Баярын хурлыг өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Баярын хурлыг өндөрлүүллээ

Монголын улстөрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал өндөрлөлөө. Тус хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө МАН-ын ахмад гишүүн М.Адъяа намынхаа нийт гишүүд, дэмжигчид, төлөөлөгчдөд хандан үг хэллээ. Тэрбээр 1921 оны гуравдугаар сарын 1-нд мэндэлсэн, МАН-тай нас чацуу нэгэн аж. МАН-ын ахмад гишүүн М.Адъяа хэлсэн үгэндээ “Монгол Улсад улстөрийн ууган хүчин байгуулагдсаны 90 жилийн ойг мянга, мянган гишүүд дэмжигчид орон даяар тэмдэглэж байна. Тохиолдлоор энэ өдөр мэндэлсэндээ билигшээж байна. 90 жил гэдэг улс орны хөгжлөөр түүчээлэхэд залуу мэт санагдах ч, хувь хүний хувьд өндөр нас. Нөгөөтэйгүүр, манай намын 90 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүх юм. Манай нам ХХVI их хурлаараа уугуул нэрээ сэргээж, дүрмэндээ өөрчлөлт оруулж, ХХI зууны ойрын ирээдүйг тодорхойлсон билээ. Цаашид манай намын түүх зузаарч, улс орны хөгжлийн түүчээ болон замнана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үүний дараа ахмад гишүүн М.Адъяа МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод мөнгөн аягатай сүү барьж, ажлын амжилт хүслээ.

Улмаар хуралдаанд оролцогчид “Халуун элгэн нутаг” нутаг дууг бүх нийтээрээ дуулж, МАН байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээнд зориулсан баярын хурлыг өндөрлүүлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж