80 саяар автобусны буудалтай болох гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

80 саяар автобусны буудалтай болох гэнэ

“Ингэж хөөмийлдөг гэнэ” гэдэг шиг Монгол Улс баяжчихаж. Энэ жил нийслэлийн засаг даргын санаачлагаар нийслэлд 10 автобусны эцсийн буудал шинээр барихаар  болжээ. Хөрөнгө мөнгийг нь ч тогтоочихсон. Нийтдээ автобусны эцсийн буудалд 800 сая төгрөг зарцуулахаар болжээ.  Хотын дарга саяхан автобусаар зорчиж  жолооч, кондукторынхоо ажлыг хэцүү хүнд гэдгийг ойлгосон бололтой. Нэг эцсийн буудлыг стандартын дагуу тохижуулж,  жолооч кондукторын ажиллах, амрах  нөхцлийг сайжруулах ажилд 80 гаруй сая төгрөг зарцуулах гэнэ.  Эцсийн буудалд байх ёстой байгууламж нь  автобус чөлөөтэй эргэх талбай, зорчигчдыг буулгаж суулгах талбай, мэдээллийн самбар, буудлын саравч, сандал, хогийн сав,  зэргийг байрлуулна.  Ингээд л боллоо. Эцсийн буудал барих ажлыг энэ онд хийж гүйцэтгэх бөгөөд цаашид ч бүх автобусны буудлын эцсийг шинэчлэнэ гэдгийг холбогдох албаныхан хэлсэн. Хэлж ярьж байгаа шигээ эцсийн буудлуудыг барьж байгуулах юм бол бид автобусаар зорчихдоо бухимдах хэрэг гарахгүй бололтой. 80 саяын үнэтэй  тохилог орчинд амарч, ажиллаж байгаа жолооч, кондуктор уурлаж бухимдах хэрэг юунд гарах билээ. Үргэлж л инээмсэглэж угтах байлгүй.

Аливаа нэг засвар, шинэчлэлийн асуудал араасаа заавал нэхэл дагуултай байдаг. Жил бүрийн зам засварын ажил чанаргүй болж гүйцэтгэгч компаниуд нь хөрөнгө мөнгөнийхөө тал хувийг идэж, талаар нь зам барьдаг асуудал давтагддаг. Гэтэл энэ асуудал энэ жил давтагдахгүй гэдгийг нийслэлийн удирдлагууд амлаж байсан. Шинээр эцсийн буудал барих ажил мөн зам засварын ажил шиг хэл ам дагуулахыг үгүйсгэхгүй.  Нийслэлийн захын дүүрэг болон бусад автобусны буудлын эцэст олон айлын орлогын эх үүсвэр байдаг. Автобусны буудлын эцэст дэлгүүр, цайны газар гэх мэт олон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Шинээр барих буудлыг цогцоор нь хийхэд 80 сая төгрөг зарцуулна. Буудлын эцсийг иж бүрэн тохижуулахад одоогийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хийх болно. Гэвч ажил эхэлсэн тохиолдолд тухай бүрт нь зохицуулах юм гэсэн. Гэхдээ энэ ажлыг бас нэг даргын эзэмшил болчих вий гэсэн хардлага төрөх юм. Хэрэв энэ буудал нэг хүний эзэмшил болвол олон хүний эрх ашиг хөндөгдөж, олон айлын орлогын эх үүсвэр хаагдах болно. Уг нь бол иж бүрэн автобусны буудалтай болно гэдэг сайхан санаа. Гэхдээ нэг л итгэлгүй сонсогдож байгаа биз. Үйлчилгээнд явдаг хэдэн автобусныхаа чанарыг сайжруулж чадахгүй тэр тусмаа өвлийн улиралд хүйтэн, бохир, кондукторууд нь харьцааны соёлгүй гэх мэт  хэл аманд өртдөг нийтийн тээврийхэн энэ их мөнгөөр тоглоод өнгөрчих вий гэж эмээх юм.  Хэн нэгэн хяналт тавьж хариуцлагатай хандахгүй бол бас нэг эрх мэдэлтний  олз болоод өнгөрөх вий.  Ямартай ч нийслэлчүүд бид 80 саяын үнэтэй буудалтай болох нь ээ. 80 саяых уу эсвэл 80 мянгых уу гэдгийг хүлээж л суухаас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж