бүгдээрээ харж, санаа зовж,
эсэргүүцэж, засан сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ямар нэгэн
өөрчлөлт хийхийг хүсч байна.
Харин бид өнөөгийн үйлдвэрлэл, хотжилт, эдийн засгийн хуучин
бодлогуудыг өөрчлөхгүйгээр байгалиа хамгаалж, эрүүл орчноо хадгалж чадах
уу ?
“Хүрэн” гэгдэх өнөөгийн хөгжлийн үзэл санаа, түүнд үйлчилсэн хууль
эрх зүйн тогтолцоо, нийгмийн бусад олон харилцааг өөрчлөхгүйгээр байгаль
дэлхийдээ ээлтэй нийгмийг бий болгох боломжтой юу ?
Мэдээж үгүй. Тэр тусмаа нэгэнт болоод өнгөрсөн үйл явдын хойноос
зөвхөн эсэргүүцэн тэмцээд, эсвэл хуучин технологи, эдийн засгийн
өсөлтөөс байгалиа “хашиж хаагаад” хамгаалж үлдэх ямар ч боломж байхгүй.
Үүнд л “цэвэр” байгаль хамгаалах үзлийн сул тал оршдог. Энэ сул талыг
дэлхийн олон орны байгаль хамгаалах хөдөлгөөнүүдийн түүх харуулдаг.
Бид байгалиа хамгаалах хэрэгтэй, улам сайн тэмцэх хэрэгтэй, гэхдээ энэ бүхэн ялалтад хангалттай биш.
Өнөөдөр бид байгаль сүйтгэж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин,
эдийн засаг, нийгмийн тогтолцоог үндсээр нь өөрчилж нийгмээ ногоон
болгох хэцүү боловч сайхан зорилттой тулгарч байна. Зөвхөн үүнийг хийж
байж л бид байгаль дэлхийдээ ээлтэй хөгжлийн замаар нийгэм, эдийн засгаа
хөгжүүлэн явах болно. Ингэж байж л бид Монголдоо сайхан амьдрах
бололцоотой болно.
Харин үүнийг хэн хийх вэ ? Үүнийг зөвхөн ногоон үзэл бодолтой улс
төрийн нам манлайлан хийж чадна. Энэ бол манай өнөөгийн нийгмийн
удирдлагын тогтолцооны зарчим. Нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл, бизнесийн
хөгжлийн өргөн өөрчлөлтийг ТББ, иргэний эсэргүүцлийн хөдөлгөөнүүд
дангаараа хийх боломжгүй.
Байгаль хамгаалах, ногоон байх хоёр нэг үг биш. Ногоон үзэл бол
байгаль хамгаалахаас өргөн ойлголт бөгөөд цар хүрээгээрээ хүний нийгмийн
ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ санаа юм. Ногоон байна гэдэг нь зөвхөн байгаль хамгаалах
өнөөгийн үйлдэл бус, байгальд ээлтэй үйлдвэрлэл технологи хөгжүүлэх, хот
орчин, эрүүл хүнс, эрүүл барилга байшингаас эхлээд хүн бүр өдөр тутмын
үйл ажиллагаагаа байгальд ээлтэйгээр эрхлэх шинэ иргэншлийн тухай ойлголт юм.
Ногоон үзэлтэнгүүд “цэвэр” байгаль хамгаалагчдаас бас нэг ялгарах гол
зүйл бол тэд хүмүүсийг болон бизнесийг байгаль хамгаалагч ба байгаль
сүйтгэгч нар гэж баррикадын хоёр талд хуваан хардаггүй. Уул уурхай ч
бай, цахилгаан станц ч бай, ямар ч үйлдвэрлэл аажмаар “ногоорох” ёстой,
үүнийг зөвхөн бид хамтдаа, бизнесийнхэн, эрдэмтэд, иргэд, улс төрчид,
хуульчид хамтдаа, алхам алхамаар хийх ёстой гэж бид хардаг.
Манай намын хуучин дарга нар “Ногоонтнууд улс төр хийх хэрэггүй”,
“Манай нам Парламентэд суудалтай байх албагүй”, “Бид бол байгаль
хамгаалагчид болохоос улс төрчид биш” мэтээр ярьж байгаа нь Монголын
ногоон намын үүрэг, нийгмийн хэрэгцээг тун явцуу харж байгаагийн нэг
илрэл юм. Тэдний энэ үзэл баримтлал шинээр өсөн гарч ирж буй Ногоон намд
дэндүү “багадаж” байна.
Ногоон бол ХҮНИЙ нийгмийн хөгжлийн үзэл. Энэ өөрчлөлтийг монгол хүн
бүр оролцож байж, бизнес бүр хамтарч байж хийнэ. Хөгжлийн хөдөлгөгч хүч
бол Засгийн газар биш, том бизнесүүд ч биш, харин монгол ХҮН БҮР байна
гэдэг бол иргэний улс төрийн намын тулгуур үзэл. Үүнийг “иргэн төвтэй”
улс төрийн үзэл ч гэдэг. Хүн өөрөө байхгүй бол, ядуу гуйлгачин байх юм
бол байгаль хамгаалах үзэлд ямар ч тулгуур хүч байхгүй.
“Хүн-байгаль” бол өнөөгийн шинэ ертөнцийн улс төрийн хамгийн хүчтэй
үзлийн нэг болж байна. Дэлхийн хамгийн хүчтэй ногоон нам болох Германы
ногоон намын бүтэн нэр нь “90 оны нэгдэл ба Ногоон нам”. Өөрөөр хэлбэл
тэд хуучин Ногоон нам ба 90 оны иргэний хөдөлгөөнүүдийн нэгдэл билээ.
2010 онд Францын Ногоон нам иргэний хөдөлгөөний лидерүүдийг олноор
элсүүлж, түүний төлөө намынхаа нэрийг хүртэл өөрчилж өнөөдөр Францын улс
төрийн тавцанд маш хурдан асан гарч ирж байна.
Иргэний зориг нам, бидний нэгдлийн үзэл санаа бол энэ бүх хандлагын
бас нэг илрэл. Бид цогц үзэл баримталтай, хууль тогтоох, хэрэгжүүлэх
засаглалд хүчтэй байр суурьтай байж л түүнийгээ хэрэгжүүлэх бололцоотой
болно. Хэрэв бид тэдний хэлж байгаагаар улс төр хийхгүй, бодлогоо
хэрэгжүүлж чадахгүй бол энгийн нэг мартагдсан ногоон сүм л болж хувирна.
Бид амьдрах аргаараа, үзэл баримтлалаараа гүнзгий зөрчилдөж байна.
Гэхдээ үүн дээр тоглох улс төрийн бохир тоглоом эдгээр зөрчлийг улам
гүнзгийрүүлж байна. Үзэл бодлын ялгаа яваандаа арилах бүрэн боломжтой.
Харин байгаль дэлхий, нутаг усаа гэсэн жирийн гишүүдийн итгэл үнэмшил,
үзэл бодлыг ашиглан мөнгөний зөрчлөө шийдэх гэсэн тэдний оролдлогод
шийдэл нэгэнт байхгүй болсон болов уу.