Засаг даргаа эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Засаг даргаа эсэргүүцэв

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын томилгоо хууль бус болсон хэмээн тус дүүргийн иргэдийн төлөөлөл  өнөөдөр  мэдээлэл хийлээ. 250 гаруй мянган хүн амтай  тус дүүргийн Засаг дарга Ц.Болдыг өнгөрсөн оны гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын захирамжаар  энэхүү албан тушаалд томилжээ. Харин тус дүүргийн иргэдийн төлөөлөл О.Түшиг, Н.Алтанцэцэг, Н.Дашдаваа, Б.Батжав нар “Өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14  төлөөлөгч 40 хувийн ирцтэй хуралдаж, дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн нь “ИТХ нь 51 хувиас доошгүй ирцтэй байх” тухай хуулийн заалтыг зөрчсөн. Энэ хууль бус шийдвэрийг хотын дарга захирамжаар баталгаажуулж дүүргийн Засаг даргаар Ц.Болдыг томилоод бүтэн жил шахам хугацаа өнгөрлөө” гэсэн юм.Тэдний хэлснээр энэ оны төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадахгүй байгаа аж. Тиймээс дүүргийн иргэдийн эрх ашгийг бодож  хууль ёсны засаг дарга томилох,  2011 оны төсөвийг анхааралдаа авахыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм. Ц.Болд нь  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Зохион зааварлах хэлтэст хуулийн асуудал, хороо хариуцсан зохион байгуулагч, ахлах мэргэжилтэн, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, Хот тохижилтын хэлтсийн дарга, Нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж