ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр түрүүлэв

Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийн 100, МАН-ын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан шатрын тэмцээн гурван өдөр үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээнийг МАН-ын удирдах зөвлөл, Монгол туургатны “Урамтай шатар” холбоотой хамтран зохион байгуулсан юм. Тэмцээн гурван ангиллаар болсон. “А” ангилалд  2100-аас дээш чансаатай шилдэг 20 шатарчин өрсөлдөж, “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клубын тамирчин ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр зургаан оноогоор түрүүлэв. Тэрбээр дэд аварга болсон Н.Баттулгатай оноо тэнцсэн ч коэффцентийн илүүгээр аваргалжээ. Ингэснээр нэг сая төгрөгийн эзэн болсон. Гуравдугаар байрт олон улсын мастер Ц.Батчулуун шалгарлаа. Харин их мастер Б.Хатарбаатар, ФИДЕ мастер Б.Гүндаваа, О.Батзориг, Н.Төвсанаа, Г.Эрдэнэ нар шилдэг наймд багтав. Шилдэг эмэгтэй 10 шатарчинг мөн л “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс”, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин, их мастер Т.Батчимэг долоон оноогоор өнгөрсөн. Удаахь байрт А.Энхтуул, Б.Ану нар шалгарлаа. Б.Баярмаа, Б.Батзаяа нар айргийн тавд шалгарсан. “С” ангилалд 130 шатарчин оюун ухаанаа уралдуулснаас Э.Энхнар түрүүлж, Д.Гандуулга, “Үндэсний шуудан” сонины дэргэдэх “Мончесс” клубын тамирчин Ц.Батсайхан нар удаалав. Шинэ он гарснаас хойш шатрын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй “Урамтай шатар” холбоо одоогоос нэг сарын өмнө Цагаан сарын угтан гурван ангилалд өндөр шагналын сантай тэмцээн зохион байгуулж, ФИДЕ мастер Д.Эрхэмбаяр түрүүлж байсан билээ. Энэ удаа ч гэсэн “Урамтай шатар”-ынхан шагналаараа улсын чанартай тэмцээний өмнө гарч чадсан. “Монгол айл, байгууллага бүр хоймортоо шатрыг дээдлэн залъя” уриан дор болсон шатрын тэмцээнийн үеэр шилдгүүдийг номинацийг шалгаруулсан.

Шилдэг дасгалжуулагч
“Мончесс” клубын дасгалжуулагч Ц.Батсайхан, олон улсын мастер Д.Жигжидсүрэн, Б.Төрмөнх

Шатарт элэгтэй удирдагч
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан

Шатрыг дэмжигч байгууллага
Өдөр тутмын “Үндэсний шуудан” сонин

Шатрын шилдэг сэтгүүлч
Л.Тогоохүү, МҮОНР-гийн спортын сэтгүүлч Д.Гэнээ

Шилдэг шатарчин
Өсвөрийн ази болон дэлхийн аварга Б.Номин-Эрдэнэ

Их мастер цолонд ойрхон шатарчин
Олон улсын мастер Ц.Батчулуун, ФИДЕ мастер Б.Гүндаваа

Ирээдүйтэй шатарчин
 н.Баясгалан. Дашрамд сонирхуулахад, түүнийг гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцох бүх зардлыг “Содмонгол” групп гаргахаар болов.

“Урамтай шатар” холбооноос зохион байгуулсан тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн ФИДЕ мастер Д.Эрхэмбаяртай цөөн хором ярилцав.

-Юуны өмнө баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцана уу?  
-Баярлалаа. Тэмцээн зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө. Өрсөлдөгч нар ч нэлээд хүчтэй байна. Бэлтгэл сайтай байгаагаа энэ тэмцээнд нотолж байна.

-“Урамтай шатар” холбооны тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Бэлтгэл хэр байв?
-Хамгийн гол нь миний хамтран бэлтгэгч сайн байсан учраас би энэ тэмцээнд түрүүлсэн гэж бодож байна. Тиймээс хамтрагч О.Батзоригтоо маш их баярлалаа гэдгээ хэлье.

-Хамгийн хүнд өргийг нэрлэвэл?
-Олон улсын мастер Ц.Батчулуунтай хийсэн өрөг маш хүнд байсан. Хожигдож болох байлаа. Харин өрсөлдөгч маань алдаа гаргаж түүнийг нь ашиглаж хожил авсандаа баяртай байна.

-Хамгийн ойрын үед оролцох тэмцээн юу байна вэ?
-Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж байна. Шатарчид үүнд оролцох гээд нэлээд сайн бэлтгэл хийж байгаа байх. Дараа нь долдугаар сард Чех улсад болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцоно гэсэн бодолтой байгаа.

Б.Мөнхзул
“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж