Д.Ганзоригийг ахлах дасгалжуулагчид санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

Д.Ганзоригийг ахлах дасгалжуулагчид санал болгожээ

Ардын багш Д.Банди шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул өдгөө Монголын боксын үндэсний шигшээ баг ахлах дасгалжуулагчгүй байгаа билээ. Журам ёсоор ахлах дасгалжуулагчид нэр дэвшүүлэх хүнийг тухайн спортыг хариуцсан холбооноос эхлээд санал болгодог тул Монголын олимпийн боксын холбоо хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Д.Ганзоригийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилуулахаар БТСГ-т уламжлаад байгаа гэнэ. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарыг дунд сургуулийн сурагч байхаас нь боксын спортын анхны багшаар ажиллаж, шигшээ багийн тамирчин болтол нь бэлтгэж, сургасан П.Ганзориг багш өдгөө өсвөр, залуучуудын шигшээ багт хүчин зүтгэж байгаа билээ.

Боксчид энэ өдрүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээндээ оролцож байгаа. Харин гуравдугаар сарын сүүлээр энэ жилийн томоохон тулаанд тооцогдох Европын цуврал тэмцээнүүдэд оролцохоор хилийн дээс алхах тул шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг томилох асуудлыг яаравчлахаар спортын удирдлагууд ярилцаж байгаа гэнэ.

Эх сурвалжийн хэлснээр БТСГ-ын шигшээ багийн алба ойрын хугацаанд хуралдаж, боксчдыг Лондонгийн олимпийн цикльд бэлтгэх хариуцлагатай албаны эзнийг тодруулах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж