
-Улсын болон гадаадын хөрөнгө оруулалтыг харахад их тоо харагдлаа. Гэтэл баригдаж буй барилгад зөрчил, дутагдал их байна гэсэн?
-Техникийн бичиг баримтын зөрчил 20.6 хувь, зураг төсөлд илэрч байгаа зөрчил 10.2 хувь, үлдсэн хувь нь барилгын угсралтын ажилд болон материалын чанарт илэрсэн зөрчил эзэлж байна. Нийслэлийн хүн ам ихээхэн нэмэгдэж байгаа. Ийм үед эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёл, спортын зориулалтын барилга байгууламж барих газар олдохгүй, олдсон газар нь иргэдийн өмч болсон байдаг. Ийм тохиолдолд иргэдэд нөхөн төлбөр олгох замаар газрыг нь авч барилга барьж эхэлсэн. Гэвч газрын нөхөн төлбөр анхнаасаа барилгын төсөвт суугаагүй байдаг. Тийм учраас газар чөлөөлж чадахгүй, барилгын угсралтын ажил эхэлж чадахгүйд хүрч мөн он дамжих асуудал гарч ирдэг.
-Жишээ нь ямар газрууд байна?
-Нийслэлд шинээр баригдах VII хороололын ерөнхий төлөвлөгөөнд Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгын барилга буюу 0,5 га, Монгол Энэтхэгийн хамтарсан 960 суудалтай сургуулийн барилга буюу 1,6 га, нийслэлийн Хан-Уул дүүргийн 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдах газрын асуудал шийдэгдэхгүй байгаа.
-Газрын асуудлаас гадна тухайн барилгын гүйцэтгэгч компаниудын буруутай үйл ажиллагаа бас байгаа байх?
-Зарим барилгын угсралтын явцад хөрөнгө, санхүүжилт хүрэлцэхгүй байх, төсөвлөгдсөн санхүүжилт хоцорч хийгдэх, мөн тендер оройтож зарлагдаж байгаа нь барилга угсралт, засварын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахад нөлөөлж улмаар барилгын ажил зогсох, он дамжих нөхцлийг бүрдүүлж байна. Тухайлбал Булган аймгийн Баян-агт суманд 2009 онд эхэлж баригдсан 240 суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга, мөн Булган сумын 640 хүний суудалтай спортын ордон, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 100 хүүхдийн цэцэрлэг зэрэг барилгуудын санхүүжилт хүрэлцээгүйгээс барилга угсралтын ажил одоо хүртэл дуусаагүй, ажил зогссон байгаа. Мөн барилгын угсралт, их засварын ажил гүйцэтгэж байгаа компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилийн боловсон хүчний хүрэлцээ муу, дотоодын хяналт, шалгалтыг орхигдуулах, барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, нормын хэрэгжилтийг хангадаггүйгээс ажлын үр дүн муу, цаг хугацаа алддаг, гэрээний алданги тооцохгүй байгаагаас ажлыг удаашруулж хугацаа хойшлох асуудал олон гарч байна. Нийслэлийн Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгч “МБҮ” ХХК, Баянхонгор аймгийн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч “Жаргалант Луу” ХХК-иуд гэрээт хугацаанд барьж ашиглалтад оруулаагүй.
-Зөрчил гаргасан компаниудад ямар арга хэмжээ авах вэ?
– Барилга угсралтын явцад томоохон зөрчил гаргасан компаниудын ажлыг зогсоох, ажил гүйцэтгэх гэрээг цуцлах, торгууль ногдуулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлийг цуцлуулахаар холбогдох байгууллагуудад нь санал өгөх зэрэг холбогдох арга хэмжээг авсан. Баянхонгор аймгийн МХГ-аас Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Соёлын төвийн барилгын гүйцэтгэгч “Оорцог Уул” ХХК нь барилгын газар шорооны ажил хийгдсэн байхад суурь болон цутгамал төмөр бетон каркасын ажлыг хийж гүйцэтгэсэн байдлаар хуурамч гүйцэтгэл бичиж санхүүжилт авсан тул гэрээг цуцалсан бөгөөд хяналт хийж байсан холбогдох инженерийг албан тушаалаас нь чөлөөлсөн.
-Тендер шалгаруулах асуудал аль ч газар хэл ам дагуулдаг. Барилгын тендерийг сонгохдоо яаж шалгаруулдаг юм бэ?
-Хамгийн чухал нь дотоод хяналтын асуудал юм. Тухайн аж ахуй нэгж дотоод хяналтгүй байгаагаас барилгын чанарын ажил хангалтгүй байна гэж үзэж байгаа. Барилгууд дээр гарч байгаа зөрчлийн 50 хувийг дотоод хяналтаар арилгаж болох зөрчил байсан. Тиймээс тендерийг шалгаруулахдаа бага үнээр биш зах зээлийн бодит зардалд хүрч байгаагаар нь явуулж байя гэсэн саналыг манай байгууллага тавьж байна