С.Баяр 7 сарын 1-нд онц байдал зарлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

С.Баяр 7 сарын 1-нд онц байдал зарлуулжээ

С.Баяр долдугаар сарын 1-нд Н.Энхбаярыг дарамталж,
онц байдал зарлуулжээ

Н.ЭНХБАЯР ТӨРИЙН ЭРГЭЛТЭД УРИАЛАВ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уржигдар ТV-9 телевизээр гарсан “Эх орон, шударга ёс” нам, иргэний хөдөлгөөний хэлэлцүүлгийн үеэр  “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр Ерөнхий сайд асан С.Баярын дарамтад орж, онц байдал зарласан” гэсэн утга бүхий мэдэгдлийг хийв. Мэдэгдэл хийхийнхээ өмнө тэрбээр “Би тэр өдөр онц байдал зарласандаа одоог хүртэл маш их харамсч явдаг” хэмээн өөрийгөө өмөөрсөн. Тэгвэл өнөөд­рийг хүртэл өөрийнхөө гар­гасан шийдвэрт харамсч, таван хүний амь насыг авч одоход хүргэсэн тэрхүү үйл явдлын цаана хэн түүнийг ашигласан бэ гэдэгт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр анх удаа дараах хариултыг өгөв.

С.БАЯР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХЫГ ШААРДСАН

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баримтат мэдэгдэл дараах утгатай байлаа. “Миний хувьд тэр өдөр онц байдал зарлахаас цаг ямагт татгалзаж байсан. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр надад удаа дараа онц байдал зарлахыг тулгаж, өөр гарц байхгүй гэж сануулж байсан. Би тэгэхэд нь Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амар­болдыг дуудаж, онц бай­дал зарлах зайлшгүй шаард­лагатай болсон уу гэдгийг асуухад “Манай цагдаагийн байгууллагын хүч, дотоодын цэргийн хүчтэй хамтраад байдлыг тогтоож чадна” гэж хэлсэн. Гэтэл их удалгүй Ч.Амарболд “Онц байдал зарлахгүй бол болохгүй нь” гээд ороод ирсэн. Би гайхаад “Яагаад тэгж байгаа юм бэ” гэхэд С.Баяр шууд “Цагдаа миний эрх мэдлийн хүрээнд ажилладаг. Би цагдааг татаж, намыг байрыг орхиулна” гэсэн. Би Ч.Амарболдыг бол ойлгож байна. Үүрэг гүйцэтгэгч гэдэг талаасаа тухайн албандаа ажиллахын тулд шийдвэр гаргагчийн үгийг дагахаас өөр аргагүй. Харин С.Баярын тухайд би тэр үед их гайхаад “Намын байрыг хамгаалахад бүх хүчээ дайчилсан нь дээр” гэж хэлж байсан ч С.Баяр “Энэ бол миний эрхийн асуудал. Онц байдал зарлахгүй л бол цагдааг татлаа” гэж зүтгээд байхаар нь би аргагүйн эрхэнд гарын үсэг зурж, онц байдал зарласан. С.Баяр Ерөнхий сайд болоод анхнаасаа  гэмт хэргийн бүлэглэлийн эсрэг хүчтэй тэмцэж байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Ганболдыг ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө нөлөөг цагдаад тогтоохын тулд Ч.Амарболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон.”

Энэ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын “TV-9” телевизээр хийсэн мэдэгдэл. Хэрэв тухайн үед С.Баяр гэдэг хүн Ерөнхий сайдынхаа хувиар, тухайн үеийн МАХН-ын даргынхаа хувиар шахалт үзүүлж, сүүлдээ “Цагдааг татна” хэмээн айлгаагүй бол асуудал хурцдахгүй байсан гэдгийг экс Ерөнхийлөгч зарлав. Нэгэнт Ерөнхийлөгч байсан хүн хариуцлагатай албан тушаалын зах зухаас нь ийн асуудлыг сэргээж байхад Цагдаагийн ерөнхий газар эл асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байж болох юм. Нэг ёсны тухайн үед С.Баяр, Н.Энхбаяр гэдэг хоёр хүнийг долдугаар сарын 1-тэй холбоотойгоор шалгаж болохгүй байсан бол өнөөдөр Н.Энхбаяр нь сул иргэн, С.Баяр нь Ерөнхий сайдын албанаасаа буучихсан байна. Энэ нь хуулийнхан тэдэнд эрүү үүсгэх боломж нээлттэй гэсэн үг. Дээр нь, Н.Энхбаяр нь С.Баярын дарамтад орж онц байдал зарласан гэдгээ албан ёсоор хүлээж, үгээ чөлөөтэй хэлнэ гэдгээ зарлачихлаа шүү дээ. Тэр ч бүү хэл “Тэр үед ямар зэвсэг, ямар бууг тийм хурдан хугацаанд хэрэглэсэнд нь ч би одоог хүртэл гайхдаг” гэж хэлсэн нь ч бас асуудлыг шалгаад эхэлбэл Н.Энхбаяр бүхнийг ярина гэдгийн баталгаа биз ээ.

Н.ЭНХБАЯР ТӨРИЙН ЭРГЭЛТЭД УРИАЛАВ

Түүнчлэн тухайн үед онц байдал зарласандаа шаналж суугаа экс Ерөнхийлөгч энэ удаад “Төрийн эрхийг сонгуулиар авч чадахгүй нь нэгэнт ойлгомжтой боллоо. Иймд сонгуулийн бус замаар авахын төлөө хамтдаа зүтгэе. Египетийн төрийн эрхэнд 30 жил дарангуйлсан Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг буулгаж болж байхад, бид ч бас чадна” гэв. Нэг ёсны хувьсгалын замаар, эцсийн зорилгоо биелүүлэхийн тулд өөрийнхөө цорын ганц боломжтой гэж үзэж буй сонгуулийн бус аргаар төрийн эргэлт хийхийг тэр сүүлчийн итгэл найдвараа гэж үзэж байна. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг буруутгаж буй тэр үндэслэл рүүгээ өөрөө эргэж татагдах вий гэдгээс айхгүй байгаа нь хачирхалтай.

Ингэхдээ иргэний хөдөлгөөн болон бусад намуудтай хамтран “Эх орон, шударга ёс” хөдөлгөөнийг байгуулж, төрийн эрх мэдэл рүү дахин шургалах хүчээ зузаатгаснаас нь харахад түүний тэмцэл зүгээр нэг жижигхэн ашиг сонирхол биш гэдгийг нотлох нь гарцаагүй. Хамгийн гол нь экс Ерөнхийлөгчийг ингэтэл нь эрчилж буй цаад хүч, шалтгаан нь юу вэ гэдэгт цаг хугацаа хариулт өгч болох. Гагцхүү нэгэн цагт эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл болж байсан энэ хүн өнөөдөр хууль бус замаар төрийн эргэлт хийх тухай ухуулж, манлайд нь туг болохоор шийдсэн нь өөрөө эргээд аймшигтай бас аюултай үр дүнг бий болгож мэдэх юм. Ямарч байсан түүнийг арай л лалын орнуудын хувьсгалыг хүсээгүй гэж найдахаас даа. Дээр нь, түүний хамтран зүтгэгчээр тодроод байгаа нөхөд тэрхүү хэлэлцүүлгийн үеэр “Ерөнхий сайд С.Батболд бол хамгийн том хулгайч” хэмээсэн юм. Тэгвэл тэдний сонирхол хулгайчдын эсрэг сонгуулийн бус замаар тэмцэх зорилго дээр нэгдсэн нь илэрхий боллоо. Харин Сүхбаатарын талбайд хашгирч байсан иргэний хөдөлгөөнийхөн С.Баярыг ч, С.Батболдыг ч, бас Н.Энхбаярыг ч удаа дараа хэлж болох бүхий л муу үгээр хэлж ирсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээр түүхнээ бичигдэх Н.Энхбаярын хувьд хэлж буй үг нь жирийн нэг жагсагчийнхаас хавьгүй илүү хүчтэй, бас үүрэх ёстой хариуцлага нь ч хувь илүү байх ёстой нь тодорхой.


Г.Отгонжаргал.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж