Х.Хатанбаатар: Төсөөлж чадвал юуг ч цээжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Х.Хатанбаатар: Төсөөлж чадвал юуг ч цээжилнэ

Х.Хатанбаатарыг “толгойдоо компьютертэй” хүн хэмээдэг. Харин тэрбээр ямар ч тоог тэр дор нь цээжилж, тогтоож, үржүүлж хувааж чаддаг чадвараа системтэй сургалтын үр дүн гэж үздэг. Тиймээс оюун ухааны спортыг хөгжүүлэхээр шулуудан Монголын оюун ухааны академи байгуулан ажиллаж байгаа . Тэрбээр 2008 онд Туркт болсон тэмцээнээс мөнгөн медаль, 2009 оны олон улсын тэмцээнээс нэг алт, гурван мөнгөн медаль хүртэж байсан юм. Ингээд Х.Хатанбаатартай уулзаж ярилцлаа. 

 -Та Монгол Улсаа төлөөлж олон уралдаан тэмцээнд оролцож байсан.  “Ой тогтоолтын олон улсын их мастер“ буюу “Grand Master” зэрэг авах гэж байгаа гэсэн. Энэ зэргийг авахад ямар шалгуур давах ёстой юм бэ?

-“Grand Master” зэрэг авахад гурван нөхцөл биелүүлсэн байх ёстой. Тухайлбал, нэг багц хөзрийг хоёр минутын дотор дарааллаар нь цээжлээд алдалгүй хэлэх ёстой. Би БНХАУ-ын Гуанжоуд болсон “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн дээр нэг багц хөзрийг 61 секундэд цээжлэн буцааж алдалгүй хэлэн нэгдүгээр болзлоо биелүүлсэн. Хоёр дахь шалгуур нь нэг цагийн дотор 10 багц хөзөр цээжлэн алдалгүй хэлэх ёстой. Энэ болзлоо өнгөрсөн жил нэг цагийн дотор 15 багц хөзрийг цээжлэн хэлж биелүүлсэн. Гурав дахь нөхцөл нь 0-9 хүртэлх дурын цифрийг нэг цагийн дотор дарааллаар нь 1000-аас доошгүйг цээжлэх ёстой. Энэ нөхцлөө биелүүлэх дутуу байгаа. Нэгэнт энэ спортоор хичээллэж байгаагийнх энэ нөхцлөө биелүүлэн их мастер болно гэсэн бодолтой байгаа. Удахгүй  болох Герман эсвэл  Английн тэмцээнд ч юм уу, магадгүй арван нэгдүгээр сард болох “Ой тогтоолтын дэлхийн аварга”-ын тэмцээнд орж энэ зорилтоо биелүүлнэ гэж бодож байна. Мөн Монголоос шалгарсан хүүхдүүдээ эдгээр уралдаанд авч оролцох төлөвлөгөөтэй байгаа.

-Таныг гадаадад сурч байхдаа энэ спортоор хичээллэж эхэлсэн гэж сонссон. Харин Монголд хэдийнээс энэ спорт хөгжиж эхэлсэн бэ?

-Би Туркт оюутан байхдаа хичээллэж эхлээд үр дүнг нь үзэж урамшсан. Энэ спортын талаар монголчууд ямар ойлголттой байна гэсэн судалгаа хийн цаашид Монголдоо дэлгэрүүлж хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд сургуулиа төгсч ирээд 2009 оны арваннэгдүгээр сард Монголын оюуны хөгжил, оюуы спортын төвөө байгуулан ажиллуулж, 2010 оны есдүгээр сард Монголын Оюун Ухааны Академи болгон өөрчилсөн. Манай академи ой тогтоолт, цээж тоо, фото уншлага, оюуны зураглал, Англи хэлний өргөн хэрэглэгддэг 2500 үг цээжлэх, Рубикийн шоо, Соробан сампин гэх мэт олон сургалт явуулдаг. Оюуны спортоор дагнан хичээллэхэд их хэмжээний мэдээллийг системтэйгээр богино хугацаанд өөрийн болгон цээжилж ямар ч нөхцөлд санах чадвартай болдог. Хүн насан туршдаа маш их хэмжээний мэдээллийг цээжлэх, хэрэгтэй үед нь санах шаардлагатай байдаг. Гэхдээ өнөөдөр хүн бүрт ой тогтоолттой холбоотой бэрхшээлүүд байна. Хэдхэн секундын өмнө барьж байсан бал, түлхүүрээ хаана орхисноо мартах, эсвэл гал дээр хоол тавьчихаад зурагт үзэн мартах, танилцаж байсан нэгэнтэйгээ таараад нэрийг нь санахгүй байх  гэх мэт амьдрал дээр энгийн жишээ олон бий. Энэ бэрхшээлийг хүн бүр даван гарах боломжтой.

-Хүссэн хүн бүхэн энэ аргачлалыг эзэмшиж болно гэсэн шүү дээ. Тэгвэл хамгийн энгийн жишээ нь дээр ярилцъя л даа. Утасны дугаарыг яаж амархан цээжилж болох вэ?

-Төсөөлж л чадвал цээжлэх боломжтой. Мэдээж тухайн хүний хичээл зүтгэл шаардлагатай. Утасны дугаарын хувьд тоон мэдээллийг цээжлэх гэсэн хичээлийн сэдэв бий. Зарим хүн утасны дугаарыг маш сайн цээжилдэг гэдэг ч удаан залгаагүй утсаа мартдаг. Харин тоон мэдээллийг аргачлалаар цээжилснээр тухайн хүнтэй холбоо барилгүй таван жил болсон ч дугаарыг нь санах боломжтой. Зарим хүн гар утсаа гээгээд утас ч яах вэ, хайран дугаарууд гэдэг. Уг нь бүх утсаа цээжилчихсэн байсан бол утасныхаа араас л харамсана шүү дээ.  Утасны дугаарыг энгийн хөгжилтэй хялбар аргаар цээжилж болно. Хөгжилтэй болгохын тулд духайн дугаарыг төсөөлөх хэлбэр лүү шилжүүлэх хэрэгтэй. Ямар ч хийсвэр мэдээллийг төсөөлөх хэлбэр рүү шилжүүлж болдог.  Жишээлбэл, (**)693741 гэсэн дугаарыг цээжилмээр байна гэж бодьё л доо. Би 0-9 хүртэлх цифрүүдийг 15 үсгээр орлуулан төсөөлдөг. Үлдсэн 20 үсэг үг бүтээхэд туслах үсэг. Тэгэхээр (6-с, 9-р, 3-м, 7-г, 4-ч, 1-н) гээд туслах үсэгнүүдээ ашиглан үг бүтээнэ гэсэн үг. Үүгээр олон үг бүтээж болно. Тухайн хүнтэй холбож өгөөд төсөөлөх хамгийн боломжийнх нь САРМАГЧИН гэсэн үг байж болно. Энэ үгээ тухайн хүнтэйгаа хошин байдлаар холбож төсөөлнө. Ямар ч хугацаа өнгөрсөн тухайн хүний дугаарыг асуухад сармагчинтай холбоотой төсөөлөл санаанд орж ирэнгүүт  (**)693741-г санаж болно. Аль болох хошин, өвөрмөц, хэтрүүлэг хэрэглэсэн байх ёстой. Тухайн үйл явдал маань бодитоор болсон юм шиг би дотроо харж чаддаг.

-Зарим нь оюуны спорт гэхээр шатар даамаар хязгаарлаад ойлгоод байдаг шүү дээ?

-Тийм ойлголт байдаг. Гэхдээ оюуны спортын маш олон төрөлтэй. Ой тогтоолт, цээж тоо, хурдан уншлагын олон улс, тив дэлхийн тэмцээнүүд болж байна. Рубик шоо, судоки, соробан сампин, годам, бриж гээд нэрлээд байвал олон. Дартс ч бас оюуны спортын төрөлд орно. Оюуны чадвар, чадамжийг сорьсон маш олон төрлийн тэмцээн уралдаан болдог. Монголын оюун ухааны академи эдгээр төрлүүдийг нэгтгэж цаашдаа энэ чиглэлээр олон улсад нэрээ гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэх зорилготой.

-Албан ёсны сургалтыг танайх л явуулах уу? Өөр энэ төрлийн сургалт явуулж байгаа төв байгаа юу? Хоби гэх мэт сургуулийн хүүхдүүдэд танайхаас өөр нэртэй байгууллага сургалт явуулж байна гэж сонссон?

-Манайх Англид төвтэй Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос албан ёсны олон улсын сургагч багшийн сургалтад хамрагдаж гэрчилгээ аван албан ёсны сургалт явуулж байгаа. Сургагч багшийн эрх авах сургалтын төлбөр ойролцоогоор 15 мянга орчим доллар байдаг. Би 2009 онд эрхээ авсан. Тэнд бүртгүүлсэн албан ёсны эрхтэй өөр Монгол хүн байхгүй. Сургалт явуулах эрхгүй хүн энэ төрлийн сургалт явуулж байгаа нь тогтоогдвол өндөр торгуультай. Сургалтын хөтөлбөр нь Дэлхийн оюуны өмчийн газар хамгаалагдсан. Саяхан манайхыг төгссөн Өнөрөө гэх эмэгтэй сургалтын гэрээгээ зөрчин зөвшөөрөлгүйгээр энэ сургалт явуулах нэрээр хэдхэн хоногийн дотор Хоби гэх мэт сургуулийн хүүхдүүдээс мөнгө авч чанаргүй сургалт явуулсан байсан. Манай академийн хүүхдийн сургалтын сарын төлбөр 85.000 төг. Тэр эмэгтэй хүүхэд бүрээс 240.000 төг авсан байсан. Нотлох баримт хангалттай байгаа, удахгүй хууль ёсны байгууллагад хандах болно. Энэ мэт янз луйврын шинжтэй зүйлсийг эцэг эхчүүд, оюутан залуус сайн судалж байж хүүхдээ эсвэл, өөрсдөө суралцах нь зүйтэй болов уу.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж