
Хоёр баг өмнө нь нийт 139 удаа таарч тоглосноос 39 удаад нь тэнцэж, 58 тоглолтод “МанЮ”, харин үлдсэн 42 тоглолтод “Челси” хожиж байсан статистик бий. Түүнчлэн хоорондоо таарч тоглосон сүүлийн 10 тоглолтын дөрөвт нь тэнцэж, гурав, гурван удаа ялж байжээ.
Хэдийгээр статистик үзүүлэлтээр илүү ч энэ удаад "МанЮ" ялагдал хүлээсэн. Сэр Алекс Фергусоны удирдлага дор “Улаан чөтгөрүүд”-ийн довтлогч Уейн Рүүни тоглолтын 29 дэх минутад гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан ч өвлийн солилцоогоор “Цэнхрүүд”-ийн эгнээнд нэгдсэн Бразил хамгаалагч Дэвид Луиз хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад тооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин тоглолтын 79 дэх минутад Крис Смоллинг Орос хамгаалагч Юрий Жирков дээр алдаа гаргаснаар талбайг шүүгч Аткинсон “Цэнхрүүд”-д 11 метрийн цохилт гүйцэтгэх эрх олгосон. Улмаар Фрэнк Лампард олдсон боломжийг чулуу болгосноор багтаа тун чухал ялалт авчирсан. “МанЮ”-гийн азгүйтэл үүгээр дуусаагүй, Серби хамгаалагч Неманья Видич тоглолтын төгсгөл үед алдаа гаргаж, хоёр дахь шар хуудсаар торгуулснаар талбайг чөлөөлөөд зогсохгүй ням гаригт “Ливерпуль”-тэй хийх чухал тоглолтыг өнжих болж байна.

Өнгөрсөн шөнийн тоглолтын дараа Сэр Алекс Sky Sports-т өгсөн яриандаа “Хаалгандаа алдсан эхний гоол жаахан тиймэрхүү юм боллоо. Гэхдээ тэр торгуулийн цохилт үнэхээр сул байсан, үнэхээр шүү. Бид сайн тоглосон ч ялж чадсангүй. Гурван жил дараалан шүүгчийн шийдвэр тоглолтын хувь заяаг эргүүллээ” хэмээжээ. Мөн Сэр Алексийн үзэж буйгаар Рүүни дээр алдаа гаргасан Дэвид Луиз ч талбайгаас хөөгдөж болохоор байсан гэнэ.
Гэхдээ “Челси”-гийн ялалт тэдний хотын өрсөлдөгч “Арсенал”-д том боломж гаргаж өгч байна. Хэрэв Лондонгийн “Их буучид” бямба гаригт “Сандерлэнд”-ийг буулган авбал лигийг тэргүүлэгч “МанЮ”-гаас ердөө ганцхан онооны дутуу болох юм. Харин “Цэнхрүүд”-ийн тухайд 27 тоглолтын дараах байдлаар 48 оноотой хүснэгтийн дөрөвдүгээр эгнээг эзэлж байгаа бол 28 тоглолт хийсэн “МанЮ” 60 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
ЭНД дарж зургийн цомгийг үзнэ үү