Хятад ялын бодлогоо зөөлрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Хятад ялын бодлогоо зөөлрүүлнэ

БНХАУ-ын эрх баригчид ялын бодлогоо зөөлрүүлж, цаазаар авдаг зүйл ангийг цөөрүүлэх шийдвэр гаргажээ. Эдийн засгийн чиглэлийн гэмт хэргийн ялын бодлогыг голлож зөөлрүүлэх ажээ. Тухайлбал, авлига, хээл хахууль авагчид, татвараас зугтсан бизнесийнхэн, хил дамжуулж хориотой наймаа хийгчдэд буудан алах ял ногдуулдаг байсныг зогсоох юм байна. 1979 онд баталсан Хятадын Эрүүгийн хуульд ийм хүмүүнлэг талын өөрчлөлт оруулах шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт Бээжинд өндөрлөсөн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны ээлжит чуулганаар гаргажээ.

Түүгээр цаазаар авах зүйл ангийг 13-аар цөөрүүлсэн байна. Хилийн хориотой наймаа гэдэгт түүхийн дурсгалт зүйлс, алт, мөнгө, бусад үнэт металл, ховор амьтны эд эрхтэн зэрэг оржээ. Тийм наймаа хийсэн этгээдийг өмнө нь буудан хороодог байсан бол одоо урт хугацаагаар хорих юм байна. Бусад төрлийн гэмт хэргийн хувьд цаазын ялыг халах боломжгүй гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын Хууль тогтоох хорооны дэд дарга Ланг Шен мэдэгджээ. Мөн онц хэрцгий хэрэг үйлдээгүй бол 75-аас дээш насны этгээдийг цаазаар хороохыг цуцалжээ.

Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллагын мэдээгээр Хятад нь цаазаар авах ял гүйцэтгэсэн тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд Эрүүгийн хуулийн 68 орчим заалтаар буудан алах ял ногдулдаг гэжээ. Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр тус улсад жил тутам 2000-7000 хүнд цаазын ял өгч 99 хувийг гүйцэтгэдэг аж.

БНХАУ-ын эрх баригчид 1979 онд баталсан Эрүүгийн хуульд 32 жилийн дараа анх удаа өөрчлөлт оруулж байгаа нь энэ юм байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж