УИХ хууль баталсаар, Улаанбаатар утаан дундаа

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

УИХ хууль баталсаар, Улаанбаатар утаан дундаа

Намрын чуулган завсарлахаас ердөө хоёр хоногийн өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулйн төслийг хэлэлцэх үед “Хойд насанд тань Улаанбаатар хот утаагүй болно” гэдэг онигоо төрж, билээ. Төсөлд бол 2013-2014 онд шилжих өвөл Улаанбаатар хот агаарын бохирдолгүй болно гээд тодорхой заачихсан байсан ч, УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаяр энэ заалтыг олж уншаагүйгээсээ болж, онигооны баатар болсон юм. Гэхдээ онигоо биеллээ олж мэдэх нь. УИХ-аас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой нэг том хөтөлбөр, нэг том хууль баталсан ч, ажил эхлээгүй л байна.
Цаг хугацааны хувьд хөөж үзвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг УИХ 2010 оны зургадугаар сард баталсан бол Ерөнхийлөгчийн санаачилсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг энэ оны хоёрдугаар сарын 10-нд буюу намрын чуулган завсарладаг өдөр баталсан юм.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт хөрөнгө алга
 
“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгасан ажлууд уг нь 2010 оны хоёрдугаар хагасаас эхлэх ёстой байв. Гэвч хөрөнгөгүйгээс шалтгаалж, одоо хэр нь ажил эхэлсэнгүй хүлээлтэд шилжжээ. Нийт дүнгээрээ 18.1 их наяд төгрөг шаардсан хөтөлбөрийн хөрөнгийн эх үүсвэрийг УИХ-аас батлахдаа стратегийн орд газраас босгоно хэмээн тусгасан байна. Стратегийн орд гэдэг нь өнөөх Оюутолгой, Тавантолгойн ордууд. Багахан хэсгийг улсын нэгдсэн төсвөөс авах ёстой. Мөн гадаадаас өгөх зээл тусламжийг ч энэ чиглэлд зарцуулна гэжээ. Харамсалтай нь, орд газрууд эргэлтэд ороогүй, гаднаас хэн гээч буянтан нь туслалцаа өгөх нь тодорхойгүйгээс Улаанбатаар хотын агаарын бохирдлыг бууруулах нэгэн төлөвлөгөө ийнхүү мухардалд орж, хүлээлтэд шилжсэн нь энэ юм.
Хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц барьж эхлэх учиртай. Одоо тэгтэл шав ч тавигдаагүй. Мөн Улаанбаатар хотыг аймгийн төвтэй холбох хатуу хучилттай авто зам баригдана. Эдгээр нь эхний ээлжинд хийгдэх ёстой ажлууд. Харин нийслэлийн нийтийн тээврийг газад шилжүүлэх, гэр хороололд түүхий нүүрс хориглох заалтууд нь 2014 онд нэгмөр хэрэгжих ёстой юм. Өөрөөр хэлбэл, 2014 он гэхэд нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэд түүхий нүүрс түлэхээс татгалзаж, дулаанаа утаагүй түлш, цахилгаан халаагуураар хангах ёстой болж буй. Сэрдэггүй бол сайхан л зүүд. Улсын ажил хөрөнгөгүйгээс шалтгаалаад нэг нь ч эхлээгүй байхад өдрийнхөө хоолыг яая даа гэж болгодог гэр хорооллынхон 2014 онд түүхий нүүрсээ хэрэглэхгүй байж чаддаг л байгаа даа. Утаагүй түлшний үнийг түүхий нүүрснийхтэй харьцуулбал 2-3 дахин их үнэтэй. Дээр нь илчгүй тул гэр хорооллынхон арга буюу түүхий нүүрсээ түлэхээс аргагүй байгаа билээ. Мөн хөтөлбөрт тусгаснаар гэр хороолынхны зарим хэсгийг хагас коксжсон түлшээр хангана гэж заачихсан. Гэтэл өнөөх хагас коксжсон түлш үйлдвэрлэх,  үйлдвэрийг байгуулах “Аморе интернэшнл” компанид тийм технологи нь байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр өнгөрсөн өвөл мэдэгдэж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулахаар бичиг үйлдээд авсан ч, хөдөлгөж чадаагүй. Гэр хорооллынхныг цахилгаан халаагуураар халаая гэвэл Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагатай. Одоогийн хүчин чадлаар бол 20 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлээд хүчин чадал дуусахаар байгаа. Тиймээс Улаанбаатар хотыг утаанаас салгах “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгасан ажил хэзээнээс эхэлж, ажил хэрэг болохыг хүлээж л суухаас өөр аргагүй нь. Харин энэ хооронд УИХ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хэчнээн хуулийг батлах бол.

Нэг өрхөд дөрвөн сая төгрөг зарцуулна

 “Утаагүй Улаанбаатар” нэрээр УИХ-д орж ирж байсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг гишүүд хөдөө, хотоороо талцан, уралцаж, нэлээд юм болцгоож баталж билээ. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэлэлцэх шатанд гишүүд “Зорилго нь зөв ч арга нь буруу төсөл” хэмээн шүүмжилж байв. Ийм шүүмжлэлийг хүлээхэд хүргэсэн гол цензур нь хязгаарлалтын бүсэд хамруулсан өрхийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлж, гэрийг нь чанарын шаардлага хангасан дулаан алддаггүй дулаалгын материалаар бүрэх гэсэн заалт байсан юм.  
Түүнчлэн төсөлд агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн үйлчилгээ, үйлдвэрлэлийг дэмжиж, урамшуулах. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох. Цахилгаан эрчим хүч болон хий, коксжсон түлшний эх үүсвэрээр халаах технологийн шинэчлэлийг 2011-2012 онд багтаан хийх.
Тав, зургадугаар цахилгаан станцуудыг 2011 онд барьж байгуулах ажлыг эхлүүлэх, 2013 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах, 2014 онд барьж дуусгах гэх мэт заалтуудыг тусгасан байв. Харин хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө шаардах вэ гэдэг нарийвчилсан тооцоог Сангийн яам ирэх гуравдугаар сарын 15-ны дотор багтаан гаргаж, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх ёстой.
Гэхдээ дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн агаарын чанарын албанаас хязгааралтын бүсийг тогтоогоод байна. Түүнд зааснаар нийслэлийн Баянгол дүүргийн 9,10,11,16 дугаар хороо буюу Гандангийн дэнжийн айлууд, Чингэлтэй дүүргийн 7,8,9,10,11 дүгээр хороо буюу Монголын радио, телевиз орчмын айлууд хамрагдана. Эдгээр есөн хороог хязгаарлалтын бүсэд хамруулахад эхний ээлжинд 85 тэрбум төгрөг, дагалдан гарах арга хэмжээнд 21 тэрбум төгрөг, нийт дүнгээрээ 106 тэрбум төгрөг шаардаж байгаа юм. Ингэхдээ есөн хорооны 20 мянган өрхийн шөнийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлөх, шахмал түлш хэрэглэхэд үнийн дүнгийнх нь 50 хувьд мөн хөнгөлөлт үзүүллээ гэж үзэхэд эхний ээлжинд улсаас 85 тэрбум төгрөг гаргах шаардлагатай болж буй. Энэхүү 85 тэрбум төгрөгийг нэг өрхөд хуваахаар 4.2 сая төгрөг ногдоно. Нийслэлийн гэр хорооллын 140 мянган өрхийг ингэж халамжилхад их наядаар шаардсан хөрөнгийг шаардах болж буй тул хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа Засгийн газар орон сууц барих нь дээр үү, эсвэл татвар төлөгчдийн мөнгийг ийм байдлаар үрэн таран хийх үү гэдгээ дахиад нэг бодох л хэрэгтэй болох нь. Хэрвээ татварын мөнгийг нэг өрхөд 4.2 сая төгрөг ногдох байдлаар “цацна” гэвэл Улаанбаатар хот утаатайгаа бургилсаар ХХI зууныг үдэж мэдэх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж