“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Дорноговьд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Дорноговьд үргэлжлэв

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, генсек Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, З.Энхболд, Ч. Сайханбилэг нар Дорноговь аймагт ажиллаад иржээ. Тэд “Монгол хүн 2020” хөтөлбөрийн нээлттэй хэлэлцүүлгийг тус аймагт үргэлжлүүлсэн байна.

Хэлэлцүүлгийг хөтөлбөрт  тусгагдсан  ажилтай, орлоготой, аюулгүй орчинтой, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүн гэсэн таван төрлөөр салбар хуралдаанууд зохион байгуулсан байна. Тухайлбал, улсын хэмжээнд төдийгүй аймаг, орон нутагт нүүрлэсэн ажилгүйдлийн улмаас архидан согтуурах явдал газар авч, гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх чөлөөтэй зөрчигдөж байгааг иргэд шүүмжилсэн байна. Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид архины хэрэглээг хязгаарлах, бусад улс орнуудын жишгийг дагаж 10,11-ээс дээш градустай архийг хуулиар хориглох тухай саналыг “Аюулгүй орчинтой- Монгол хүн” хөтөлбөрт тусгуулахаар хэлэлцжээ.

Дорноговь аймаг аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын босоо тэнхлэгийн төвд оршдог. Энэ утгаараа бусад аймагтай харьцуулбал, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох дээр хамгийн их найдлага тавьж байгаа орон нутаг гэж болно. Аймгийн хэмжээнд хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлтэй ажилгүй иргэдийн тоо оны эхний сард 662 байгаа нь 2010 оны жилийн эцсийнхээс 3.0 хувиар буурсан ч, өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар өсчээ. Оны эхний нэгдүгээр сард аймгийн дүнгээр нийт 84 иргэн шинээр ажилд оржээ. Шинээр ажилд орсон иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар үзвэл боловсрол, соёл урлагийн

салбарт 48.8 хувь, төрийн захиргаа батлан хамгаалахын салбарт 14.3 хувь, эрүүл мэнд,

нийгмийн хамгааллын салбарт 7.1 хувь, бусад салбарт 29.8 хувь нь ногдож байна.

 Тиймээс ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ хангамж, тэднийг бэлтгэх, сургууль, цэцэрлэгийн орон байрны хүрэлцээ зэрэг асуудлыг хөндөхөд хүрсэн байна. Тус аймагт Анагаахын коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэвч ЕБС-ийн сургалтын стандарт, 12 жилийн сургалтын тогтолцоо анхаарал татсан асуудал болоод байгаа гэнэ. Тухайлбал, Дэлгэрэх сумын сургууль 300 гаруй хүүхэдтэй, орон байртай. Харин сургалтын агуулга хангалтгүй байгаа гэнэ. Өмнө нь 10 жил сурдаг байсан сургалтыг 12 жил болгосон чанар дээшилсэнгүй. Төрийн бодлого, яамны бодлогын хэмжээнд сургалтын агуулгыг яагаад шинэчлээгүй юм бэ гэдэг асуултыг багш нар тавьж байна.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж