УИХ-ын дарга докторын зэрэг хамгаалав

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга докторын зэрэг хамгаалав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл “Монгол төрийн албаны ёс зүйн төлөвшлийн асуудал” сэдвээр өнөөдөр Удирдлагын академид Удирдахуйн ухааны доктор (PhD)-ын зэргийг амжилттай хамгааллаа.

Тэрбээр сүүлийн арваад жилийн хугацаанд төрийн албаны ёс зүйн байдалд хийсэн судалгааны материалдаа түшиглэн “Монгол төрийн албаны ёс зүйн асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.

Тус академийн професссорын багийн ахлагч, доктор, профессор Ш.Түдэв докторант Д.Дэмбэрэлийн энэхүү диссертацийн гол ололт нь төрийн албаны ёс зүйн асуудлыг хийсвэр байдлаар өөрийнхөө хүрээнд метафизик түвшинд биш харин судалгаанд нь тодорхой үзүүлэлт, итгэлцүүр, хэмжигдэхүүн хэрэглэж болдог хүнд суртал, авлига, сонирхлын зөрчил, эрх мэдэл, албан тушаалын төлөөх ил, далд “дайн” зэрэг ёс зүйн шинжтэй зангилаа асуудлуудыг бүрэн хамруулж судалснаараа төрийн албаны ёс зүйн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлон гаргаж чадсан төдийгүй өөрийн хийсэн шинжилгээндээ тулгуурлан төрийн албаны ёс зүйг төлөвшүүлэх арга замын асуудлыг хөндсөнөөрөө практик ач холбогдолтой болсныг үнэллээ.

Мөн тус бүтээлийн албан ёсны шүүмжлэгчийн нэг академич, доктор, профессор С.Нарангэрэл эл диссертаци нь сэдвийн хувьд амаргүй, манай өнөөгийн нийгэмд тулгарч буй чухал асуудлыг хөндсөн, практик ач холбогдолтой, энэ сэдвээр Монгол Улсын түүхэнд диссертацийн түвшинд бичигдсэн анхны бүтээл болохыг онцоллоо. Энэ ч утгаараа уг диссертацийг нийтийн хүртээл болгох нь цаашид эл сэдвээр эрдмийн зэрэг горилогчид, судлаач, сонирхогчдод ихээхэн ач тустайг тэрбээр дурдаж  байлаа.

Тус академийн Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд докторантын судалгааны бүтээлийг “үндэслэл сайтай, төрийн албаны ёс зүйн өнөөгийн байдлыг олон талаас нь ул суурьтай судалж шинэлэг санаа, дүгнэлт гаргаж чадсан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсныг онцлоод Удирдахуйн ухааны доктор (PhD)-ын зэрэг олгохоор санал нэгтэй шийдвэрлэлээ.

УИХ-ын даргын энэхүү судалгааны бүтээл нь төрийн албанд оршиж буй ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэнээрхэл, хүнд суртлын байдалд бодитой дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгснөөрөө цаашид төрийн албаны үйл ажиллагаа тунгалагшиж цэвэршихэд тус дөхөм болохуйц ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж