“Хааны айлтгал” Оскарт цахиур хагаллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Хааны айлтгал” Оскарт цахиур хагаллаа

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг Оскарын кино наадам энэ жил 83 дахь удаагаа шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн Оскарын наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино”, “Шилдэг эрэгтэй дүр”, “Шилдэг кино зохиол” гэсэн дөрвөн гол төрөлд Английн хатан хаан Элизабетын эцгийн тухай намтарчилсан кино болох “The King"s Speech” буюу “Хааны айлтгал” кино ялагчаар тодорлоо. Уг киноны найруулагчаар ажилласан Том Хупер “Алтан бөмбөрцөг”-өөс шилдэг найруулагчийн шагнал хүртснээр энэ жилийн Оскарын эзэн болно гэдэг нь бараг тодорхой болоод байсан юм.

Харин “Шилдэг кино” төрөлд “Inception”  “Black Swan” болон “The Social Network” кинонууд хүчтэй өрсөлдөгч байсныг онцлох хэрэгтэй. “Оскар”-ын бас нэгэн шилдэг баг бол үзсэн хүн бүр сэрүүн байгаадаа эргэлзэхэд хүргэсэн “Inception” буюу “Эхлэл” киноныхон байлаа. Тэд “Шилдэг зураг авалт”, “Шилдэг дууны найруулга”,  “Шилдэг дууны хяналт” болон  "Шилдэг визуал эффект" гэсэн дөрвөн төрөлд Оскарын эзэн болсон юм. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан “Black Swan” буюу “Хар хун” кино зөвхөн шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд л ялагч болсон нь зарим үзэгчийг сэтгэл дундуур үлдэхэд хүргэсэн байж магадгүй юм. Залуу балетчин бүсгүйн дүрийг бүтээсэн Натали Портман бүтэн нэг жилийн турш балетаар хичээллэж байж “Хар хун” киноны дүрийг бүтээсэн ба сэтгэлзүйн талаас өөрийн дүрээ маш чадварлаг харуулж чадсан хэмээн мэргэжилтнүүд түүнийг өндрөөр үнэлсэн юм.

“Оскар 2011” наадмын ялагчдыг танилцуулья.


1. Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино – "The King"s Speech" /Хааны айлтгал/

2. Шилдэг эрэгтэй жүжигчин-  Колин Ферт "The King"s Speech" /Хааны айлтгал/

3. Шилдэг эмэгтэй жүжигчин- Натали Портман "Black Swan" /Хар хун/

4. Шилдэг эрэгтэй туслах дүр- Кристиан Бейл "The Fighter" /Тулаанч/

5. Шилдэг эмэгтэй туслах дүр- Мелисса Лео "The Fighter"/Тулаанч/

6. Шилдэг найруулагч- Том Хупер "The King"s Speech" /Хааны айлтгал/

7. Шилдэг гадаад хэл дээрх кино- "In a Better World" /Сайхан дэлхий ертөнцөд/

8. Шилдэг шинэчлэн бичсэн кино зохиол-Аарон Соркин "The Social Network"

9. Шилдэг эх кино зохиол-Девид Сейдлэр "The King"s Speech" /Хааны айлтгал/

10. Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино-"Toy Story 3" /Тоглоомын түүх/

11. Шилдэг уран сайхны найруулга-"Alice in Wonderland" /Алиса гайхамшгийн оронд/

12. Шилдэг зураг авалт-"Inception" /Эхлэл/

13. Шилдэг дууны найруулга -"Inception" /Эхлэл/

14. Шилдэг дууны хяналт -"Inception" /Эхлэл/

15. Шилдэг киноны хөгжим -"The Social Network" Трент Резнор

16. Шилдэг киноны дуу -"We Belong Together" "Tоглоомын түүх 3” киноны дуу

17. Шилдэг хувцас загвар -"Alice in Wonderland" /Алиса гайхамшгийн оронд/

18. Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино -"Inside Job" /Хулгай/

19. Шилдэг богино хэмжээний баримтат кино -"Strangers No More" /Харийнхан үгүй/

20. Шилдэг кино хяналт -"The Social Network"

21. Шилдэг нүүр хувиргалт -"The Wolfman" /Хүн чоно/

22. Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино- "The Lost Thing" /Алдагдсан зүйлс/

23. Шилдэг богино хэмжээний кино -"God of Love" /Бурхны хайр/

24. Шилдэг визуал эффект -“Inception” /Эхлэл/

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж