Шалгалтын хугацааг 100 минут болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Шалгалтын хугацааг 100 минут болгожээ

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв энэ жил ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг www.eec.mn хаягаар бүртгэж байгаа бөгөөд энэ нь ганц төгсөх ангийн сурагчдад бус их, дээд сургуульд суралцах хүсэлтэй бүх хүмүүст хамааралтай гэнэ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх тавдугаар сарын 16-24-ний хооронд авах юм. Тус шалгалттай холбоотой зарим шинэчлэлийн талаар өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Б.Энхбат хэлэхдээ “Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид 10 төрлийн хичээлээс сонгон элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Шалгалтыг тестийн хэлбэрээр авах бөгөөд бүх хичээлийн шалгалтанд зориулсан 10000 тестийг удахгүй бэлэн болгоно. Мөн энэ жилээс эхлэн математик, хими, физикийн хичээлийн шалгалтыг 100 минут, бусад хичээлийг 80 минут байхаар журамдаа өөрчлөлт оруулсан” гэв. Энэ жилийн шалгалтын хураамж 4800 төгрөг, батламж карт 700 төгрөгийн үнэтэй байх аж. Сурагчид хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байх бөгөөд батламж картыг ирэх долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд олгох юм.  Иймд сурагчид онлайнаар бүртгүүлэхдээ шалгалтынхаа хураамжийг төлсөн байх шаардлагтай гэнэ. Учир нь шалгалтын хураамжийг төлөөгүй бол онлайнаар бүртгэгдэхгүй байх юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж