Хөрш орнууд урагшаа харж хөгжих ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хөрш орнууд урагшаа харж хөгжих ёстой гэв

МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Хятадын Коммунист нам /ХКН/-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга, дэд сайд Лю Зэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    МАН-ын түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд талархал илэрхийллээ.

    Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн намууд хоорондын харилцаа чухал үүрэгтэй. Өнгөрсөн онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, хэдхэн хоногийн өмнө Гадаад хэргийн сайд Ян Жэчи манай улсад айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй байгаагийн илрэл. Ерөнхий сайдын хувиар энэ онд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна гэж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв.  

    Монгол Улс, БНХАУ нь хөрш орнуудын хувьд урагшаа харж хамтран хөгжих ёстой. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй, сайн байгаад сэтгэл ханамжтай байна гэж тэрбээр тэмдэглэлээ.

    ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Лю Зэй хэлсэн үгэндээ нам хоорондын харилцааг чухалчлан үзэж байгаад Монгол Ардын намд талархалаа илэрхийлэв. 

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын үед Монгол Улс эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлаа хадгалж, хямралыг богино хугацаанд амжилттай давсанд ХКН баяр хүргэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Хоёр орны худалдаа, соёл, хүмүүнлэг, аюулгүй байдал болон бусад салбар,  бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад БНХАУ-ын төр, засгийн удирдлагууд сэтгэл ханамжтай байна гэж Лю Зэй хэлэв.   
Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа өндөр, дээд түвшинд хүргэх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын хийсэн айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох, жирийн иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр орны залуучуудын чуулга уулзалт зохион байгуулах зэрэг олон асуудлаар талууд санал солилцлоо. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж