Иргэний нийгмийнхэнд итгэх цаг болоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Иргэний нийгмийнхэнд итгэх цаг болоогүй гэв

Иргэний нийгмийн байгууллагынхны “бидэнд итгэж ажил хариуцуулахгүй байна” гэх гомдлоор өчигдөр эхэлсэн Эдийн засгийн форумын “Иргэний оролцоо, мэргэжлийн холбоодын чадавх” сэдэвт салбар хуралдаан эхэллээ.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын зөвлөх Ч.Сосормаа “Мэргэжлийн холбоодыг чадавхжуулах нь нийгмийн байгууллагын үүрэг гэхээс илүү төрийн үүрэг. Төр тодорхой чиг үүргээ хэрэгжүүлж байгаа болохоос хариуцлагаа шилжүүлж буй зүйл биш” хэмээн төрийн чиг үүргийг гүйцэтгэх, хариуцлага хүлээхэд иргэний нийгмийн байгууллагууд хангалттай хэмжээнд хөгжөөгүй талаар тайлбарлав. Түүний үгийг нь дэмжин УИХ-ын гишүүн Д.Энхбат “Анх бид иргэдийн оролцооны институцаа байгуулж чадаагүй байж төрийн байгууллын институцаа байгуулчихсан. Уг нь иргэдийн оролцооны институцыг байгуулж төрийн оролцоог багасгаснаар хөгжил бий болно” гэлээ. 

Зөвлөгөөнд иргэний нийгмийг төлөөлөн оролцож буй эмч Б.Болдсайхан дээрх тайлбаруудтай санал нийлэхгүй буйгаа илэрхийлэн “Онолын хувьд ч аваад үзсэн төр өөрийгөө танаад эрх мэдлээ шилжүүлэн өгөх сонирхол байхгүй шүү дээ. Ингэхэд иргэний дуу хоолойг илэрхийлэх ёстой та нар яагаад энэ үүргээ биелүүлэхгүй эсрэг зүйл яриад байгаа юм. Тэр тусмаа “иргэний нийгмийн байгууллагад хариуцлагаа шилжүүлэхгүй” гэж ярьж байгааг нь ойлгохгүй нь. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодод төр өөрт буй эрх үүргийн аль алиныг нь өгөх хэрэгтэй” гэв. 

Эхний ээлжид төр хийх шаардлагагүй үйлчилгээгээ салгаж Иргэний нийгэмд өгөх, үүнийгээ хэрэгжүүлэхдээ шууд хууль гарган шилжүүлэх, Иргэний нийгмийн байгууллагад төсвөөс мөнгө хувиарлах хэрэгтэй зэрэг саналууд ар араасаа гарсан бөгөөд төрийн оролцоог багасгаж, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэх бүгд санал нэгдэж байв. 

Төрийн оролцоог багасгах шаардлагаа төр муу менежмэнт явуулдагтай холбон тайлбарлаж “Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу 10 саяын барааг оруулахын тулд 75 саяын татвар төлөх болсон. Гадны зээл тусламжийг горьдон, гадны туршлага судлах нэрээр багагүй хугацааг алдаад байна” зэрэг жишээг бизнес эрхлэгчид дурдаж гэрээгээр гүйцэтгэх үүргийг хуульчилсан тохиолдолд иргэний нийгмийн байгууллага төрийн аппаратаас илүү ажиллах нь тодорхой гэж дүгнэв. 

Хууль батлагдаагүй байхад иргэний нийгмийн байгуулгаар тодорхой ажил гүйцэтгүүлэх боломжгүй талаар УИХ-ын гишүүн Д.Энхбат дахин сануулж “Тоглоомын дүрэм байхгүй нөхцөлд итгэлцлийн тухай ойлголт байхгүй” хэмээн хэлсэн үгээ тодотгов.  Түүнчлэн зөвлөх Ч.Сосормаа энэхүү ажлыг арга зүйтэй, хянуур хийх ёстой талаар байр сууриа илэрхийлэн “Орост төр өөрийн үүргээ иргэний нийгмийн байгууллагад шууд шилжүүлэн өгснөөр ажил унасан. Үүнээс болж шилжилт 5-10 жилээр ухарсан туршлагыг харгалзан үзэх нь зүйтэй” гэлээ.  Энэхүү салбар хуралдаанаас ажил хэрэгч олон саналууд гарсан бөгөөд Мэргэжлийн холбоодын хуулийг батлах, мэргэжлийн холбоог чадваржуулах төв байгуулах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдлээ.

ТӨРИЙН АЛБЫГ ШИНЭЧЛЭХ СОНИРХОЛГҮЙ БАЙНА УУ?

Public Servise гэдэг үгийг Төрийн алба гэх үү нийтийн алба гэх үү?  Төрийн албаны шинэчлэл салбар хуралдааны эхлэл, өрнөл, төгсгөл үндсэндээ энэхүү асуултад хариулт өгөх байдлаар явагдсан юм. Академич Ж.Амарсанаа “Үндсэн хуульд Төрийн алба гэдгийг иргэдэд үзүүлэх үйлчилгээний алба байдлаар ойлгогдохоор туссан. Public буюу “Төр” гэдэг үгийг “нийтийн” хэмээн ойлгох хэрэгтэй” хэмээн хууль зүйн тайлбар хийв. Төрийн албыг шинэчлэх энэхүү хэлэлцүүлгийн үеэр хамгийн олон нэмэх оноо авсан санал бол дээрх “нийтийн алба хэмээн ойлгох” байсан бол хамгийн олон хасах дүн авсан бүтэц “Төрийн албаны зөвлөл” болж таарав. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зэрэг олон төлөөлөгч Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг шүүмжлэн зөвлөлийг татан буулгах хүртэл асуудал хөндлөө.  Түүнчлэн Төрийн албаны шалгалтыг Төрийн албаны зөвлөл биш олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага явуулж болох тухай саналууд ч гарав.

Төрийн албыг хэт данхайж байна хэмээх шүүмжлэл ч энэ удаад мөн л хөндөгдөн хууль батлагдах бүрт нэг шинэ агентлагийг шинээр гаргаж байна. Яам ажлаасаа хөндийрчхөөд агентлагт нь хэдэн учраа мэддэггүй хүмүүс цуглачихсан байдалтай байна гэх шүүмж босож ирэв. Энэхүү асуудалд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг өөрийн бодлоо илэрхийлж “Төрийн алба үнэхээр өргөн бүрэлдэхүүнтэй байгаа нь үнэн боловч хэт туйлшруулан тийнхүү дүгнэж болохгүй. Учир нь гадны улсууд төрийн албан хаагчдын тоонд эмч, багшийг оруулдаггүй. Гэтэл манай Төрийн албаны бүтцэд багтаж буй 60 мянган багш, 40 мянга гаруй эмч, эмнэлгийн байгууллагынхан ажиллаж байна. Төрийн албанаас эхлээд эдгээр багш, эмч нарыг хасах, дараагаар нь порм мөрдөстэй албан хаагчдыг төрийн албанаас гаргаж болох юм. Ингээд үлдсэн засаг захиргааныханд халамжийн бодлого явуулах бодлогыг танаж болох юм” гэв. Төрийн албаны шинэчлэл хийхийн тулд эхний ээлжид хэдэн хуулийг баталсан байх шаардлагатай тухай санал танхимаас гарсан ба үүнд Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Сонирхлын зөрчлийн тухай, Захиргааны процессын тухай хуулиуд багтав.  Эдгээр хуулиуд хэзээ батлагдах тухай асуултад УИХ-ын гишүүн Су.Батболд хариулахдаа “хаврын чуулганы эхэнд эдгээр хуулиудыг хэлэлцэнэ. Сонирхлын зөрчлийн тухай хуульд нэр томьёоны хувьд цэгцлэх зүйл байна. Мэдээллийн эрх чөлөөний хууль гараагүй байгаа шалтгаан нь Нууцын тухай хуультай холбоотой. Иймд Засгийн газарт энэ хуулийн төслийг оруулж ирэхийг үүрэг болгосон тул хүлээж байгаа” гэв. Дээрх тайлбарт нь хариу болгож УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Жишээлбэл, Сонирхлын зөрчлийн хуулийг батлахгүй байх ямар сонирхол байгаа юм бэ. Үг үсэг цэгцлэх төдийхнөөр мэдэн будилж, хугацаа алдуулж байгааг ойлгуулахгүй байна” гэв.

Энэхүү зөвлөгөөн дээр ч, нийгэмд ч хамгийн ихээр дэмжлэг хүлээж байсан “нийтийн алба” гэх ойлголтыг УИХ, Засгийн газар дээр хасах оноо өгөөд байгааг Төрийн албыг шинэчлэх сонирхол байхгүй байгаа юм биш үү хэмээн оролцогчид хардаж байлаа.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж