Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Боксын УАШТ эхэллээ

Монголын олимпийн боксын холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 15.00 цагаас Спортын төв ордны А зааланд эхэллээ. Энэ удаагийн улсын аваргад хөдөө, орон нутгаас долоон баг ирж, оролцож байгаа бөгөөд нийт 34 байгууллагын эрэгтэй 177, эмэгтэй 60, нийт 237 ширэн бээлийтэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөж байна. Тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш 18.30 цагаас болох бөгөөд өнөөдөр буюу эхний өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 15, эмэгтэйчүүдийн таван тоглолт болох юм. Мөн өнөөдөр Өвөр Монголын шигшээ багийн эмэгтэй тамирчидтай Монголын эмэгтэй боксчид сорил тулаан хийхээр болсон байна.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы нурууны бэртэл сэдэрсэн учир тэмцээн эхлэхээс ердөө хэдхэн хоногийн өмнө эмчийн дүгнэлтийн дагуу энэ жилийн улсын аваргыг өнжих болсон бол Азербайжаны “Баку Файерс” багтай гэрээ байгуулж, улмаар “World Series of Boxing” тэмцээнд оролцож буй дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт улсын аваргад оролцохоор өнөөдөр эх орондоо ирж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж