Дорноговьчууд улс орныхоо хөгжлийг түүчээлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Дорноговьчууд улс орныхоо хөгжлийг түүчээлнэ

“Монгол хүн 2020-Дорноговь”

Ардчилсан намын “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Их Говийн догшин хутагтын өлгий нутаг Дорноговь аймагт өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө. “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай, орлоготой, Аюулгүй орчинтой гэсэн таван салбар чиглэлээр явагдаж байгааг  уншигч та сайн мэднэ. Өнөөдөр Дорноговь аймагт аж үйлдвэрийн цогцолбор баригдах засгийн газрын шийдвэр гарч, төмөр замын гол тэнхлэгт оршдог нь тус аймгийн онцлог бөгөөд иргэдийнх нь ажилгүйдлийн болон амьжиргааны түвшин ч гайгүйд тооцогддог юм билээ.Дорногвьчууд ч энэ их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, улс орныхоо хөгжлийг түүчээлнэ гэдгээрээ бахархаж ярьж байлаа. 2008 онд Дорноговь аймгийн Ардчилсан нам Ардчилсан хувьсгал ялснаас хойш 18 жилийн дараа ялалт байгуулж, аймгийн засаг даргаар аймгийн АН-ын дарга П.Ганхуяг, ИТХ-ны даргаар  Г.Ганбаатар нар ажиллаж байна.

Дорноговь аймгийн хувьд хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2011 оны 1-р сард 662 байгаа нь 2010 оны жилийн эцсийнхээс 3.0 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 20.3 хувиар өсчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.3 хувь нь урьд өмнө ажил эрхлэж байсан ба 78.7 хувь нь анх удаа ажил эрж хайж байгаа ажилгүй иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн насны бүтцийг авч үзвэл 16-24 насны иргэд 26.3 хувийг, 25-35 насны иргэд 39.3 хувийг, 35-44 насны иргэд 18.3 хувийг, 45-60 насны иргэд 16.2 хувийг эзэлжээ. Мөн хүйсийн бүтцийг авч үзвэл 65.7 хувь нь эмэгтэйчүүд, 34.3 хувь нь эрэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2010 оны мөн үеэс 3.9 функтээрбуурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.4 хувь нь дээд боловсролтой иргэд байгаа бол 71.6хувийг бүрэн дундаас доош боловсролтой иргэд эзэлж байна.

Оны эхний 1 сард аймгийн дүнгээр нийт 84 иргэн шинээр ажилд оржээ. Шинээр ажилд орсон иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар үзвэл боловсрол, соёл урлагийн салбарт 48.8 хувь, төрийн захиргаа батлан хамгаалахын салбарт 14.3 хувь, эрүүл мэнд,нийгмийн хамгааллын салбарт 7.1 хувь, бусад салбарт 29.8 хувь нь ногдож байна.“Ажилтай орлоготой -Монгол хүн” хэлэлцүүлэгийн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал: Дэргэдээс зээл, дээрээс тусламж харах хэрэггүй.

Юуны өмнө та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? Аль ажлын хэсэгт орж ажиллаж байна?
–    Миний нэрийг Б.Эрдэнэжаргал гэдэг. Би Сайхандулаан сумын Ардчилсан намын дарга, сумын ИТХ-ын даргаар ажилладаг. Миний хувьд “Ажилтай орлоготой- Монгол хүн” ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Сайхандулаан сумын хувьд Монгол хүн ажилтай орлоготой байх нөхцөл бололцоо хэр байна вэ?

–    Манай сумын хувьд 2008 оноос гар аргаар алт олборлох бичил уурхайг хөгжүүлэх үйл ажиллагаа өргөжиж, үүнийг эмхэлж, зохицуулахын тулд аймаг сумын дүрэм, журам гаргасан байгаа. Үүний улмаас 2009 онд бичил уурхайн хууль батлагдан, иргэд маань хуулийн хүрээнд гар аргаар алт олборлож ажил амьдралаа залгуулж байна. Үүнээс гадна манай суманд эсгийний үйлдвэр, оёдлын үйлдвэр ажилуулж байгаа иргэд цөөнгүй байдаг. Энэ мэтээр бид өөр өөрсдийнхөө хэмжээнд ажил орлоготой байж чадаж байгаа гэж болно.

Тэгэхээр дутагдалтай тал бас ажиглагдаж байгаа гэж байсан?
–    Манай сумын хувьд хүн амын нягтаршил бага, төв газраас хол болохоор худалдаа наймаа муу, эргэлтийн хөрөнгө бага байдаг нь сул тал юм. Гэхдээ зээл тусламж бидний гар дээр ирдэг ч, тэр нь юм болдоггүй. Бас эргэн төлөлтийн чадвар муу байдагаас шалтгаалж, олон асуудал үүсдэг.

Танай сумын хувьд ажилгүй хүмүүс хэр их байна вэ?
–    Сайхандулаан суманд хэрвээ хүмүүс сонирхох юм л бол ажын байр байна. Цаашид дэргэдээс зээл, дээрээс тусламж хараад байх биш. Иргэд маань өөрсдөө санаачлаад хөдөө гараад айлын туслах малчин хийж болж байна. Мөн уул уулхай, хайгуулийн компаниуд  орон нутгийн иргэдэд өдрийн 15,000 төгрөгийн цалинтай, хувцас, хоол унааг нь даадаг байнга ажлын байр гаргаж өгдөг гээд дурдаж болно. Хэрвээ орон нутгийн иргэдэд ажлын байр гаргаж өгөөгүй компаниудтай бид тусгай зөвшөөрлийг нь цуцлаж, ажлыг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах гэрээтэй ажиллаж байгаа. Тэгээд ч үүнийг хэрэгжүүлсэнээр сумын иргэдийн ахуй амьдрал сайжирсан. Банкинд зээлтэй иргэдийн тоо эрс цөөрсөн. Энэ бол бидний санаачилгатай ажилласны үр дүн гэж бодож байна.

Цаашид Ардчилсан намаас дэвшүүлж байгаа “Монгол хүн 2020” хөтөлбөрт юуг давуутай тусгах хэрэгтэй гэж бодож байна вэ?
–    Иргэдийн зүгээс өөрсдөө идэвхитэй ажиллах, Ардчилсан намаар дамжуулан төрийн зүгээс ажиллах орчныг нь бүрдүүлэх л хөтөлбөр босч ирээсэй гэж хүсч хүлээж байна. Үүнд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж иргэдээ бодлогоор дэмждэг төрийн механизмтэй болох, хөнгөлөлттэй зээл, тусламжыг үзүүлэх бодлогыг бариасай гэж хүсч байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж