
Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан “Арсенал” болон “Барселона” багийн хариу тоглолт энэ сарын 8-нд “Барса”-гийн Кэмп Ноу цэнгэлдэхэд болох билээ. Харин тус тоглолтод “Арсенал”-ын Робин ван Перси, Тео Уолкотт нар оролцох боломжгүй болжээ. Өнгөрөгч ням гаригт Карлингийн цомын тэмцээний финалд “Бирмингэм”-д хожигдсон тоглолтын үеэр Ван Перси өвдгөндөө гэмтэл авснаар гурван долоо хоног талбайд гарах боломжгүй болсон бол Уолкотт шагайндаа бэртэл авчээ. Эмират цэнгэлдэхдээ хийсэн эхний тоглолтод 2:1 харьцаатай хожсон “Их буучид”-ын хувьд “Барса”-гийн талбайд зочлох тоглолтод ийнхүү гол тоглогчидгүйгээр оролцох болж байна. Гэхдээ нэг таатай мэдээ байгаа нь багийн ахлагч Сеск Фабрегас тус тоглолтод багаа ахлан тоглох боломжтой гэнэ. Өнгөрсөн долоо хоногт “Стоук”-тэй хийсэн тоглолтын үеэр гэмтэж, улмаар тоглолтын 14 дэх минутаас талбайг орхисон Фабрегасыг нэг, эсвэл хоёр тоглолт өнжинө хэмээн “Их буучид”-ын босс Арсень Венгер мэдэгдээд байсан. Тэрбээр Карлингийн цомын тэмцээний финалд “Бирмингэм”-тэй тоглолтод оролцоогүй бөгөөд FA Cup-ын тавдугаар тойргийн хүрээнд “Лейтон Орьент”-тэй хийх тоглолт, мөн бямба гаригт “Сандерланд”-тай хийх тоглолтыг өнжих гэнэ. Гэхдээ түүний бэртэл харьцангуй хурдан илааршиж байгаа учир Кэмп Ноуд болох шийдвэрлэх тулаанд багаа ахлах бололтой.
С.Цэлмэг