Тэмдэглэлт өдөр 2011.03.01

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.03.01

   Орост муурны өдрийн баяр болно

Жил бүрийн энэ өдөр Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг (World Civil Defence Day) тэмдэглэдэг. Хэд хэдэн улс орнуудын санаачилгаар эмнэлгийн албаны франц генерал Жорж Сен-Поль 1931 онд Парист уг уг байгууллагын эвслийн үндсийг тавьжээ.

1992 оны бүх нийтийн санал асуулгаар Босни ба Герцеговина тусгаар тогтнолоо зарлажээ.

Өмнөд Солонгост тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний өдрийг (Independence Movement Day — Samiljol) тэмдэглэнэ.

Хаврын баярын өдрийн баяр христийн шашинтай олон оронд болдог.


АНУ-д өнгөт арьстан эмэгтэйчүүдийн үндэсний өдөр (National Women of Color Day) болж байна. Өнгөт арьстан эмэгтэйчүүдийн үндэсний институт (National Institute for Women of Color, NIWC) 1986 онд энэ баярыг бий болгожээ.

Сандро Боттичелли энэ өдөр төржээ
 Сэргэн мандлын үеийн Италийн агуу зураач Сандро Боттичелли
 (1445.III/01 —1510 оны V/17)
 Боттичеллийн өөрийн хөрөг (“Волхвуудын шүтэн мөргөсөн нь” зургийн хэсгээс)
Сандро Боттичелли (жинхэнэ нэр нь – Алессандро ди Мариано ди Вани Филипепи) 1445 оны гуравдугаар сарын 1-нд Флоренци хотын  ажил хэрэгч хүний гэр бүлд төржээ. Анхан шатны боловсролоо Санта Мария Новелла хийдээс авсан бөгөөд хожим түүний бүтээлүүдийг тэнд тавьжээ.

“Волхвуудын шүтэн мөргөсөн нь”    
Анх тэрээр уран дархны мэргэжлээр суралцсан нь түүнд уран бүтээлийн авьяасыг суулгаж өгчээ. Уран зураг сонирхон Алессандро тухайн үеийн нэртэй зураач Филиппо Липпигийн урланд суралцжээ. Дараа нь Андрео де Вероккиогийн шавь болсон байлаа. Зураач 1470 онд өөрийн анхны захиалгыг авсан ба түүний Санта Мария Новелла сүмд “Волхвуудын шүтэн мөргөсөн нь” зураг ихээхэн сайн үнэлгээтэй байжээ. Тэр зурагт Боттичелли өөрийн хөргөө зурсан байна. Лоренцо ди Пьерфранческо Медичи түүний тогтмол захиалагч болсон юм. Боттичелли 1481 онд Сикстины  тэргүүн дуганын ханын зургийн чимэглэлд оролцоод Ромд буцан ирсний дараа “Хавар”, “Тэмцээн”, “Венера төрсөн нь” нэртэй зургуудыг библийн сэдвээр зуржээ.

 “Венера төрсөн нь”    
Зураач 1480-аад оноос алдар хүндийн оргилд хүрч, захиалгаар тасрахаа байв. Ганц бие түүнд ажлаа амжуулах нь хэцүү байснаас гол ажлаа л өөрөө зурж, бусад захиасыг нь шавь нар нь хийдэг байжээ.

Насан өндөр болох үедээ тэрээр даянчдын сургаалын Савонаролагийн үзэл санаанд автсан бөгөөд энэ үеийн уран бүтээлд нь шашны хандлага ихэсч, эмгэнэл ба нугаралт нь нэлээд тодруун байдаг. Амьдралын сүүлийн жилүүдэд нь түүний алдар нэрээс зөвхөн дурсамж л үлдсэн байв. Агуу зураач 1510 оны тавдугаар сарын 17-нд өөд болж, түүнтэй хамт нэр алдар нь мартагдав. Сандро Боттичеллийг  XIX зуунд Английн урлаг судлаач Жон Рескин ба рафаэлистууд гэх зураачдын бүлэг дахин нээн гаргаж ирсэн юм.

Макс Уолдман энэ өдөр тэнгэрт хальжээ

Америкийн театрын гэрэл зурагчин
Макс Уолдман (1919-1981. III/01)
 Фото: photoisland.net
Макс Уолдманы авсан гэрэл зураг. (photoisland.net) 

Макс Уолдман 1919 онд Нью-Йорк хотноо румын цагаачдын гэр бүлд төржээ.
 
 Түүнийг найман настай байхад нь эцэг нь нас барсан тул эх нь таван хүүхдээ тэжээж чадалгүй түүнийг асрамжийн газарт өгсөн байлаа. Макс Уолдман 1930-аад оноос гэрэл зураг авч эхэлжээ. Тэрээр энэ үед Байгаль орчинг хамгаалах корпуст алба хааж байжээ. Тавиад он гэхэд тэрээр загвар болон сурталчилгааны гэрэл зургаар мэргэшсэн, арилжааны амжилттай гэрэл зурагчин болсон байв. Жараад оноос Уолдман театрын зураг сонирхох болж ихээхэн амжилт, нэр хүндтэй болжээ. Тэрээр 1967 онд Орчин үеийн урлагийн музейд үзэсгэлэнгээ гаргаж байв. “Уолдман театрын тухай” гэсэн фото цомгоо 1971 онд хэвлүүлэн ХХ зууны театрын урлагийн шилдэг гэрэл зурагчин болсноо харуулсан юм.
 
 Макс Уолдманы авсан гэрэл зураг (photoisland.net)    

Тэрээр 1970 онд “Life” сэтгүүлийн захиалгаар Оросын бүжигчин эмэгтэй Наталья Макаровагийн зургийг авсан бөгөөд бүжгийн зураг авах нь бүжиг дэглэхээс нарийн гэж тэр хэлж байв. “Уолдман бүжгийн тухай” гэсэн цомгоо тэрээр 1977 онд хэвлүүлжээ. Макс Уолдманы гэрэл зураг нь хол зайтай мэт театр ба гэрэл зураг гэсэн урлагийн холбоос болсон юм. Макс Уолдман 1981 оны гуравдугаар сарын 1-нд нас баржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж