3-р сарын 1 бүрт МАН-д ”Шавар хаана”

Хуучирсан мэдээ: 2011.03.01-нд нийтлэгдсэн

3-р сарын 1 бүрт МАН-д ”Шавар хаана”

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос өчигдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлан хуралдууллаа. Хэвлэлийн хурал зарлан хуралдуулах болсон шалтгаанаа Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар танилцуулахдаа “Бид Ерөнхий сайд С.Батболдод 2011 оны нэгдүгээр сарын 25-нд албан шаардлага хүргүүлсэн.  Хот суурин газарт оршин сууж буй гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бий болгох, байгалийн баялгаас олж буй орлогоос иргэдээ байртай болгоход зориулахыг уг шаардлагадаа тусгасан. Уг шаардлагынхаа хүрээнд гэр хорооллынхныг уриалж гуравдугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр ирж гарын үсгээ зурцгаах уриалга гаргасан. Гэсэн хэдий ч Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны гишүүн болох Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай гэгч “Сүхбаатарын талбайд манай залуучуудын холбооныхон долоо хоногийн хугацаатай түрээсэлсэн тул та бүхэнд боломж олдохгүй нь” гэсэн хариу өглөө. Иймд гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчныг бий болгохын төлөө хийх тэмцлээ улам өргөтгөхийн тулд хэвлэлийн бага хурал зарлан хэвлэлийн байгууллагынханд мэдэгдлээ” гэв.
Түүнчлэн МАН-ын ой, Улс төрийн нам байгуулагдсаны ойн өдөр гэгдэх гуравдугаар сарын 1-ны өдрийг “Хот суурин газрын гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах өдөр” болгох санал гаргасан аж. МАН-ын залуучуудын байгууллагын үйл ажиллагаатай давхардсан,Сүхбаатарын талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эхлээд мөн тэдгээр залууст олгочихсон тул Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхны гарын үсэг цуглуулах ажиллагаанд ийнхүү “шавар хаасан” гэнэ. Иймд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон дараа дараагийн жилийн мөн л энэ өдөр, МАН-ын баярын өдөрт нь “шавар хааж” ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байхаар болсон аж.
Энэ талаар тэд “Монголд гэр хороолол байхгүй болсон цаг үе иртэл гуравдугаар сарын 1-ний өдрийг бид тэмцлийн өдөр болгон өнгөрүүлэх болно. Гэр хороололд утаан дунд, өөрөөсөө хэд дахин хүнд усыг зөөж буй хүүхдүүд байсаар байхад анхаарах эхний асуудал намынхны баяр цэнгэл биш гэр хороолол байх болно” гэв.  
Түүнчлэн Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг халз мэтгэлцээнд дуудаж, өдөртөө багтаан урилгаа хүргүүлэх тухайгаа мэдээлэв. Ерөнхий сайдад хаягласан уг урилгад “Хот суурин газрын гэр хорооллын оршин суугч хэн боловч Монгол улсын үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдарч сурч боловсрох эрхийнхээ хүрээнд байгалийн баялгаас орох орлогоос үнэ төлбөргүйгээр хоёр өрөө орон сууцыг өрх бүрт олгох эрх зүйн орчинг бий болгох эсэх асуудлаар 2011 оны гуравдугаар сарын 8-ны өдөр халз мэтгэлцээнд урьж байна” гэсэн байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж