Д.Ганзориг: Эрхээ авсны дараа олимпийн тухай ярья

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Д.Ганзориг: Эрхээ авсны дараа олимпийн тухай ярья

Монголын ширэн бээлийтнүүд гурван жилийн өмнө олимпийн аваргатай болж байсан. Харин хоёр жилийн өмнө мөн л боксын спортын анхны дэлхийн аварга төрлөө. Дэлхийд нэрээ цуурайтуулсан эдгээр тамирчдад боксын “А” үсэг заасан багш нь саяхан гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Д.Ганзориг. Бээжингийн олимпоос хойш түүнийг хүн бүр аваргуудын багш хэмээн хүндэлдэг болсон юм. Долоо хоногийн өмнө гавьяат цол хүртсэн дасгалжуулагч Д.Ганзоригтой ярилцлаа.

-Гавьяат цол авснаас тань хойш уулзаагүй юм байна. Улсын аварга болох гээд завгүй байв уу?

-Тийм ээ. Энэ он манай тамирчдын хувьд хамгийн өндөр ачаалалтай, бас хариуцлагатай жил болохоор хүн амьтантай уулзах цаг зав тун бага байлаа. Найз нөхөдтэйгээ ч тухтай уулзаагүй л явна. Ер нь манай холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн жил бүрийн гурван сард болдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Харин яг үүний өмнө шагнал авч таарлаа.

-Боксын холбоо ид бужигналдаж, амьсгаа дээгүүр байгаа үеэр гавьяат боллоо. Холбооныхон сандарсан байх даа?

-Тэд намайг бодвол бэлтгэл байсан юм шиг байна лээ. Хамгийн сандарсан нь манай гэр бүлийнхэн. Миний шавь нар хүртэл мэдээгүй байсан гээд боддоо. Намайг тэмдгээ аваад гарч ирсэн чинь их л сандруу ирж байсан.
-Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авч байх тэр мөчид яг юу бодогдож байв?
-Сайхан байсан. Нэг их юм бодсонгүй. Хамгийн гол нь би өөрөө маш их баярласан. Миний хөдөлмөрийг үнэлж байгаагаас гадна надад итгэл хүлээлгэж байна гэж ойлгосон. Нөгөө талаараа миний үүрэг хариуцлага маш өндөр болж байна. Яагаад гэвэл энэ их итгэлийг дааж ажиллах нь чухал. Энэ олон хүний итгэлийг алдахгүй, урмыг нь хугалахгүй байх юмсан гэж дотроо бодож явна даа.

-Ингэхэд та дасгалжуулагч болоод хэр удаж байгаа юм бэ?

-1997 оноос хойш боксын дасгалжуулагчийн ажлыг хийж байна. Арав гаруй жил болчихсон байна шүү. Ер нь дасгалжуулагч болно гэдэг бас их жаргалтай ажил юм л даа. Би л хувьдаа боксын спортод бага ч гэсэн хувь нэмэр оруулаад, дасгалжуулагч хийж байгаадаа баяртай байдаг. Дасгалжуулсан тамирчин маань бүдэрхэд хамт бүдэрнэ. Уйлахад нь бас уйлна.

-Тэгвэл сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь ээ?

-Сэтгэлийн хөдөлгөөнгүй хүн гэж байдаггүй юм. Тэр тусмаа тамирчин, дасгалжуулагч нар маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй шүү дээ. Харин түүнийгээ зөв гаргах ёстой. Хэрэгтэй цагт нь дарж чаддаг байхыг тамирчдаас шаарддаг.

-Таныг “Сүлд” спорт хороонд харъяалагдаж байгаа гэсэн сонссон. Энэ жилийн улсын аваргад хэчнээн шавиа сойж байна вэ?

-Уг нь арван жинд тэмцээн болж байгаа. Гэхдээ манайд хамгийн хүнд хоёр жинд тулалддаг тамирчин байхгүй. Тиймээс багийн дүнд нөлөөлөхөөр үндсэн жингүүдэд долоон тамирчнаа бэлтгэж оролцуулж байна. Улсын аваргаас медаль хүртвэл тив, дэлхийн аваргад оролцох эрх авах учраас тамирчин бүрээс маш их хариуцлага шаардаж байна.

-Боксын холбооныхон танд итгэл үзүүлж нэрийг тань шигшээ багийн ахлах дасгалжуулагчид дэвшүүлсэн гэж сонссон?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Биеийн тамир, спортын газар баталсны дараа л энэ асуудал шийдэгдэх байх. Миний зүгээс одоохондоо хэлэх үг ийм л байна.

-Хэрвээ ахлах дасгалжуулагч болбол тийм ажил хийнэ дээ гэсэн төлөвлөгөө бий юү?

-Дотроо бодсон юм бий. Ер нь 2008 онд гаргасан амжилтаа баталгаажуулах тал дээр илүү анхаарлаа хандуулна. Удахгүй сондгой тоотой жил бүр зохион байгуулдаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Хамгийн гол эндээс медаль авч олимпийн эрхээ авахыг чухалчилж байгаа байх. Эрхээ авсны дараа олимпийн тухай яривал илүү оновчтой юм болов уу.

-Бээжингийн олимпоос таны хоёр шавь алт, мөнгөн медаль хүртсэн. Шавь нарынхаа амжилтыг бататгая гэсэн бодол байгаа биз?

-Байлгүй яах вэ. Гэхдээ үүнээс өмнө тамирчдаа эрүүл байлгах хэрэгтэй байна. Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч дайсан нь бэртэл гэмтэл шүү дээ. Энэ үгийг олон хүнээс сонссон биз. Тиймээс тамирчдаа аль болох бэртлээс хол байлгахыг анхаарч байгаа. Бэртэл, гэмтэлгүй байвал манай шавь нарт амжилтаа бататгах чадвар бий. Би үүнийг итгэлтэй хэлнэ.

-Э.Бадар-Ууганы бэртэл нээрээ яаж байна. Ер нь байнга л тэмцээний өмнө бэртэл аваад байх юм. Олимпоос хойш гурван жил рингэнд гарсангүй?

-Бэртэл нь гайгүй болж байна. Улсын аваргын өмнө Э.Бадар-Ууган эрчимтэй бэлтгэл хийж байгаад бас л нөгөө нуруу нь болохоо байчихсан юм. Байнга л нуруунаас болоод байгаа шүү дээ. Гэхдээ огт рингэнд гарахгүй байгаа хэрэг биш. Өдөрт тодорхой хэмжээний хөнгөн бэлтгэл хийдэг. Ингэхгүй бол формоо алдана. Бадар-Ууган олимпоос хойш Казахстаны Ерөнхийлөгчийн тэмцээнд оролцож, хүрэл медаль авсан. Ингэхээр рингэнд огт гараагүй гэж ойлгож болохгүй.

-Ойрын үед ямар тэмцээн уралдаанд оролцох вэ?

-Уг нь улсын аваргыг дуусгаад шууд Германыг зорих гэж байсан юм. Даанч нэрээ урьдчилж өгөлгүй байж байгаад хоцорсон болохоор бараг худлаа болж байна. Харин удахгүй Серби, Албани гээд Европын хоёр, гурван цуврал тэмцээнд оролцох төлөвлөгөө гаргасан.

-Олимпийн боксын холбоог чухал жилд удирдлагуудаа хөдөлгөлөө гэсэн шүүмжлэл зарим нэг нь хэлж байна. Харин та хувь хүнийхээ үүднээс саналаа нэмэрлэх үү?

-Аргагүй байдалд байсан болоод л сольсон шүү дээ. Хуучин ерөнхийлөгч Бээжинд томилолтоор очсон учраас ийм шийдвэр гаргасан нь зөв. Харин ч би яаралтай шийдэж чадсанд баяртай байгаа. Тэгээд ч Ч.Ганзориг бол огт хуучин хүн биш. Эртнээс бидэнтэй хамтран ажилладаг байсныг хүн бүр мэднэ. Боксын спортод элэтгэй байдаг. Тийм болохоор би лав хувьдаа сэтгэл хангалуун байгаа. Энэ хүн цаашид ч олон ажил хийх байх гэж манай холбооныхон найдаж байна.

-Төгсгөлд нь нэгэнт улсын аваргын үеэр уулзаж байгаа учраас энэ жилийн тэмцээний онцлог юу байна вэ. Таны бодлоор?

-Тамирчдын ур чадвар өссөн. Бас дэлхийн аваргын өмнөх сорил болж байгаа гэдгээрээ онцлог юм л даа. Тив, дэлхийн аваргад оролцох эрх авахын тулд бүгд л хичээж ажиллах байх. Бас боксын спорт эрс залуужиж байгааг энэ тэмцээнээс харж болох байна.

Б.Мөнхзул.
“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж