Л.Гансүхийг бичсэн шиг бичиж чадна

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

Л.Гансүхийг бичсэн шиг бичиж чадна

Сэтгүүлч А.Баатархуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Өнгөрсөн долоо хоно­гийн баасан гарагийн онцгой мэдээллийн эзэд нь та­най гэр бүл байлаа. Энэ мэ­дээлэлд нэг хэсэг нь “Цаг тухайд нь очоод байцаалт өгчихгүй” гэсэн дүгнэлт хийж байхад нөгөө хэсэг нь “Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эх хүнд ийм шахалт үзүүлж болохгүй” гэсэн байр сууринаас хандсан. Харин та энэ асуудалд Г.Уянга гэдэг эмэгтэйн эр нөхрийн хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ бол миний юу гэж үзэхээс үл хамаарах хуулийн асуудал. Анх Уянгад эрүү­гийн хэрэг үүсгэж шалгах үед бие нь муу байсан. Тэр үед эмнэлэг дээр ирж мэдүүлэг авах гэхэд нь “Бие муу байгаа учраас боломжгүй. Дараа ирээ­рэй” гэж хэлсэн. Гэтэл мөрдөн байцаагч нь тухайн үед хэлсэн үгийг нь анхны мэдүүлэг болгож хувиргаад, хэрэг үүсгэн прокурорт өгчихсөн. Ийм юм байж болохгүй биз дээ. Зарим хүмүүс яахаараа Баатархуяг, Уянга хоёр очиж мэдүүлэг өгч болдоггүй, бусад нь болдог юм бэ гэж байгаа л байх. Гэ­тэл цаад учир шалтгаан нь өөрөө хууль зөрчсөнд л байгаа байхгүй юу.
-Танай эхнэрийг та­ны бичсэн нийтлэлийн агуулгыг олны өмнө ярьсан гэж буруутгаад байх шиг байсан?
-Улаанбаатар паласт ярь­сан гэж л буруутгасан. Гэхдээ Уянга огт очоогүй биш очсон. Баянгол дүүргийн цагдаа дээр очиход нь хэрэг үүсгэчихсэн байсан. Тэгэхээр нь “Та нар юу хийж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд байсхийгээд л мэдүүлэг өг гээд дууддаг болчихсон.

-Энэ маргааныг өдүүлсэн хүн нь яах аргагүй та. Анх бичсэн гэдэг утгаар нь харвал шүү дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн хувьд та хоёрыг шууд утгаар нь хардсан бус гүтгэсэн гэж үзэж байгаа. Та өөрийгөө Л.Гансүх сайдыг гүтгэсэн гэж үзэхгүй байгаа бололтой. Тийм үү?
-Тэр нийтлэл анхнаасаа Л.Гансүх сайд руу чиглээгүй гэдгийг энд хэлэх ёстой байх. Өөрийгөө гүтгэсэн гэж үзээд байгаа тэр хоёр цуврал нийтлэлд Л.Гансүх гэсэн үгийг хайгаад үзвэл ердөө ганцхан л бий.
-Ганц байсан нь асуудал үүсгээд байгаа юм биш үү?
-Уг нь С.Баяраас эхлээд олон нэр дурьдсан. Түүнийг л өлгөж аваад “Намайг гүтгэсэн” гэж яриад байгаа юм. Би Л.Гансүхийг бичихдээ хүрвэл бичсэн шиг бичиж чадна. Олон жил хамт ажилласны хувьд юу хийсэн, яасныг нь би хангалттай хэлнэ. Одоо Гансүх Оюутолгойгоос авлига авсан гэж гүтгэсэн гэж яриад байна. Би тийм өгүүлбэр огт бичээгүй. Гол асуудал нь өнгөрсөн 2009 оны арванхоёрдугаар сард Гансүх гэдэг хүн байр авсан. Байр авахынхаа өмнө Л.Гансүх Оюутолгой, Тавантолгой, “Энержи ресурс”-ийнхантай уулзаж, хатуу хучилттай зам барих чиглэлээр ярилцан Засгийн газарт оруулахаар боллоо гэдэг албан ёсны мэдээ гарсан. Тавантолгой-Оюутолгой-Гашуун сухайтын чиглэлд хатуу хучилттай зам тавих эрх нээнэ л гэсэн үг шүү дээ.
-Лобби гэж үү?
-Ямар ч байсан үүний дараа байр авсан. Байр авах авахдаа “Эм-Си-Эс” группийн дэд захирал Л.Энх-Амгалангаас авсан байсан. Тэр байрыг үнэлэхдээ 120 сая төгрөгийг нь бэлнээр, үлдсэн 45 сая төгрөгт нь www.duut.mn тэргүүтэй гурван сайтыг тус бүрийг нь 15 сая төгрөгөөр бодож өгсөн байсан. Хотын төвд байрлалтай “А” зэрэглэлийн хаусыг шүү дээ. Бид энэ асуудлыг сэтгүүлчийнхээ хувьд бичих, мэдээлэх үүрэгтэй. Гансүх ингэж сүржигнэж байхынхаа оронд зүгээр л “Миний өнгөрсөн жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг энэ. Энэ жилийнх нь энэ. Энэ хаусыг ингэж авсан” гээд зүгээр л тайлбараа хэлчих хэрэгтэй байхгүй юу. Гэтэл тэгээгүй.
-Тэр хаус нь 170 орчим сая төгрөгөөс хол илүү үнэтэй гэсэн үг үү?
-Таун хаусын зах зээлийн өртөг хэд байгаа билээ. Тэгээд бодоод үз л дээ. Үнэ өөртөө мэдээлэл шингээж байдаг. Би тэр мэдээллийг л гаргасан. Хэт хямд, хэт өндөр үнэ чинь өөрөө асуудал шүү дээ.
-Асуудлыг арай аятайхан өнцгөөс нь харах гээд оролдьё л доо. Нэгэнт Засгийн газар бүтээн байгуулалтад анхаарал хандуулж байгаа учраас зам барих хэлэлцүүлэг тухайн үед болж. Энэ үед Л.Энх-Амгалан гэдэг захирал байраа зарах хүн хайж байж. Үүнийг нь дуулсан Л.Гансүх сайдад ч бас орон сууцаа шинэчлэх шаардлага байсан учраас сэтгэлд нь таалагдаад авахаар шийдэж гээд л. Нэг ёсны зарим үед тохиолддог гэнэтийн давхцал байсан байж болох юм гэж харвал яасан юм бэ л гэх гээд байна л даа?
-Өөрт чинь тэгж бодвол хэтэрхий олон тохиолдол санагдахгүй байна уу. Би гурван тохиолдол ярьж байна шүү дээ. Тэгээд ч би нийтлэлдээ энэ тухай огт бичээгүй. Мөрдөн байцаалтын явцад гарч ирсэн мэдээлэл нь л энэ. Асуудал цаашаагаа яваад байгаа байхгүй юу. Тиймээс ч би Гансүх сайдыг Авлигатай тэмцэх газарт өгнө гэж бодож байгаа.
-Өнөөдрийн хэвлэлд таныг “Л.Гансүх сайдыг АТГ-т өгнө” гэж хэлсэн тухай мэдээлэл гарсан байсан?
-Хуулийн зөвлөх, өмгөөлөгчтэйгөө уулзаж ярилцаад өгнө л гэж бодож байна. Тэгэхгүй бол болохгүй нь. Миний хэрэг гэхэд хоёр удаа хэрэг үүсгэх боломжгүй гээд буцаагдсан. Гэтэл Гансүх заавал хэрэг үүсгэнэ гээд дайраад байгаа. Бас гайхалтай байгаа биз дээ.
-Л.Гансүх сайд “Гүтгэсэн хүнтэй хайр найргүй үзэлцэнэ” гэж хэлж байсан. Гэсэн ч та нар бие биеэ танихгүй хүмүүс биш ярилцаад учраа ололцож болдоггүй юм уу?
-Бид хоёр Ардчилсан намд хамт ажиллаж байсан. Энд нэг юм хэлэхэд Ардчилсан намынхан маань хэвлэлд хамгийн их хатуу ханддаг. Харин Ардын намынхан харьцангуй гайгүй шүү. Миний хувьд Гансүх сайдтай уулзаж, ярилцах шаардлага байхгүй.
-Яагаад?
-Гомдоод байдаг юм. Тэгээд ч энэ асуудлыг ингээд хүлцэнгүйгээр хүлээж авбал зөвхөн бид хоёрт тохиолдоод дуусна гэж байхгүй болно. Бүх сэтгүүлчийн өмнө ийм асуудал тулгарна. Эрүүгийн хуулийн энэ 101.1, 101.2 гэсэн заалтыг ингэхийн тулд л хийсэн.
-Зарим нэг хүн та хоёрын асуудлыг өөрсдийн талд ямагт ашигтайгаар, карьераа өсгөх шат болгож ашигладаг айхтар хүмүүс гэж ярих нь бий. Энэ асуудлыг ч бас тэр өнцгөөс нь харж болох юм?
-Би тэгж бодохгүй байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Уянгыг Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад хэвтэж байхад тэдэн рүү ландтай эр дайрсан. Өнөөдөр тэр хүн хаа байна. Хэрэг хүлээх чадваргүй гээд л тавиад явуулсан. Гэтэл өөрсдийгөө дайруулах ажиллагааг зохион байгуулсан гэх яриа гарч байсан. Хүн өөрөө өөрийгөө дайруулж, карьераа өсгөнө гэж байх уу. Энэ удаад ч адилхан. Зүгээр бид хоёрын хувь тавилан байж болох юм. Мангар ч юм шиг тэгээд л болохгүй, бүтэхгүй бүхний өмнө гараад л. Үүнийхээ оронд санаа амар ажлаа хийгээд мөрөөрөө явж болох л байх. Даанч бид тэгж чадахгүй байна л даа.
-Та хоёрыг хэн ч мангар юм шиг гэж хэлэхгүй байх. Харин сэтгүүлчийн ажлаас нам руу, намаас иргэний хөдөлгөөн рүү, одоо эргээд нам руу гээд л маш тооцоотой хөдөлдөг хос гэж хэлж болох юм. Дээр нь, үйлдэл болгоных нь ард тодорхой зорилго нуугдаж байдаг болов уу гэж бодмоор?
-Энд юу нь тооцоо байгаа юм бэ. Хэрэв зорилго байгаа бол тэр нь нэг л зорилго бий.
-Ямар зорилго вэ?
-Хувьсгалын зорилго.
-Таны нийтлэлийн агуулгаас энэ зорилго тань анзаарагдаад барахгүй батлагддаг?
-Тийм ээ. Энэ бүх заваан зүйлийг жаахан сайхан болгочихмоор байна. Би өөрөө дарга, УИХ-ын гишүүн болчихъё гэж яваагүй. Чи бод л доо. Би Ардчилсан намын нарийн бичгийн даргын ажлыг хаяад явж байсан. Надтай хамт нарийн бичгийн дарга хийж байсан Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн болсон. Элбэгээ дараа нь надад “Хуягаа, чи жаахан ухаантай байсан бол Тэмүүжин шиг болох байсан шүү” гэж хэлж байсан. Би Тэмүүжингээр бахархдаг. Гэхдээ би өөрийнхөө хувьд гишүүн болох зорилго тавиагүй. Зүгээр л энэ нийгмийг аятайхан болгох юмсан л гэж боддог.
-“Гарцаагүй хувьсгалын босгон дээр”, “Хувьсгалын хоёр дахь давалгаа” гэх мэт таны нийтлэл бүгд “Монголд хувьсгал болно” гэдгийг хэлж байгаа. Тэгвэл өөрийн тань тэр хүсээд байгаа хувьсгалыг хэн хийх вэ гэдэгт та ямар хариулт өгөх вэ?
-Бид хийнэ.
-Бид гэдэгт тань ямар хүмүүс орох юм?
-Миний нөхөд хийнэ. Ардын нам, Ардчилсан намд байгаа санал бодол нэгтэй залуус хийнэ. Уянга бид хоёр өнгөрсөн хугацаанд үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцэж ирсэн. Ингэхдээ сониноо хаалгаж, дарамтлуулж, олон бэрхшээлийг үзсэн. Бидэнтэй адил жаахан ч гэсэн сайн сайхныг бий болгохын төлөө тэмцэх хүн олон бий гэдэгт итгэлтэй байна. Ер нь тэгээд ирэх дөрөвдүгээр сард нэг юм болно шүү.
-Юу болох вэ. Товчхондоо бол хувьсгал уу?
-Тийм ээ. Хувьсгал болно.
-Яагаад заавал хувьсгал гэж?
-Өнөөдөр дэлхий даяар хувьсгал болж байна.
-Гэхдээ дэлхий нийтэд өрнөж байгаа хувьсгалын засаглал нь тодорхой байгаа. Харин Монголд бол засаглал ойлгомжгүй болчихсон. Олон хүн “Та ямар нийгэмд амьдарч байна вэ” гэдэгт тодорхой хариулт өгч чадахгүй болов уу. Тэгэхээр өөрийн тань хэлээд байгаа хувьсгал ч бас тодорхой бус зорилготой болох биш үү?
-Харин өөрийн тань хэлээд байгаа энэ тодорхой бус байдал чинь л хамгийн том асуудал нь байхгүй юу. Хосни Мубарак өнгөрсөн 30 жилийн турш египетчүүдэд “Манай улс хамгийн ардчилалтай орон” гэж хэлээд засгийг дангаараа барьж ирсэн. Ард иргэд нь ардчилал байхгүй гэдгийг 30 жилийн дараа ойлгож, түүнийг засгаасаа хөөсөн. Тэгвэл өнөөдөр Монголд хэдэн нам төрийн эрх барьж байна.
-Уг нь бол хоёр. Та мэдээж нэг л гэж хэлэх байх. Тийм үү?
-Тийм ээ, нэг л нам засаг барьж байна. Ардчилсан засаглалын мөн чанар болох сөрөг хүчин нь хянах үүргээ биелүүлэхгүй нэгдээд, нэг нам болчихсон. Энэ нөхцөлд иргэд нь ядаж үг хэлэх ёстой биз дээ. Энэ бол бидний үүрэг байх ёстой.
-Албан тушаалтныг хардах, шүүмжлэх эрхтэй иргэний эрхийг заавал хувьсгал руу “турхирах” гол ач холбогдол нь юу юм бэ. Наад зах нь, долдугаар сарын 1-ний үйл явдлыг хүмүүс дахиж үүсээсэй гэж хүсэхгүй байгаа шүү дээ. Энэ шалтгааны улмаас таны хувьсгал хийнэ гэдэг ярианаас айх хүн нэг биш байх болов уу. Э.Бат-Үүл гишүүн ч тэр “Баатархуягийн нийтлэлээс цус үнэртэж байна” гэж хэлсэн байсан?
-Тэр нийтлэлийг уншсан олон хүн “Энэ бол Э.Бат-Үүлийн үг биш байна” гэж над руу утасдаж байсан. Миний хувьд тэр нийтлэлээс яагаад цус үнэртэх болсныг ойлгоогүй. Тийм утга санаа юу ч байгаагүй. Харин зарим нэг хүн яагаад тэднээс цус үнэртэх хэмжээнд айгаад байна вэ гэдэг нь л сонин байсан. Тэд 1990 оны хувьсгалыг оготны хамраас ч цус гаргахгүй хийчихээд яагаад хоёр дахь хувьсгалыг цусгүй хийнэ гэдэгтээ итгэхгүй байгаа юм бэ. Нэн ялангуяа Ардчилсан намынхан яагаад итгэхгүй байна вэ. Эс бол тэд хувьсгал хийгээгүй юм уу. Сүүлийн 20 жил либерарь нийгмийг бий болгоно гэж ярьсан нь хаа байна. Бүгдээрээ зүүний чигийн бодлого руу хэлбийчихсэн. Асуудлыг цааш нь ингээд яривал нэлээд том асуудал болно байх л даа.
-Нийтлэлийн тань тухайд олон хүн таныг бүх асуудлыг хараар будах сонирхолд автчихсан хүн гэж дүгнэх нь бий. Та энэ талаар сонсч л байсан байх?
-Наад үгийг чинь харин хүмүүс хэлээд байгаа юм аа. Миний хувьд сайн сайхныг бичсэн бичээгүй тэр бүхнийг захиалгаар сайныг сайнаар нь, сайхныг бүр сайхан болгож бичих УИХ-ын аппарат, Засгийн газрын аппаратны олон хүн бий гэж боддог. Бүгд тэгж байх үед би сайхныг нь бичиж яах юм бэ. Түүнээс бус би мэдээж сайн сайхныг олж хардаг, бичихдээ хүрвэл бичиж чадах л хүн шүү дээ.
-Тэгвэл таны тэр хүсээд байгаа хувьсгал Монголд ямар нийгмийг бий болгох юм бэ?
-Хувьсгалын зорилго нь баялгийн хуваарилалтыг шударга болгоно. Улсын хэмжээний нийт хадгаламжийн 97 орчим хувь нь Монгол Улсын хүн амын гурван хувийн дансанд бий гэдэг мэдээлэл гараад байгаа биз дээ. Ийм байж болохгүй шүү дээ.
-Та либераль үзлийг сурталчилж байгаа хэрнээ бусдыгаа хөрөнгөтэй байхыг нь эсэргүүцэж болж байгаа юм уу?
-Би бизнесийн салбар руу дайраагүй. Чадлаараа хөдөлмөрлөж хөрөнгөтэй болсон хүмүүсийг энд хамруулахгүй байгаа шүү. “Женко” Х.Баттулга, “Буян”-гийн Б.Жаргалсайханы тухай энд яриагүй. Тэднээр бид бахархах ёстой. Би хувьдаа хөрөнгөтнийг үзэн ядаагүй. Харин ч бахархдаг. Харин тэдний хажууд ганц ч хөдөлмөр зарцуулж үзээгүй төрөөс төрсөн тэрбумтнуудын асуудлыг ярих хэрэгтэй. Энд ялгаа бас бий. Хувьсгалын гол зорилго нь л энэ.


Г.ОТГОНЖАРГАЛ. УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж