Түшээд Спортын ордонд саатав

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Түшээд Спортын ордонд саатав

Засгийн ажлаа түр хойшлуулж, зааланд өнгөрүүлсэн нэг өдөр

Эрүүл мэндийн яамнаас 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” болгон зарласан билээ. Тэгвэл үүний салхийг хагалж, УИХ, Засгийн газар, яамдын удирдлагуудыг хамарсан сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн өчигдөр Спортын төв ордонд болсон юм. Улс төрчдийг бид костьюм, зангиа зүүснээр л төсөөлдөг. Төрийн удирдлагуудыг бэлтгэлийн өмд цамцтай тэр бүр харахгүй. Харин энэ удаа зориулалтын өмсгөлтэй сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөж, амралтын өдрөө өнгөрүүллээ. Зарим дарга нар сагсан бөмбөгийн спортод тун сайн юм. Цөөн хэсэг нь бэлгэдлийн шинжтэй. Хөгжөөн дэмжигчдийн инээдийг барав. Засгийн газрын сайд нарын баг тэмцээний турш босоо байж өрсөлдөгч бүрээ ээлж дараалан ялсаар нэгдүгээр байрт шалгарсан. Багийн түлхүү тоглогч нь яах аргагүй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд байсан. Шартай ч юм. Аливаа спортын тэмцээн уралдаан хор шаргүй байвал утгагүй гэдгийг С.Батболд сайд жинхэнэ утгаар нь харуулж байлаа. Энгийн үед инээмсэглэсэн түүний төрх яг тэмцээн эхэлмэгц тэс өөр болон хувирав. Сагсан бөмбөгийн талбайд хэнийг ч үл анзааран бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаа С.Батболд сайд хожигдох тийм ч дуртай биш бололтой. Өрсөлдөгч нар нь оноо авах бүрт уурлаж, хамтрагч нараа загнана.

Тэмцээн яг иймэрхүү л маягаар өрнөдөг шүү дээ. Түүнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Ш.Занданшатар нар нэлээд  сайн тусалсан. Өөрөөр хэлбэл найдвартай холбогч нь. Ямар ч байсан гурван сайд гар нийлснийхээ ачаар тэргүүн байрыг багтаа авчирсан. Харин УИХ-ын хурлын гишүүд дэд аварга болжээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг эгнээндээ багтаасан тэд хоёрдугаар байр битгий хэл аварга ч болж болох байлаа. Л.Гүндалай, Ц.Мөнх-Оргил, Д.Батбаяр гээд л энэ багийнхан нэлээд эвсэлтэй. Гэхдээ нэг дутагдалтай тал нь багийн тоглолт тааруу юм билээ. Ийм алдаа гаргаагүй бол тэргүүн байрт орох боломж байв. Л.Гүндалай гишүүн өөрийгөө байнга тоглодог гэж магтах дуртай байдаг. Энэ нь оргүй үг биш байжээ. Тэрбээр эвсэл сайтайгаас гадна, тун хурдан хөдөлгөөнтэй юм билээ. Эцэж, цуцна гэсэн ойлголт түүнд бараг алга. Хөгжөөн дэмжигч нар түүнд “электрон жаал” гэдэг хоч хүртэл өгөөд амжсан. Харин өөрөө энэ нэрээ мэдсэн юм болов уу. Эрүүл мэндийн газрын дарга нарыг эгнээндээ багтаасан баг бас л хүчтэй. Өрсөлдөгч бүрээ сандаргаж байсан гэхэд болно. Хөгжөөн дэмжигч нар ч ихтэй. Спортын төв ордны “А” заалыг битүү дүүргэсэн хөгжөөн дэмжигч нарын бараг 80 хувь энэ багийн хөгжөөн дэмжигч гээд бод доо. Яагаад гэвэл Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй улсын эмнэлгийн дарга нар энэ багийг бүрдүүлсэн учраас хөгжөөн дэмжигч нараа авчирсан хэрэг. Үүнийхээ хүчинд гуравдугаар байрт шалгарсан. Бүр алс холын Увс аймгаас Эрүүл мэндийн газрын дарга нь нийслэл хотод хүрэлцэн ирж уг тэмцээнд оролцов. Харин яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн “Т90” баг энэ удаа сүүл мушгилаа. Уг нь ерөнхий бүрэлдэхүүнийг нь ажиглавал яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын баг тэргүүлэх магадлал өндөртэй байв. Харамсалтай нь тэднийг амралтын өдөр аз ивээсэнгүй. Дөрвөн баг оролцсон тэмцээнээс дөрөвдүгээр байрт шалгарлаа. Хожигдлын гол шалтгаан нь хувийн тоглолт. Спортын төв ордонд цугласан хүн бүр л тэднийг тэргүүлэх байх гэж ам амандаа ярьж байсан. Харин Засгийн газрын сайд нарын багийг түрүүлнэ гэж хэн ч төсөөлсөнгүй. Бараг байнга ажлын стресстэй байдаг тэд нэг өдөр сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөж шар усаа тараасан. Хэний, ямар баг, хэдэн оноогоор өрсөлдөгчөө хожих нь энд чухал биш. Хамгийн гол нь хөдөлгөөн эрүүл мэндэд хамгийн их тустай гэдгийг сайд, дарга нар өөрсдийн биеэр үлгэр дууриал үзүүлж, ард түмнээ нийтийн биеийн тамирт уриалж байгаа юм. Холын зайн шидэлтийн тэмцээнд баг бүрээс гурван тамирчин оролцсон. Энэ тэмцээнд Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар аргагүй буурь зааж түрүүлэв. Спортын байгууллагыг тэргүүлж байгаа түүнд энэ нь нэр төрийн ялалт байлаа. Ч.Наранбаатар дарга шидэх эвсэл сайтай гэж олон хүнээс магтаалын үг сонссон.

Х.Баттулга сайд 150 кг

Хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг хамгийн татсан тэмцээн нь хүчний гурван төрөлтийн хэвтээ шахалт байв. Сайд, дарга, гишүүдийн ихэнх нь үндсэн даалгавараа төвөггүйхэн биелүүлсэн.

Эхний шатаа давсны дараа бүгд захиалга өгч штанг өргөх учиртай. Хоёрдугаар шатнаас УИХ-ын гишүүн Л.Гүндалай, ЗТБХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар захиалгаа өргөж  дийлсэнгүй. Харин Х.Баттулга сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр нар эхний захиалгаа төвөггүйхэн өргөсөн. Дараачийн захиалгадаа ч нэг их түүртсэнгүй. Тэгвэл бүх зүйл гурав дахь захиалгаар шийдэгдэж, У.Хүрэлсүх дарга 125 кг-ыг өргөсөн амжилтаараа хоёрдугаар байр эзлэв. Монголын ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг сүүлийн үед их ажлын хажуугаар бодибилдингээр хичээллэх болсон гэдгийг намын зарим нөхөд нь ярьж байна билээ. Гуравдугаар байрт мэдээж арлын оронд “мэхний их дэлгүүр” хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр шалгарсан. Харин Х.Баттулга сайд захиалга бүрээ амжилттай өргөсөн. Тэрбээр хэвээ шахалтаар 150 кг-ыг өргөсөн юм. Магадгүй түүнээс ч илүүг өргөх чадал түүнд байсан биз. Гэвч цаг давчуу байсан болохоор Х.Баттулга сайдыг зогсоохоос өөр арга байгаагүй. Спортын хүн ямар байх ёстойг харуулсан гэхэд болно. Сайд, дарга нарын амралтын өдөр иймэрхүү өнгөрлөө. Аливаа спортын тэмцээн уралдааныг “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы “Тамирчны алдар” дуугүйгээр төсөөлж болохгүй. Тэрбээр энэ дуугаараа амралтын өдөр Спортын төв ордонд цугласан олны цөсийг хөөргөхөө мартсангүй.

Б.Мөнхзул
“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж