Т.Алтантуяа “Сонсдог ном”-оо хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Т.Алтантуяа “Сонсдог ном”-оо хүргэнэ

Жүжигчин, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Т.Алтантуяа: Уран бүтээлч, бүтээл хоёр ямар ч фэнгүй бол авьяасгүйн  жишээ

Жүжигчин, найруулагч Т.Алтантуяа удахгүй болох эмэгтэйчүүдийн баярыг угтаж олон сайхан уран бүтээл туурвиж байгаа юм байна. Түүнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр сүүлийн үед уран бүтээлийн олз, омог ихтэй явааг үзэгчид, уншигчид “Тусгай салаа” киноны Сүлдийн ээжийн дүрээр андахгүй мэдэх болсон.
 
-2008 онд та зохиолч Б.Шүүдэрцэцэгийн өгүүллэгүүдийг уран уншлагын мастеруудтай хамтарч уншаад сонсдог ном болгож, сайхан бэлэгтэй мартын наймныг угтаж  байсныг санаж байна. Энэ жил та мөн л хүмүүст оюуны бэлэгтэй ирсэн биз дээ?

-Хүмүүст тэр сонсдог ном их таалагдсан байна лээ. Хүмүүс завгүй болсон, машин зам дээр түгжрээд л. Ном унших завгүй болсон. Энэ үед хэрэгтэй зүйл сонсох нь дээр гэж боддог болжээ. Удахгүй болох эмэгтэйчүүдийн олон улсын эрхийн өдрийг тохиолдуулан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн таван өгүүллэгийг нь би бие дааж уншиж, хос цомог гаргалаа. Зохиолч Б.Шүүдэрцэцэг бид хоёр энэ сонсдог ном бүтээх ажлаа “Хайр” гэдэг нэртэйгээр  жил бүр уламжлал болгон хийж байхаар төлөвлөсөн байгаа. Хайр гэдэг ганцхан үгэнд олон зүйл багтдаг. Энэ үгээр илэрхийлэгдэх зүйл хорвоод дэндүү их. Тиймээс эдгээр өгүүллэгийн агууламж нь төрөл бүрийн хайрын тухай байх уишээтэй.

-Үзэгчдийг байлдан дагуулсан “Тусгай салаа” киноны Сүлдийн ээжийн дүрээр та хүмүүст их хүрсэн байна лээ. Шинэ жүжиг найруулж байгаа гэж дуулсан юм байна?

-Энэ кино олон түмэнд их хүрсэн нь үргэлж мэдрэгдэж байдаг. Манайхан өөрсдөө олон ангитай кино хийж тэндээс өөрсдийгөө олж харж байх шиг. Энэ бол бас нэгэн дэвшил л дээ. Энэ кинонд тоглоод би Соёлын тэргүүний ажилтан, Радио телевизийн тэргүүний ажилтан  болсон. Энэ бүхний цаана урлагт арваад жил зүтгэсний үр дүн гарч байна гэж ойлгож байгаа. “Тусгай салаа” кино цагаа олсон бүтээл байсан. Иймдээ ч үзэгчдийн хүсэлтээр хоёрдугаар ангийг нь хийхээр зэхэж байгаа. Өмнө нь би нийгмийн харилцаа, хүний эрхийн талаар жүжиг тавьж байсан. Миний сонирхол хүний эрхийг хамгаалах явдал. Эрх нь зөрчигдсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн тухай уран бүтээл хийх юмсан гэж бодож, зорьж явдаг. Тиймч учраас би “Цэнхэр ороолт” нэртэй ижил хүйстнүүдийн тухай жүжиг найруулан тавьж байсан. Урлаг гэдэг бол сэтгэлийн таашаал өгөхөөс гадна үзэл суртлын том зэвсэг юм. Ийм ч учраас би далд ухамсар, далд ертөнцийг хөндсөн бүтээл хийх дуртай. Авлигатай тэмцэх газар, Мянганы сорилтын сан, Монголын эмэгтэйчүүдийн сан, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн  сан гээд уран бүтээлийн зүгээс хамтарч ажилладаг байгууллага цөөнгүй бий. Эдгээр байгууллагуудад сайн дураараа ажилладаг мэдлэг боловсрол өндөр сайхан сайхан хүмүүс нийгмийн болохгүй бүтэхгүй байгааг өөрчлөх гэж нэгдэж байгаа нь их сайхан санагддаг. Өнөөдрийн тухайд Ивенслер гэдэг америкийн алдартай зохиолчийн жүжгийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр тавих гээд бэлтгэл ажилдаа орчихоод байна.

-“Өглөө” сүүний рекламанд бас тоглосон харагдсан. Нэлээн хэдэн рекламанд таны дүр харагддаг болсон. Уран бүтээлийн урилга, захилга их байгаагийн шинж үү?

-Уран бүтээлч болсноос хойш нэлээд олон юманд хүчээ үзсэн. Авьяасын тухай олон тодорхойлолт байдаг.  Авьяас гэдэг бол эмзэглэл, авьяас бол хөдөлмөр гэх мэтээр бий. Гэхдээ тэр уран бүтээлчийг хэн ч тоохгүй, тэр уран бүтээл ямар ч фэнгүй байна гэдэг бол авьяасгүйн жишээ гэж би боддог. Энэ хугацаанд миний хийж байсан зүйлүүд хүмүүст хүрч байсан. Хүмүүс надад дандаа сайн сайхан магтаалын үг хэлдэг, шүүмжлэл ч өрнүүлэх нь бий. Энэ нь эргээд надад эрч хүч, энерги авчирдаг.

-Сүүлийн үед та боловсрол телевизээр гэр бүлийн тухай их гэгээлэг сайхан нэвтрүүлэг хийгээд эхэлсэн байна лээ. Мэргэжлээ сольж байгаа юм уу гэж бодлоо?

-Би уг нь театрын найруулагчаар төгссөн хүн ш дээ. Би сургууль төгсөөд л найруулагчаар ажиллаж байсан. Тийм ч учраас телевизид сайхан нэвтрүүлгүүд хийх юмсан гэсэн санаанууд их төрдөг. Тэдгээрийн нэг болох “Нандин гэр бүл” гээд нэвтрүүлэг хийгээд эхэлсэн. Гэр бүл гэдэг бол нийгмийг бүрдүүлэгч гол хүчин. Гэр бүл аз жаргалтай, гэр бүл эрүүл саруул, гэр бүл бол сайн сайхан байж гэмээнэ өнөөдөр бидний яриад байгаа болохгүй, бүтэхгүй зүйл аяндаа л сайхан болно гэж боддог тиймээс гэр бүлүүдийг сайн сайханд уриалах нь их чухал зүйл гэж боддог. Иймээс энэ том асуудалд миний нэвтрүүлэг бага ч болов  гэрэл гэгээ нь болоосой гэж хүсдэг шүү.

-Хос цомог, жүжгийн бэлтгэл, нэвтрүүлэг бас бус захиалга гээд их л ачаалалтай ажиллаж байгаа нь мэдрэгдлээ. Эргээд цомгийн ярианд ороход энэ цомог хэзээ гарах вэ? Сүүлийн үед хүмүүс сонгодог бэлэг ном СD болоод байна шүү дээ.

-Шинэ СD маань энэ  сарын 4-нд нээлтээ хийнэ. Энэ  СD маань үнэхээр сайхан бэлэг болох байх гэж найдаж байна. Гэртээ, машиндаа, хаана ч сонсож болно шүү дээ. Аваад сонссон хүнд уучлал, хайр, ухаарал бодрол гэх мэт таньд хэрэгтэй олон зүйлийг нэгэн зэрэг өгөх болно. Шүүдрээ бид хоёрын хувьд эмэгтэйчүүддээ барих бэлэг маань энэ юм даа. Танай сайт бол цахим  мэдээллийн ертөнцөд анхдагч гэдэг утгаар нь би орж үзэж хэрэгтэй мэдээллээ авдаг л даа. Танай хамт олонд юуны түрүүнд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хүн бүрт амжилт хүсье. Сайн сайхны төлөө зүтгэгч нэгэнд бурхан хүртэл туслахыг хүсдэг гэсэн сайхан үгийг хэлмээр байна.

Н.Түвшин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж