
Найруулагч Н.Болдын найруулгаар эл жүжгийн гол дүр Равжаад ардын жүжигчин П.Цэрэндавга, соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, Дадишуарид соёлын тэргүүний ажилтан Н.Амгалан, Мажигхандад гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Дулдуйтад ардын жүжигчин Д.Самбуу, Цогтзулд гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Эрдэнэ хутагтад гавьяат жүжигчин Г. Мягмарнаран, Манжийн хаанд жүжигчин Г.Эрхэмбаяр болон Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний их найрал дуучид, бүжигчид тогложээ.
МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгой "Үлэмжийн чанар" жүжгийнхээ ноорог дээр "Равжаа хутагт айлдаж, Авидын Шартолгой зохиомжлов" гэжээ. Зохиолч А.Шартолгой тогтмол цуваа номерийн концертоос аль болохоор зайлсхийх, жүжигчдийг драмын жүжгийн харилцан яриа, үйл хөдлөлд давхар хүчийг нь сорих, ур чадварын эрэлхийлэл хийх, нэг загварт хэвшмэл байдалд автахгүй чөлөөт сэтгэлгээгээр өөрсдийгөө нээх боломж олгох зэрэг олон талыг харж энэ сэдвийг сонгоход хүрсэн гэдэг.
Равжаа хутагт одоогийн Өвөрхангай аймгийн нутагт явж байгаад халуун рашаанд орсноос болж харвалт өгч ухаан алдсан гэдэг. Тэгэхэд хамтран зүтгэгч хандмаа нар нь гүрэм засал хийж илааршуулсанд талархаж хүслийн таван жаргаланг хайрлагч бүсгүй хүнийг магтан дуулсан "Үлэмжийн чанар"-аа зохиосон домог гэсэн домог байдаг. "Үлэмжийн чанар"-ыг нэгэнтээ дуулахад "Цагаан дарь эх"-ийг мянгантаа уншсантай тэнцэнэ" гэдэг үг одоо цагт ч хүмүүсийн сэтгэлд хүчтэй нөлөөлдөг. Хамрын хийд Шамбалын төв, Дэмчигийн хийд гээд хутагтын бүтээсэн чандманьласан гурван хийдэд очсон хүн болгон энэ дууг дуулж ёсолдог уламжлал хэдийнээс тогтоод байгаа. Монголчууд аугаа хутагтын энэ гайхамшигт дууг тахилга, наадам цэнгүүн, шинэ гэрийн найр гээд хамгийн хүндэтгэлт ёслолдоо ч өргөн барьдаг. Тэгвэл тэд, энэ дууны үүх түүхийн мөр улбаа, утга чанарыг урлагийн тайзан дээр толилуулж олон түмэндээ үзүүлэхийг зорьжээ.