
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Ардын нам байгуулагдсаны 90 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэнд төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 90 жилийн түүхтэй. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жил, хоёр орны сансрын нисгэгчид сансарт хамтран ниссэний 30 жилийн ой тохиож энэхүү түүхт ойн арга хэмжээнүүдийг тэмдэглэх гэж байна. Хоёр талын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, парламент хоорондын харилцаа өргөжин хөгжиж байна. Цаашид хамтын ажиллагаа тодорхой төлөвлөгөөний дагуу, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа илүү хурдацтай явагдана гэдэгт найдаж байна гэлээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа түүхэн замналыг туулсан бөгөөд Орос улс Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн анхны орон гэдгийг В.А.Пехтин уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Тэрбээр, өнгөрсөн онд хоёр намын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд гэрээ хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг дуулгасан. Мөн Монгол Ардын Намын 90 жилийн ойн баярт оролцох үеэрээ улс орноо цогцлон байгуулсан хоёр намын хамтын ажиллагааны түүхэн баримт бичгийн хоёр дахь хэсгийг дамжуулж өгсөн тухайгаа танилцуулсан юм. Энэхүү түүхэн баримт бичгийн эхний хэсгийг хоёр намын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр дамжуулан хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах болно гэлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Лю Зэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Ардын нам байгуулагдсаны 90 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэнд төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа түүхэн уламжлалтай бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаанд ихээхэн ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн хоёр орны парламент, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа маш их өрнөлттэй байгааг онцолж, цаашид ч энэхүү харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Хоёр нам 90 жилийн түүхэн уламжлалт харилцаатай бөгөөд намуудын хамтын ажиллагаа хоёр орны найрамдал, харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн, цаашид ч энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа ноён Лю Зэй онцлон тэмдэглэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр намын хамтын ажиллагааны талаар эрдэм шинжилгээний бага хурал, мөн хоёр намын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгалаа. Мөн Монгол Улс олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг сайшаагаад, харилцан ашигтай хамтран ажилласнаар хамтын ажиллагааны үр дүн гарна гэдгийг онцолж, хөгжлийн үр дүн жирийн иргэдэд хүрээсэй гэж чин сэтгэлээс хүсч байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын парламент хоёр орны парламент, парламентын бүлэг хоорондын харилцааг чухалчлан үзэж, парламентад суудалтай бүх нам Хятад Улстай найрсаг харилцаатай хамтран ажиллахад нэг санаа зорилготой байдагт талархалтай байдгаа тэмдэглэн хэллээ.
УИХ-ын дарга мөн Их Британийн Хөдөлмөрийн намын гишүүн, Их Британи-Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Жон Гроган, Европын холбоо, социалистуудын бүлгийн гишүүн Глин Форд нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын цаашдын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Их Британийн Хөдөлмөрийн нам МАН-ын 90 жилийн ойн арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, нэр хүнд бүхий туршлагатай улстөрчид, Монголын төлөө санаа тавьдаг төлөөлөгчдөө оролцуулж буй нь хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үр дүнтэй юм гэдгийг УИХ-ын дарга энэ үеэр онцлов. Мөн тус намын даргаар ажиллаж байсан дэлхийн нэртэй улстөрч Тони Блэйр энэ онд Монголд айлчлахаар төлөвлөж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.
Их Британийн Хөдөлмөрийн нам, МАН-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжиж эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөгчдөө харилцан солилцож байгааг ноён Жон Гроган дурдаад Их Британийн парламентын болон бизнесийн томоохон төлөөлөл бүхий төлөөлөгчид энэ оны тавдугаар сард Монголд айлчлахаар төлөвлөж буйг дуулгав. Мөн ноён Глин Форд Монгол орныг Европын холбоотой холбож өгөхийг эрмэлзэж явдгаа илэрхийлээд Монгол орныг чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрүүдэд хамруулах асуудлыг ярих цаг ойрхон байгаа гэж үздэгээ хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.