“Урт цагаан”-ыг нураана гэв үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

“Урт цагаан”-ыг нураана гэв үү?

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Урт цагаан”-ы барилгыг нураах шийдвэр гаргасан ч түрээслэгчдийнх нь эсэргүүцэлтэй тулгарч, ажлаа эхлүүлэлгүй жилийн нүүр үзэж байгаа гэсэн мэдээллийн мөрөөр  өчигдөр сурвалжилсан юм. “Урт цагаан”-ы барилгыг нураана гэсэн мэдээллийг албаны хүмүүс нь эрс үгүйсгэж байлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Г.Мөнхжаргал энэ талаар ийнхүү ярьж байна. 

-”Урт цагаан”-ы барилгыг нураахад түрээслэгчид нь саад болж байна гэсэн мэдээлэл үнэн үү?

-Тус барилгыг нураах дүгнэлт гаргаагүй. Харин яаралтай их зас­варт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хариуцсан байцаагч нь гаргасан юм. Барилгыг нурааж, шинэ барилга барина гэдэг бол ташаа мэдээлэл байсан.

-Их  засварын ажлын санхүүжилтийг хаанаас гаргах вэ. Засвартай хугацаанд түрээслэгчдийн асуудлыг яаж шийдэх юм бол?

-“Урт цагаан”-ы барилга төрийн өмчийн мэдэлд байдаг болохоор засварт шаардагдах хөрөнгө мөнгийг улсын төсвөөс гаргана. Харин энд үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг  нүүлгэн шилжүүлсний дараа засварт оруулах байх.

Мэргэжлийн байцаагч нь тус барилгыг засварт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан аж. Харин түрээслэгчид нь энэ тал дээр ямар байр суурьтай байгааг сонирхохоор “Урт цагаан”-ыг зорилоо. “Урт цагаан” гэж нэрлэгдсэн энэхүү барилгад зүү орох зайгүй үйлчилгээний цэгүүд “чихцэлджээ”.  Алт мөнгөний дархан, гутал засвар, захиалгат оёдолчин, зоогийн газар, орчуулгын товчоо гээд л тоочоод байвал дуусахгүй. Хаяг наасан хана нь ямар нэгэн сурталчилгааны самбар шиг эрээн, мяраан болсныг хэн хүнгүй мэднэ. Бас үйлчилгээний газруудынх нь хаалга зарлалын самбар аятай зарын хуудсуудаар дүүрчээ. Энэ бүх хаяг, зарлалыг даахгүй нурж унах нь уу гэлтэй  хананых нь шавар хуурч, нурсан нь хүн бүхний нүдэнд ил харагдана. Харин дотор нь ороход нурсан, хуурсан зүйл огт ажиглагдсангүй.

ТҮРЭЭСЛЭГЧИД БАРИЛГЫГ НУРААНА ХЭМЭЭН ХАРДАЖ БАЙНА

Мэргэжлийнхэн нь “Урт цагаан”-ы барилгыг нураахгүй, засварлана гэсэн хариултыг өгч байсан ч түрээслэгчид нь үүнд нэг л итгэхгүй байсан юм. Энд гутал засдаг хүмүүс “Социализмын үеэс хадгалагдаж үлдсэн ганц ахуйн үйлчилгээний төв нь “Урт цагаан” шүү дээ. Одоо үүнийг нураах дутаад байгаа юм байх даа” хэмээж байсан юм. Социализмын үед энэ барилгад гутал, үс засч, зураг авч байсан хүмүүсийн зарим нь одоо ч гэсэн эндээс  амьжиргаагаа залгуулсаар байгаа аж. Тэднийг эндэхийнхэн “жижиг түрээслэгч”, “уугуул түрээслэгч” гэдэг аж. “Сардаа 90 мянган төгрөгийн түрээс төлж, 500-600 мянган төгрөгийн орлого олчихдог болохоор амьдрал болж л байна. Харин энэ барилгаас нүү гэвэл засгаас өгөх мөнгийг л хүлээж суух хүмүүсийн эгнээнд шилжих байх” гэж “жижиг түрээслэгчид” ярьж байсан юм. Харин томоохон талбай түрээслэгчид  нь сардаа тэдний олдог орлогоос илүү 500-900 мянган төгрөгийн түрээс төлж, овоо хэдэн төгрөгийн орлого олдог гэсэн юм. Түрээслэгчдийн төлөөлөл болгож нүдний шилний засвар үйлчилгээ эрхэлдэг Б.Батчулуунтай уулзсан юм.

-Энэ барилгыг их засварт оруулахаар болбол танайх хаана үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх вэ?

-Хэрэв засварт орвол үйлчилгээгээ үргэлжлүүлэхэд хэцүү л болно байх. Гэхдээ засварт оруулна гэдэг нэрийдлээр барилгыг буулгаж өөр барилга барих гэж байгаа биз дээ.  Түрээслэгчид бүгд л ийм бодолтой байгаа шүү дээ.

-Яагаад ийм бодолтой байгаа гэж?

-Олны яриа ортой гэдэг. Үүгээр л ийм яриа яваад байгаа шүү дээ. Тэгээд ч зүгээр байгаа барилгад засвар хийнэ гэж юу байсан юм бэ. Энэ барилгыг анхнаасаа чанартай барьсан болохоор ямар нэг асуудал гардаггүй юм. Тэгэхэд л засвар хийх шаардлагатай гээд байгаа юм.

-Танайх хэдэн ажилтантай вэ. Сард хэдэн төгрөг түрээсэнд өгдөг юм?

-Манайх долоон ажилтантай. Энэ хүмүүсийн цаана гэр бүл гэж байгаа. Хэрэв энэ барилгыг нураахаар ч юм уу засвар хийхээр болбол энд ажил, үйлчилгээ явуулдаг хүмүүс хэцүүхэн байдалд орно. Би гэхэд л сардаа 920 мянган төгрөгийн түрээс төлдөг. Түрээслэгчид дээрх байр суурийг илэрхийлж байна. Гэхдээ тэд “Урт цагаан”-ы хоёр дахь түрээслэгчид аж. Ийн хэлсний учир нь энэхүү барилгыг төрөөс түрээсэлдэг компани нь “Боргочин трейд”. Харин “Боргочин трейд” компаниас түрээсэлдэг хүмүүс нь дээр хэлсэн хоёр дахь түрээслэгч нар юм. “Урт цагаан”-ыг албан ёсоор “Боргочин трейд” компанийн “Чин толгой” үйлчилгээний төв хэмээн нэрлэдэг аж. Эндэхийн зохион байгуулагч А.Золзаяа хэмээх эмэгтэй “Тус төв нь олон корпуст хуваагддаг учир тус бүрийг нь хариуцсан зохион байгуулагч бий. Гэхдээ одоохондоо засвар хийнэ, нураана гэсэн ямар нэг мэдэгдэл ирээгүй” гэлээ. Ямартай ч мэргэжлийнхний хэлж буйгаар төр өөрийн мэдлийн түрээсийн байраа засч, түрээслэгчдийг ая тухтай орчинд үйл ажиллагаагаа явуулах боломж олгохоор шийдсэн үү. Эсвэл засах нэрээр газрыг нь “хусах” гэж байна уу. Хэрэв их засвар хийх гэж  байгаа нь үнэн бол  орчин нь сайжрахын хэрээр түрээсийн хөлс нэмэгдэх нь мэдээж. Харин түрээслэгчид  үүнд нь итгэж, байраа суллаж өгөх болов уу. Ийм асуултууд ар араасаа хөврөх аж.


Р.Сарангоо.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж