Монгол Улс Азид ардчиллыг төрүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Монгол Улс Азид ардчиллыг төрүүлсэн гэв

МАН-ын 90 жилийн ойн үйл ажиллагаанд баяр хүргэж оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын улс, орнуудын зочид, төлөөлөгчид өчигдрөөс эхлэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд бараалхаж буйг өмнө нь мэдээлсэн.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр ХБНГУ-ын Социал демократ намын гишүүн,  Бундестагийн  гишүүн, хатагтай Үте Зумф, Фридрих Эбертийн сангийн Азийн бүсийг хариуцсан ажилтан Рольф Хааш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хатагтай Үте Зумфд хандан, манай улс орны талаар сайн мэдэх танд олныг нурших нь илүүц бизээ хэмээн санана, гагцхүү биднийг хүндэтгэн Монгол Улсад хүрэлцэн ирсэн явдалд та бүгдэд талархлаа илэрхийлье гэлээ. Германы социал демократ намтай хамтран ажиллаж байсан туршлага урьд өмнө ч бий. Одоо харин хоёр тал  харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж улам нээгдэж байна хэмээн үзэж байна гээд Фридрих Эбертийн сантай мөн МАН-ын зүгээс хамтран ажиллаж байсан туршлага байгааг тэмдэглэн хэллээ.

Хатагтай Үте Зумф, эрхэм хүндэт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаад баярласнаа илэрхийлээд удахгүй хоёр орны Парламент хоорондын  дээд хэмжээний айлчлал, уулзалт болохоор бэлтгэгдэж буйг дурдлаа. Түүнчлэн Германы “Дойче” банк Монгол Улстай хамтран ажиллахаар болсон тухай тэмдэглэн хэлж байв.  Тэрээр Монгол Улсыг Азийн бүс нутагт  “амьд ардчиллыг” бий болгосон хэмээн үздэгээ  илэрхийлж, үүнд манай нөхөд ч мөн адил санаа бодолтой байдаг гэсэн юм.

Хатагтай Үте Зумф, сонгуулийн хууль эрх зүйн шинэтгэлийг Монгол Улс хэзээ хийх бол хэмээн  сонирхож буйгаа дуулгаад, Парламентын  хоёр танхимтай болох асуудал бодитоор яригдсан эсэхийг мөн тодруулсан юм.

УИХ-ын дарга хэлэхдээ, сонгуулийн үр дүнгийн асуудал ихээхэн шүүмжлэлтэй тулгардаг, иймд бид сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход шинэчлэл хийх нь зайлшгүй гэлээ. Үүнд техникийн дэвшлийг ашиглах өргөн боломж буйг ч тэрээр дурдсан юм.

Уулзалтын үеэр хоёр тал сонгуулийн системийг тойрсон асуудлуудын талаар  ярилцаж, санал солилцсон бөгөөд эмэгтэйчүүдийн квотын асуудал, иргэдийн оролцоог дэмжих буюу шууд ардчиллыг бэхжүүлэх нь нийгмийн шийдвэрлэх томоохон асуудалд түлхэц өгдөг талаар мөн ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж