АНУ Ливи рүү онгоцоо илгээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.03-нд нийтлэгдсэн

АНУ Ливи рүү онгоцоо илгээлээ

Пентагон Газар дундын тэнгист байгаа флотын хөлөг онгоцнуудаа Ливийн эргийн зүг илгээв. Хэрэв нислэгт хаалттай бүс байгуулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шийдвэл эдгээр хөлөг онгоцнууд хүмүүнлэгийн тусламж хүн амд нь хүргэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах юм байна. Ливи өөрөө гадаадын булаан эзлэлтийн нээлттэй аюулаас айж байна.

Газар дундын тэнгис дэх Нисэх хүчин ба Тэнгисийн цэргийн хүчээ эсэргүүцэлд автсан Ливийн эргийн зүг  АНУ илгээж байна. Пентагоны албан ёсны төлөөлөгч хурандаа Дэвид Лапан даваа гаригийн орой “хүчний шилжилт нь тэдэнд тавигдсан даалгарыг биелүүлэхэд уян хатан байдлыг гаргаж өгнө” гэж мэдэгдсэн юм. Ливийн хувьсгалчдад зориулан олон улсын хамтын нийгэмлэгийн бэлтгэж байгаа хүмүүнлэгийн тусламжийн ачааг хүргэх яриа л энд яригдаж байна хэмээн тэр онцолжээ.

Одоо Газар дундын тэнгист бүрэн хэмжээний десантын эсвэл агаарын цэргийн ажиллагаа явуулах Америкийн хөлөг онгоцнууд байхгүй. Десантын олон талын зориулттай Kearsarge хөлөг онгоцонд Улаан тэнгисээс Газар дундын тэнгист очих тушаал өгсөн байна. Тэр хөлөгт эгц хөөрөх хэд хэдэн сөнөөгч онгоц ба тэнгисийн явган цэргийн 26 анги нэгтгэлийн 700 цэргийн албан хаагч байгаа. Энэ ангийн үлдсэн 1500 хүн нь Афганистанд байрлаж буй. Суэцийн сувгаар хоёрдугаар сарын 15-нд өнгөрсөн нисэх онгоц тээгч Enterprise хөлөг замаа өөрчлөв. Тэр онгоц одоо Энэтхэгийн далайн бүсийн Төв командлалын даалгавараа  хойшлуулан Улаан тэнгист буцан ирж байна. Уг хөлөгийн нисэх онгоцнууд Египетийн агаарын орон зайгаа ашиглах зөвшөөрөл ирвэл Ливийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахад хэрэгтэй болно.
Америкийн цэргийн ажиллагаа Ливид хийгдэх боломжийн талаар асуусан асуултад Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хариулахдаа “бүх боломжийг ярилцаж байна” гэжээ. Маумар Каддафийн нисэх онгоцнуудыг шинэ хөлсний цэргийнхнийг зөөх эсвэл босогчдын байрлал ба байгууламжуудыг бөмбөгдөхийг зогсоох зорилготой нислэгт хаалттай бүс бий болгох асуудалд итгэл муутай байсан барууны дипломатуудын араншин өөрчлөгдлөө. НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх зөвлөлийн Женевийн чуулган дээр Их Британи, Герман, Итали, АНУ ба Франц тэрболомжийг авч ярилцахаар тохиролцсон байна. Лондон ч өмнөх болгоомжтой аясаасаа татгалзав. Ерөнхий сайд Дэвид Кэмерон Ливийн хэрэг явдалд илүү довтолгооны байдлаар хандахыг уриалсан. “Цэргийн хүч хэрэглэхийг бид үгүйсгэж болохгүй. Цэргийн хүчээ ард түмнийхээ эсрэг хэрэглэж байгаа дэглэмийг бид дэмжихгүй. Энэ утгаар би Батлан хамгаалахын сайд ба жанжин штабын даргаас манай холбоотнуудтай хамтран Ливийн дээр нислэгийн хаалттай бүсүүдийн бий болгох төлөвлөгөөн дээр ажиллахыг хүссэн” гэж тэр хэлсэн байв. Кэмерон энэ талаар Францын ерөнхийлөгч Николя Саркозитай ярилцжээ. Елисейн ордноос үүнд татгалзсан хариу өгөөгүй. Вашингтон байрлалынхаа хувьд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Франц, Итали чухал гэж байгаа.

Барууныхан Ливи ба Египет, эсвэл Тунис, Ливийн хооронд гадны хөлсний ажилчид ба дүрвэгсдийн гарч болох “хүмүүнлэгийн бүс” байгуулах талаар ч ярилцаж байгаа. Санхүүгийн хориг арга хэмжээ ч дэглэмийн эсрэг хэрэгжиж эхлэв. АНУ-д Маумар Каддафийн 30 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байна.

Каддафи барууны буруутган “өөртөө Ливийн ард түмнийг хайртай гэж мэдэгдэж сууна. Одоогоор тус орны баруун ба зүүн хэсэгт байлдаан явагдаж нисэх хүчин нь Аждабигаас холгүй цэргийн баазыг бөмбөгдөж байна. Босогчид Засгийн газрын цэргээс Эз-Завия хотыг чөлөөлөхөөр байлдаж байгаа. Даваа гаригт Каддафи ВВС-гийн сувагт ярилцлага өгсөн байв. “Миний эсрэг гэх хүн байхгүй. Яагаад миний эсрэг байх юм бэ? Би чинь ерөнхийлөгч биш шүү дээ. Бүх ард түмэн надад хайртай. Тэд намайг хамгаалаад үхэцгээнэ” хэмээн тэр ярьсан байв. Түүний 41 жилийн захиргаанаас нутгийн зүүн хэсгийг чөлөөлсөн тэр олон мянган хүн хаанаас гараад ирэв гэсэн асуултад тэр инээгээд “Энэ чинь Аль-Каида” гэжээ. “Аль-Каидагийн” тараасан мансууруулах бодис нь дуусангуут залуучууд зэвсгээ хураалгах болсон гэж тэр нэмэн өгүүлжээ.

Каддафийн шинэ яриаг НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс “солиорол” гээд өөрийг нь бодит байдлаас тасарсан “чадваргүй удирдагч” гэж нэрлэжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж