“Хар алт”-ны экспорт, импорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

“Хар алт”-ны экспорт, импорт өсчээ

Монгол Улсын Газрын тосны газраас  газрын тосны хайгуулын 25 талбай ялгаснаас 18-д нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Энэ салбарт гадаад дотоодын 13 компани газрын тостой холбоотой ажил эрхэлж байгаа аж. Дээрх компаниудын 33 хувь нь үндэсний, 39 хувь нь БНХАУ-ынх байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарын хайгуулын ажилд 1.5 сая долларын хөрөнгө оруулалт хийж, газрын тосны 813 цооног өрөмдөж, туршилт хийжээ.  Нийт нэг сая тонн шингэн хар “металл” олборлон, 975,6 мянган тонн бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолж, түүхий тосны борлуулалт болон бусад орлогоос 144.1 тэрбум төгрөг улсын төсөвт оруулсан гэсэн тооцоог Газрын тосны газраас гаргасан байна. Үүнээс өнгөрсөн онд 295,1 мянган тонн түүхий нефть экспортолж 57 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Тосон-Уулын газрын тосны нөөцийг 119 гаруй сая тонноор  ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгээд байгаа.  2009- 2029 онд Тосон-Уулын талбайгаас урьдчилсан байдлаар 12,6 сая тонн тос олборлож, түүхий тосны борлуулалтын орлогоос улсын төсөвт 1,6 тэрбум ам.доллар ногдох тооцоо гарсан байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын түүхий нефтийн экспортын хэмжээ нэмэгдэж, өнгөрсөн онд олборлолт 2,2 баррель буюу 294,2 мянган тоннд хүрсэн нь 2008 оныхтой харьцуулахад 1,8 дахин их өссөн үзүүлэлт аж.тэгвэл  Монгол Улс 2009 онд 779,6 мянган тонн, өнгөрсөн 2010 онд 886,4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Газрын тосны бүтээгдэх үүний нийт импортын 98,2 хувийг ОХУ-аас, нэг хувийг БНХАУ-аас 0.6 хувийг авдаг байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж