Хүүхдийн шүдний өвчлөлөөр хэлэлцүүлэг болов

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Хүүхдийн шүдний өвчлөлөөр хэлэлцүүлэг болов

 Өвөрхангай аймгийн ИТХ-аас энэ жилийнхээ ажилд олон нийтийн уулзалт, хэлэлцүүлгийг онцлон тусгахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд анхныхаа хэлэлцүүлгийг өсвөр үеийнхэний амны хөндийн асуудал, түүнийг бууруулах арга замын талаар “Иргэдээ сонсъё” сэдвээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМГ-ын дарга Ц.Анхтуяа болон Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, хувийн хэвшлийн эмнэлгийн шүдний эмч нар, сургууль, цэцэрлэгийн эмч, Иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд байгаа хүүхдийн шүдний цооролд хэрхэн арга хэмжээ авах  арга замын талаар ярилцсан  юм.

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвөөс өнгөрсөн жилийн тавдугаа сард ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 9486 хүүхдэд шүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд 67.8 хувь нь шүд цоорох өвчтэй байжээ. Үүн дотор нэг хүүхдийн18 шүд гэмтсэн тохиолдол ч байсан гэнэ. Хангайн сумдууд хүүхдийн шүдний эмчгүй тул уг өвчлөл түлхүү байсан байна.

Мөн Арвайхээр сумын цэцэрлэг дундын эмчээс мэргэжлийн эмч нартай хамтран 2-5 насны 958 хүүхдэд үзлэг хийхэд 565 нь шүдний өвчлөлтэй байсан аж. Энэ мэт хүүхдийн шүдний өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ салбарт 30-аад жил ажилласан “Эльдэнт” шүдний эмнэлгийн эмч Р.Даваажав  “Хүүхдийн шүдний цооролт, хатуу эдийн өөрчлөлт нь хүртэл дээхнэ үеийнхээс тэс өөр болсон. Гаднаа ил биш дотроосоо идэж цоороод тэр нь бүх эрхтэний архаг өвчний уурхай болж байна” гэдгийг онцолж байв.

Хэлэлцүүлгийн үеэр уг өвчлөлтэй тэмцэхийн тулд хувийн эмнэлгүүдийн оролцоо тун чухал байгааг дурьдаад Р.Даваажав эмч бага насны хүүхдүүдийн амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийж, эмчилгээ хийх тохиолдолд 50 хувийн хямдрал үзүүлэхээ амласныг  тус хэлэлцүүлгийн нэгээхэн үр дүн гэж дүгнэжээ. 

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж