Засгийн газрын үнэт цаас гаргахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Засгийн газрын үнэт цаас гаргахыг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, 2011 оны төсвийн жилд улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас гаргаж арилжаалах тухай хэлэлцэн дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2011 онд 127 тэрбум 443 сая 400 мянган төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахаар төлөвлөөд байна.

Төсөл батлагдсанаар хөрөнгө оруулалт нэмэгдэн, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлнө. Мөн төсвийн зардал, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, санхүүгийн зах зээл дэх орон сууцны зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах, барилгын салбарт дэмжлэг үзүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

Нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлтэй танилцав
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 113.9 хувь, нийт зарлага 96.6 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 3.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 481.7 тэрбум төгрөгөөр бага байна.

Эдийн засгийн гол үзүүлэлт болох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2010 оны урьдчилсан байдлаар оны үнээр 8255.1 тэрбум төгрөгт хүрчээ. Нэгдсэн төсвийн нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 3.069.9 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөө 374 тэрбумаар буюу 13.9 хувиар давсан байна. Энэ нь 2009 оны мөн үеийнхээс 54 хувиар буюу 1.076.9 тэрбум төгрөгөөр өссөн тухай Сангийн сайд С.Баярцогт танилцууллаа.   

Нэгдсэн төсвийн орлого татварын орлогоор 87.1, татварын бус орлогоор 11.5, тусламжийн орлогоор 1.1, хөрөнгийн орлогоор 0.3 хувь бүрджээ.

Дэлхийн зах зээл дэх зэс, алтны үнэ төлөвлөснөөс харьцангуй өндөр байсан, татвар болон гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн татварын өр барагдуулах, орлого төвлөрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан, нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 онд өмнөх оноос 53.5 хувиар өссөн, санхүү, эдийн засгийн хямралтай байгаа орнуудад үзүүлж байгаа тусламжийн хүрээнд АНУ манай улсад 14.5 тэрбум төгрөгийн мөнгөн тусламжийг нийгмийн халамжийн санхүүжилтэд олгосон зэрэг нь нэгдсэн төсвийн орлого төлөвлөгөөнөөс давж биелэхэд нөлөөлсөн байна.

Тусгай зориулалтаар 50 угалз агнуулна
Гадаадын анчид мөн 120 тэх, 5 халиун буга, 150 цагаан зээр, тус бүр 40 саарал чоно, бор гөрөөс, 20 зэрлэг гахай, ой, хээрийн агнуурын шувуу 400 хүртэл толгойг агнаж болно. Судалгаа, шинжилгээний зориулатаар 2 хүрэн баавгай, 4 хүртэл цоохор ирвэс агнах, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор 2 толгой хулан адуу барихыг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө.

Гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогоос сүүлийн 5 жилд улс, орон нутгийн  төсөвт 7,2 тэрбум төрөг төвлөрсөн байна. 2009, 2010 онд хийсэн судалгаагаар манай улсад 17,9 мянган аргаль, 24,4 мянган янгир, 10 мянга гаруй халиун буга, 12 мянга гаруй хар сүүлт, 5,6 сая цагаан зээр, 1200 орчим ирвэс, 6 мянга орчим идлэг шонхор шувуу байгаа нь тогтоогджээ.

Цаашид гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр агнуулах ховор амьтны тоог цөөрүүлж, элбэг амьтны тоог нэмэх, төлбөр, хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого барьж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж