
Ардын журамт цэрэг нийслэл хүрээг чөлөөлсний дараа Их жанжин маань ухаа хонгор мориноосоо буулгүй яг энэ газраас ард түмэндээ хандан “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх гүн гүнзгий утгатай, холч мэргэн үгээ хэлсэн гэдэг. Энэхүү түүхт үйл явдал, тэмдэгт газрыг онголж Сүхбаатарын талбай болгох Засгийн газрын шийдвэр гарчээ. Улмаар Ардын хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэх үед Монгол Улсын Төрийн шагналт, урлагийн гавъяат зүтгэлтэн С.Чоймбол тэргүүтэй уран бүтээлчдээр хөшөөг нь урлан бүтээлгэж сүлдэт эх орны хоймор, төв талбайдаа босгосон түүхтэй.
Тэр цагаас эдүгээ хүртэл морьтойгоо мөнхөрсөн Д.Сүхбаатар жанжны энэ хөшөө монголчуудын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болж, бүтэн жаран илүүтэйгээр бүх дэлхийд Монголыг тунхаглан таниулсан нэрийн хуудас болсоор ирсэн юм. Өнөөдөр бид МАН-ын 90 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ой, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатар жанжныхаа хөшөөг анхны жинхэнэ эхээр нь хүрлээр шинэчлэн бүтээж, эвт сууринд нь эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон ард түмнийхээ хүсэл, сэтгэлийг шингээн шинэ утга агуулгаар баяжуулан босгож байна” гэсэн юм. Дашрамд сануулахад, их жанжны хөшөөг босгосноос хойш 65 жил өнгөрч буй ажээ.
Г.Дарь