Тавантолгойн ТУЗ–аас намайг хөөх байх

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ТУЗ–аас намайг хөөх байх

Хан-Уул дүүргийн Иргэний танхимд өнөөдөр “Эх орны хишиг”, “Эрдэнэс Таван Толгой, түүний хувьцаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.  Энэхүү хэлэлцүүлгээр Эрдэнэс Таван Толгойн ашигт малтмалын хувьцааг хэрхэн авах талаар мэдээлэл хийж албаны төлөөлөгчид иргэдийн сонирхсон асуудалд хариулт өглөө.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/ -ийн гишүүн Ж.Батзандан орд газрын ашиглалт, хувиарлалттай холбоотой зарим шийдвэрүүдийн талаар шүүмжлэлт байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Тэрээр “Надад шүүмжлэн хэлэх зүйл олон байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын банкыг шалгаруулсан шалгаруулалт хууль бус хэмээн үзэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлд хөрөнгө оруулалтын банкны нэг ч танилцуулга орж ирээгүй. Гэтэл Ажлын хэсэг гэх Засгийн газрын таван гишүүн улс төрийн шийдвэрээр бүх зүйлийг шийдсэн. Уг нь Төрийн өмчийн оролцоотой компаниудад өмнө нь Хараат бус иргэний зөвлөл гэж байгаагүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр Хараат бус иргэний зөвлөл байгуулагдсанаар үйл ажиллагаа нээлттэй ил тод байхаар зохицуулагдсан. Хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрхийг хэдхэн Засгийн газрын гишүүнд алдаж болохгүй. Намайг ингэж хэлсэн гээд тэд нар намайг хавчиж шахах болно. ТУЗ-аасаа ч хөөх байх. Тэгсэн ч би айхгүй. Ер нь хэдэн дарга нарыг таргалуулахын тулд газрынхаа баялгыг ашиглалтанд оруулах гээгүй. Бизнесийг бизнесийн зарчмаар нь хиймээр байгаа юм. Бизнест улс төрчид оролцоод байх юм бол хувьцааны үнэ өсөхгүй. Хэрвээ ТУЗ-ын үгийг сонсохгүй байвал би ТУЗ-аас өөрөө гарна” гэв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж