Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монголын төлөө” уриалгыг хэрэгжүүлэх аяны хүрээнд удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан Монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд, Эмэгтэй удирдагч сан Ерөнхийлөгчийн Тамгын газартай  хамтран “Сүүн сэтгэл” уулзалтыг “Иргэний танхим”-д өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын тэргүүнүүд, ээж нар, охид бүсгүйчүүд оролцов.

Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг, Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Монгол Улсын анхны тэргүүн хатагтай, МОНЭС-ийн тэргүүн Ш.Цэвэлмаа, ардын жүжигчин Д.Мэндбаяр, УИХ-ын даргын гэргий М.Долгорсүрэн, , Гал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Буудлагын спортын дэлхийн аварга, ОУХ-ний мастер Ц.Хонгорзул, Азийн модель агентлагийн захирал Ч.Содтуяа нар үг хэлж , эмэгтэйчүүдийн баяр гуравдугаар сарын 8-наас эхлэн аливаа баярыг архигүй тэмдэглэж байхыг бүх хүнд, түүн дотроо ээж нар, эмэгтэйчүүд, охидод хандан уриаллаа. 

 Уулзалт дээр үг хэлсэн Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэг “Ерөнхийлөгчийн уриалга бол хүн ардын, гэр бүлийн, нийгмийн сайн сайхны төлөө төдийгүй улс үндэстний аюулгүй байдлын төлөө юм шүү” гэдгийг, Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа “өнгөрсөн долоо хоногт байгуулсан Архигүй Монголын төлөө Үндэсний сүлжээнд  орон даяараа нэгдэн ажиллахыг” онцлон анхааруулав.

Уулзалтад оролцогчид саналаа нэгтгэн “Архигүй Монголын төлөө хамтдаа” гэсэн уриалга гаргалаа. Түүнд “…архи үйлдвэрлэх, сурталчлах, худалдах асуудлыг журамлан хууль эрх зүйн орчныг дахин яаралтай өөрчлөх санаачилга гаргахыг УИХ-ын гишүүдэд, … өсвөр насны хүүхэд, залуучууд, охид эмэгтэйчүүд эрээ цээргүй согтуурч амь нас, амьдралаа алдах, ар гэр, аав, ээж, хань ижил, гэр бүлээ амьдын хагацал, сэтгэлийн гашуун зовлон амсуулж, улмаар улс орны үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учрах магадлал өндөрсөж, гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тул хамтран ажиллахыг бүх ээж, эмэгтэйчүүдэд, … архи хэрэглэдэггүй, түүнээс хол байхыг айл өрх, гэр бүл бүрт , энэ тэмцэлд манлайлагч байхыг эмэгтэйчүүдэд уриалж байна” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж